Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төрд намаа сольж нөгөө нам руу орох асуудал бол гэрлийн хурдаар шийдэгддэг асуудал болжээ. Үүний нэгэн тод жишээ нь УИХ-ын гишүүн Г.Уянга тодров. Тэрбээр Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурлаар намын дарга болсон юм.

"Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нэг жилийн өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байсан. Миний бие шинэ нам байгуулахаар найз нөхдийн хамт бүртгүүлэх гээд амжилт олоогүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж заавал сонгуулийн санал хураалт болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцох хатуу хуультай болсон. Тэгээд бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Монголд 24 нам байна. Энэ дундаас Тусгаар тогтнол эв нэгдлийг намыг сонгосон. Бид улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтын цоо шинээр хийх ёстой гэдэг улс төрийн шийдэлд хүрсэн. Би намын даргаар томилогдоод найм дахь өдрөө Их хурлаа хийж байна. Өнгөрсөн 26 жил Монголчуудыг задралд хүргэсэн, эвдүүлэн бусниулсан. Үүний гол шалтгаан нь МАНАН байсан гэж хэлж болно. Бид одоо Монголыг эвлүүлнэ, нэгдүүлнэ. Гэхдээ энэ нь тамганы нэгдэл биш. Зөв хүмүүсийн нэгдэл байж Монголчуудыг эвлэрүүлэх ёстой гэж үзэж байгаа" хэмээн өөрийн үгээ хэлсэн юм.

Тус нам нь 2015 оны тавдугаар сард Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн бөгөөд нийт 3000 гишүүнтэй, намын анхны дарга нь Ц.Баяндалай байжээ.

Ийнхүү гишүүд шинэ намд элсэж, дарга нь болж байхад намууд эвсэх асуудал ид яригдав. Гэхдээ МАХН, МАН хоёрыг эсэх талаар шуугианд дэгдсэн ч тэд шийдэлд хүрээгүй учраас татгалзсан аж.

МАН-ын IV бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэхгүй гэдгийг хэллээ. Тодруулбал эвсэхэд МАН бэлэн байсан ч МАХН-ын зүгээс асуудалд "хойрго " хандсан тул эвсэхгүй" хэмээн мэдэгдсэн юм. Хоёр намыг эвсээгүйн учгийг тайлах гэж оролдож сууна. Харин намууд сонгуулийн дараа бол эсвэх эсэх асуудлыг дорвитой ярьж болох юм гэсэн.

Нийгэм: Ерөнхий сайд галыг л намжаасан уу

Өнөөдөр УЛААНБУРХАНД дарлуулсан монгол улс болчихоод байна. Олон мянган эцэг, эхчүүд хүүхдээ халуурах болгонд л улаанбурхан тусчихсан юм биш байгаа гэж айж сууна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХӨСҮТ улаанбурханаа дийлэхгүй байгаа талаар дуугарч эхэлсэн ч цахим ертөнцөд хүчээ авч байж арай хийн Ерөнхий сайдын сонорт хүрсэн. Тэрбээр тус эмнэлэгт очиж байдалтай танилцаж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэлээ гэх мэдээлэл түгээж эхлэв. Тэгвэл энэ байдал нь зөвхөн галыг намжаасан хэрэг бололтой.

Он гарсаар улаанбурхны халдварыг даалгүй 59 хүүхэд эндсэнийг мэдээлсний дараа өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ-д ажиллаж, эмчилгээнд шаардлагатай буй ч, тасарсан дархлааны эмийг хэвийн олгохоор шийдвэрлэж өгсөн юм.

Тэгвэл байдал арай өөр байгаа талаар иргэн Г.Ганбат "Улаан бурханаар өвдсөн хүүхдүүдэд памперс их хэрэг болдог гэх юм. Үнэн бол хэдүүлээ энийг бас чадах юм биш үү. Эмч, сувилагч нарт нь хэрэгтэй ойр зуурын юмс хамт аваад маргааш очих уу?" хэмээн өөрийн цахим хуудаснаа энэ сарын 16-нд нийтэлж олныг хамгийн анх уриалсан юм. Ийнхүү тэрбээр хэсэг иргэдтэй нийлж ХӨСҮТ дээр очсон бөгөөд нөгөө памперс, кашнаас аваад очоод ирлээ. Байдал бодож, төсөөлж байснаас маш муу, бүр маш муу байна гэв.

Мөн тэрбээр "Хүүхдийн эндэгдэл зогсч саараагүй байна, өчигдөр гэхэд хоёр нялх амьтан бас л эндсэн байна. Байдал үнэхээр онцгой ч биш бүр гамшгийн хэмжээнд очоод, их удсан юм байна. 4 болон 6 давхар эмнэлгийн байрууд өвчтөнөөр дүүрсэн, сэхээн амьдруулах тасагт хүнд хүүхдүүд бас дүүрэн, эмч сувилагч нар 24 цаг хөл дээрээ, ээж аавууд хоолой нь зангирч уйлсан, маш олон төрлийн багаж хэрэгсэл, эм тариа нэн дутмаг... иймэрхүү нөхцөл байдалтай байна. Памперс, каш хэрэгтэй ч шийдэл биш байна. Маш олон зүйлс хэрэгтэй байна. Өөр шуурхай, өргөн хүрээтэй арга хэмжээ шаардлагатай байна" гэж нэн шаардлагатай байгаа зүйлсийг ийнхүү оруулж. Өөрийн найз нөхдөөсөө мөн цахим ертөнцийнхөнөөс дэмжлэг туслалцаа хүсэв. Түүнийг олон хүнд дэмжиж аль хэдийнээ хандив цуглуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д амьсгалын аппарат дутагдаагүй байгаа гэдгийг эмч нар хэллээ. Түүнчлэн хүүхдийн биеийн байдлыг хянадаг мониторыг Засгийн газраас 12 ширхэгийг суурилуулж өгсөн юм.

