Дэлхийн банк: Oюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана
2016/04/19
Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Тус банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийсэн юм.
Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг нь бүрдүүлсэн гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бусад хөгжиж байгаа бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс бараг хоёр гаруй дахин их үзүүлэлт гэнэ. Тэд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг харьцангуй тогтвортой байгаа хэмээн үнэлжээ. 2018 он хүртэл өсөлт ялимгүй саарна гэж таамагласнаа хуваалцав. Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн жил 6.5 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 6.3 хувь руу уруудах нь. Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлт рүү шилжиж байгаа учраас тэр гэнэ. Түрүү жил өсөлт нь 6.9 хувиар хэмжигдэж байсан урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, ирэх онд 6.5 болж саарах таамаг гарчээ. Өндөр орлоготой улсуудад эдийн засаг төдийлөн сэргэхгүй, капиталын урсгал гадагшилсан хэвээр байгаа аж. Түүхий эдийн ханшийн нөлөөллөөс гадна Америкийн бодлогын хүүгийн өөрчлөлт нэлээд бэрхшээл бий болгож байгаа гэж ноён Судир Шетти онцлов.
Хятадыг хасч тооцвол хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт түрүү жилээс яльгүй өсөлттэй байх бололтой. Ноднин 4.7 хувьтай байсан бол өнөө жил 4.8, ирэх хоёр жилд 4.9 рүү өгсөх таамаг байна. Гэхдээ Хятадтай худалдаа, санхүү, зээлийн ямар харилцаатай, түүхий эдийн экспортын хэр хамааралтайгаас шалтгаалаад улс бүрд адилгүй нөхцөл үүсэх бололтой. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин, Вьетнамын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх нь. Энэ онд гэхэд л аль аль нь зургаан хувь давсан өсөлттэй байх төлөв ажиглагджээ. Индонези ч дажгүй байна гэж Дэлхийн банк харж. Харин Ардчилсан Лаос, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг жижиг эдийн засагтай улсуудын тухайд түүхий эдийн үнийн уналт, гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна гэсэн гутранги таамаг гарчээ.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти “Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдтай суларч буй нь хөгжиж буй Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эрсдлийг нэмж байна. Бодлого боловсруулагчдын хувьд макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Энэ бүс нутгийн орнууд эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөлөө.
Олон улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүүгээр саарах төлөв ажиглагдаж байгаа нь манайх шиг түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудад өндөр эрсдэл үүсгэнэ гэж Дэлхийн банкныхан анхааруулж байв. Хятад улсын тухайд зээл олголтоо зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэх зэрэг зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна. Тус банк энэ бүсийн ихэнх орнуудад гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга батаа сайжруулбал эерэг нөхцөл үүснэ хэмээн сануулжээ.
Сингапураас мэдээлэл хийсэн Дэлхийн банкны ахлах эдийн засагчийн олон улсын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.
-Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн эрсдэлтэйг нь онцлооч гэвэл...?
-Энэ бүс глобал амаргүй орчинд харьцангуй гайгүй явж өнөөдрийг хүрлээ. Мэдээж улс бүр адилгүй. Түүхий эдийн экспортоос хамааралтай улсууд илүү хэцүү нөхцөлд байх болно. Учир нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх төлөв ойрын хоёр, гурван жилдээ харагдахгүй байна. Бүгдэд нь хамаатай нэг асуудал бий. Бүх л улс савлагаатай байгаа.
-Хятадын эдийн засагт сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эерэг хандлагууд ажиглагдах болсон. Энэ хандлага түр зуурынх уу, эсвэл цаашид үргэлжлэх төлөв үү?
-Хятадын хувьд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйлсийг шууд сэргэлт гэж хэлэх аргагүй. Гуравдугаар сард капиталын гадагшаа урсах урсгал багассан, ханш өссөн гэх мэт давуу талууд бий. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт аядуу байдлаар удааширна гэдэг л зөв хүлээлт. Хятад улс үйлдвэржилтээс үйлчилгээ рүү илүү анхаарч эхэлсэн.
-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй гэсэн яриа, таамаг бий. Ийм шийдвэр гарвал бусад улсад үзүүлэх үр нөлөө нь ямар байх бол?
-Холбооны нөөцийн банкны шийдвэрийг хэт үүрэг рольтой мэтээр харах хэрэггүй гэж бодож байна. Бодлогын хүүгээ өсгөлөө гэхэд бусад улсуудад үзүүлэх нөлөө нь хүмүүсийн хүлээж таамаглаж байгаа шиг өндөр байхгүй болов уу.
