Увс аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажил чанаргүй, тооцоо судалгаагүй, төсвийн мөнгийг хий урсгасан ажил болж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаангомын төвд өрнөсөн бүтээн байгуулалтын зам талбай нь ус зайлуулах хоолойгүй тул иргэдэд хүндрэлтэй байгаа бөгөөд, айлын хашаа замын хажуу зэргийг сэтлэж, зам дээр тогтсон усыг зайлуулж, элстэй шороо өрөх зэрэг арга хэмжээ авч байгаа ажээ.

Үүнээс гадна аймгийн Бөхийн өргөөний ард талын талбайд улсын хөрөнгөөр хүүхэд залуучуудын усан спортын төв барих гэж байсан ч хувийн компани орон сууцны барилга барихаар зэхээд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл уг газрыг булаасан гэсэн үг юм. Ийнхүү хувийн компанид энэхүү газрыг өгсөн нь Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй холбоотой хэмээн үзэж, иргэд эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

Уг нь Бөхийн өргөөний хойно баригдах байсан усан бассейн спорт цогцолборын зураг төсөл нь 2012 оны улсын төсөвт суусан байсан ч царцаасан байгаа юм байна. Төсөвт төвлөрүүлсэн усан спортын төвийн хөрөнгө хаашаа орсон бэ гэдэг асуудал ч урган гарч байгаа юм.

Мөн үүнээс гадна Дахин шинээр тавьсан Улаангом-Үзүүрийн булаг чиглэлийн авто зам эвдэрч эхэлжээ. Улаангомын гудамж төслийн хүрээнд нийт 2.7 тэрбумаар ийнхүү зам тавьсан ч эхнээсээ эвдрэл өгсөн байгаа нь энэ. Увсын авто замын газрынхан цас арилгах нэрийдлээр зарим авто замаа зарим газарт нь цөмөртөл хусчээ.

Н.Чимэг