УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Уг хурлаар УИХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох асуудлаа хэлэлцэх бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн олонд танигдсан улс төрч, лидерүүд тус намд элсэж буйгаа зарлах ажээ.

 

Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам нь 2015 оны 5-р сард Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн бөгөөд нийт 3000 гишүүнтэй, намын анхны дарга нь Ц.Баяндалай байжээ. Уг намын ээлжит бус их хуралд СГЗ Д.Амбасэлмаа, АЖ Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, судлаач Д.Ганхуяг, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын дэд дарга Л.Цог, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй хүмүүс ирлээ.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог "Би одоогоор өөр намын гишүүнчлэлтэй байгаа. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Ер нь олон жил болсон том намуудыг шахаж гаргах цаг болсон. Улс төрийн шинэ хүчин гарч ирж байгааг дэмжиж байгаагийн хувьд энд ирсэн" гэлээ.

 

Харин тус намын дарга Г.Уянга "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нэг жилийн өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байсан. Миний бие шинэ нам байгуулахаар найз нөхдийн хамт бүртгүүлэх гээд амжилт олоогүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж заавал сонгуулийн санал хураалт болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцох хатуу хуультай болсон. Тэгээд бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Монголд 24 нам байна. Энэ дундаас Тусгаар тогтнол эв нэгдлийг намыг сонгосон. Бид улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтын цоо шинээр хийх ёстой гэдэг улс төрийн шийдэлд хүрсэн. Би намын даргаар томилогдоод найм дахь өдрөө Их хурлаа хийж байна. Өнгөрсөн 26 жил Монголчуудыг задралд хүргэсэн, эвдүүлэн бусниулсан. Үүний гол шалтгаан нь МАНАН байсан гэж хэлж болно. Бид одоо Монголыг эвлүүлнэ, нэгдүүлнэ. Гэхдээ энэ нь тамганы нэгдэл биш. Зөв хүмүүсийн нэгдэл байж Монголчуудыг эвлэрүүлэх ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.

 

 

 

Э.Сүрэн