Хотын гудамжаар Э.Бат-Үүлээс цалингаа нэхсэн жолооч нар давхилдах болов. Ажил хаялт, өлсгөлөн зарлаад ч тусыг эс олох тэд энэхүү аргыг хэрэглээд үр дүнд хүрэх болов уу?

Өнгөрөгч амралтын өдрийн өглөөнөөс өнөөдрийг хүртэл "Нийслэлийн засаг даргаа нэгдүгээр улирлын зардлын санхүүжилтээ өгөөч ээ. Цалингаа тавья, Өрөө төлье" хэмээн нийтийн тээврийн жолооч нар автобусныхаа урд бичигтэй үйлчилгээнд явж байна.

Ийнхүү хотын захирагчийн хийсэн шинэчлэл "өр" дагуулсаар... "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг баталсан. Уг хөтөлбөр нь гурван үе шаттай бөгөөд 6-8 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтийн тээврийн шинэчлэлийн хөтөлбөрт Азийн хөгжлийн банкнаас 215 сая ам.долларын хөнгөлттэй зээл авсан. Нэмж Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газрын 57 сая ам.долларыг зарцуулахаар баталсан байдаг.

2014 оны наймдугаар сард шинэчлэл нэрийн дор хотын төсвөөс 1.3 тэрбум, нийтийн тээврийн өөрийн хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргаж, автобусны зогсоол дээр билет борлуулагч гаргасан. Зорчигчид тэндээс 500 төгрөгөөр билет худалдаж аваад бүхий л өдөржин тэр тасалбараараа зорчих шинэчлэл юм. Үнэндээ эдийн засаг хүнд үед энэ нь шинэчлэл биш ядарсан төсөвт дарамт болсноор чимээ намдаасан. Энэ үед буюу 10 хоногийн туршилтын хугацаанд автобус компаниудын хувьд 1,9 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, нэг тэрбум 350 сая төгрөгийн орлого олжээ. Ийнхүү 10 хоногийн туршилт аль аль талдаа алдагдалтай болсон.

2015 онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж угсраа, их, дунд багтаамжийн автобуснууд худалдан авахад 20 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөв батлуулжээ. Үүнээс угсраа автобусанд найман тэрбум төгрөг зарцуулсан. Нэг угсраа автобус нь 400 орчим сая төгрөгөөр орж ирсэн юм.

Цахим карт уншигч нь өнөөдрийг хүртэл асуудал дагуулдаг. Наад захын нэгэн жишээг татахад, автобусанд суурилуулсан карт уншигч төхөөрөмжийн үндсэн үнэ нь 1800 ам.доллар байсан гэдэг. Гэтэл дээрх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” компани нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулсан байдаг. Энэ тухай өнгөрөгч онд мөнгө хэмнэх ёстой байсанг дурдаж байсан билээ.