Монголбанк нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах” нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монголын банкны холбооны төлөөлөгч, “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч болох, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Капитал банк, Хас банк, ХААН банкны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Монголбанк нь бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, орчин үеийн шинэ технологи ашиглан интернэтэд суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх, мөн олон нийтэд сурталчлан таниулах үүргийн хүрээнд цахим худалдааны гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулах програм, техник хангамжийг боловсруулж, банкуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн гүйлгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгоод байна.

Банк хоорондын цахим үйлчилгээг нэвтрүүлснээр цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй юм. Мөн иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө интернетээр шимтгэлгүй төлөх, иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх өргөн боломж нээгдлээ.

Банкуудын хувьд бэлэн бус төлбөр тооцооны системд төлбөрийн шинэ суваг нэмэгдсэнээр олон улсад хурдацтай хөгжиж байгаа цахим худалдааны төлбөр тооцоог иргэдэд найдвартай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. Цаашид, Монголбанк нь дэлхийн шилдэг төлбөрийн системийн технологиудыг нутагшуулахаар ажиллаж байна.