-Хятадын эрэлт өөрчлөгдөж байгаа нь аль улсад илүү нөлөөлөх бол?
-Улс орнуудын тухайд Хятадтай хамгийн уялдаатай салбар гэвэл худалдаа. Индонези, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч улсад шууд нөлөөллөө үзүүлэхээр байна. Мөн хятадууд ихээр аялдаг улсуудын аялал жуулчлалын салбарт бууралт гарах болов уу.
-Энэ он сонгуулийн жил учраас төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр хэрээр төсөв тэлэх болов уу. Эдийн засаг дэлхий даяараа хэцүүдсэн энэ үед Монголын төсвийн бодлогод ямар зөвлөмж өгөх вэ?
-Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт их хийгддэг тал анзаарагддаг. Түүхий эдийн үнийн уналтаас болж төсөв хүндэрсэн энэ үед төсвийн тэлэх бодлого явуулж болохгүй. Зарцуулалт бүрээ нарийн хянах ёстой. Гадаад орчин амаргүй байгаа ч дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүндрэлийг хохирол багатай давна.
-Эдийн засаг ийм цагт Монгол шиг онцлогтой улсууд гадаадаас хөрөнгө босгох нь хэр зөв шийдэл вэ?
-Олон улсын зах зээл рүү хандах тааламжтай үе гэж харахгүй байна.
Дэлхийн банкны эдийн засгийн тайлангийн хуралд Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн тэднээс асуусан асуултыг хариулттай нь тоймлоё.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг аварна гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт дээр байр сууриа хэлээч?
-Оюу толгойн хувьд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Монголын эдийн засгийн өмнөх том сэргэлт түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаатай. Тэр утгаараа Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлнэ.
-Ийм цагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?
-Ганц Монгол ч биш бүс нутгийн хэмжээнд анхаарахаар нийтлэг асуудлууд байна. Эдийн засгийнхаа бүтэц, засаглал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж байж эерэг нөлөө гарна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулагчид л бодлогын тогтвортой байдлыг хүсээд байгаа юм биш. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч бодлогын тогтвортой орчныг хүсч байгаа. Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах учиртай.
-Ирэх оноос “Чингис” бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Саяхан гаднаас багагүй хэмжээний мөнгийг бонд гаргаж босголоо. Монголын өрийн асуудал дээр хэлэхээр зөвлөмж байна уу?
-Өр бол төсвийн бодлогын үр дагавар. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн хууль. Гэвч хэрэгжилтэнд нь анхаарахгүй байна. Энэ хуулийг мөрдөж сахиулах хэрэгтэй. Өрийн тухайд Засгийн газрын өмнөөс ярихад хэцүү. Засгийн газрын саяхан гаднаас босгосон мөнгөний нэг хэсэг нь “Чингис” бондын эргэн төлөлтөд зарцуулагдах байх. Төсвийн ирэх хоёр жилийн орлогоос лав бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Хэрвээ хийнэ гэвэл төсвийн дийлэнх хэсэг нь бондод зарцуулагдаж таарна. Засгийн газар эргэн төлөлтдөө анхааръя гэвэл одооноос хөрөнгө санхүүгээ бэлдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газруудын тухайд өр зээлийн төлөлтөө хойшлуулдаг, дахин санхүүжилт хийдэг жишиг бий. Монгол ч тэгэх болов уу. Ер нь бол төсвийн бодлого зөв байж л асуудал эерэгээр шийдэгдэнэ. Засгийн газар бодлогын хувьд нэлээд анхаарч, зөв алхмууд хийж байгаа. Удахгүй сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн нам энэ засгийн зөв явуулж байгаа бодлогыг алдахгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-Монголын эдийн засгийн өсөлт энэ онд ямаршуу байх төлөв ажиглагдав?
-Өмнөх оны арваннэгдүгээр сард гаргасан таамаг энэ жилийн хувьд хэвээр хадгалагдана гэж үзлээ. Монголын эдийн засаг 0.7-0.8 хувиар өсөх болов уу. Өнгөрсөн зургаан сарыг аваад үзвэл эдийн засгийн гадаад орчин огцом өөрчлөгдөөгүй. Ирэх зургаа, долдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй болов уу. Оны хоёрдугаар хагаст Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд ажиглагдах байх.