 

Э.Бат-Үүл та "Богд-Ар" -ын сургууль, цэцэрлэгийн эрхийг хүчингүй болгосон үйлдлээ хэрхэн тайлбарлах вэ

“Богда Холдинг” компани “Богд-Ар”-ын 7А байрыг барихдаа зоорийн давхаргүй, карказгүй барьснаас болоод барилгын суурин доогуур байнга бохир, цэвэр, халуун ус алдан улмаар хөрсөнд эвдрэл өгч суулт өгснөөс дээд талын буюу тав, зургаан давхрын айлуудын гадна, дотно хана, тааз нэвт хагарч цууралт үүссэн байдалтай байдаг хэмээн өнгөрсөн 2013 онд оршин суугчид нь гомдол гаргаж байсан билээ. Чанарын шаардлага хангаагүй бөгөөд цууралт өгч эхэлсэн уг барилгыг анх хүлээн авсан улсын комиссод нэлээд буруу бий.

Мөн явган хүн машин хоёр нэг замаар явдаг, орцноосоо гарахад автын осолд орж болзошгүй аюултай байдалтай байдаг машины зогсоолгүй зэрэг олон тулгамдсан асуудал тэнд бий. Хүчтэй газар хөдлөлтөд нурах барилгын тоонд зүй ёсоор ордог Богд-Ар хорооллынхон одоо ч гомдолтой байна.

Тодруулбал аргаа барсан иргэд “Эрхээ хамгаалья” төрийн бус байгууллагынхантай хамтран эсэргүүцэл илэрхийлж, холбогдох шат шатанд нь асуудлыг тавьж байгаа аж. Тэд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр баригдах зураг төсөл 2000 онд батлагдсан байдаг аж. Ингээд бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлсэн “Богда Холдинг” ХХК дээрх зураг төслийг зөрчин сургууль цэцэрлэгийн тохижилтыг орхигдуулчихсан байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг барих 3515 м2 талбайд орон сууц барин, айл өрхийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 1500 гаруй болгожээ. Өөрөөр хэлбэл анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв зэргийг барихаар зэхэж байжээ. Гэвч одоо аль нь байхгүй, зөвхөн ашгийн төлөө орон сууц барьсан байдаг байна.

Учрыг тайлбарлавал “Богда Холдинг” ХХК-иас 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Н.Хүрэлбаатараар хууль бус зураг төсөл батлуулж, анхны зураг төслийг хүчингүй болгуулчихсан байдаг байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Богда Холдинг” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн тус хорооллын сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрын захирамжийг хүчингүй болгожээ.

Ингээд 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар барилга барих газрын захирамж гаргасан байна. Өмнөх захирамжаа өөрчилж болдог Хотын даргыг өөрчилсөн захирамжаа буцаан хүчингүй болгохыг Богд-Ар хорооллын иргэд хүсч байгаа юм байна. Харин тэдэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.

Шорон эмч нараар дүүрч, эмнэлэг эмчгүй болох уу

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хорооноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрэх үү?” сэдэвт хэвлэлийн хурал хийн, УИХ болон байнгын хороод, Засгийн газар, ЭМСЯ, ХЗЯ-нд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заасан.

Уг заалтыг шүүмжилж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Б.Мягмар “Монголын эрүүл мэндийн салбарт хүний төлөө зүтгэж байгаа эмч нарыг ихээр бухимдуулсан хуулийг баталсан. Өнөөдөр манай эмнэлгүүд улаан бурхан өвчний дэгдэлтийн улмаас маш их ачаалалтай ажиллаж байгаа. Гэтэл ажиллах орчин нөхцөлдөө тохирохгүй хуулийг мөрдөх гэж байна” гэв.

Мөн Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Ариунаа “Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага болсон. Ард түмний амь насыг үнэгүйдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын үйлчлэгч 15 хоногт 190 мянган төгрөгийн цалин авч байна. Эмч болохын тулд 10 жил, нарийн мэргэжил эзэмшихийн тулд 15 жил сурдаг. Эмч хүн санаатай үйлдэл гаргана гэж байхгүй. Хүний амь нас минут, секундээр хэмжигддэг. Автын осол, гадны нөлөөгүй цус алдаж шоконд орсон хүн эмч нарын хамааралгүй амиа алдаж болно. Энэ бол ард иргэд, эмч нарын дунд үл ойлголцол үүсгэсэн хууль болж байна. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Монгол Улсын их эмч нар сард 3 сая төгрөгийн цалин авах хөдөлмөр эрхэлж байгаа бодит судалгаа бий. Тэр мөнгөө өгөөд эмч нартай хариуцлага тооцож болно. Харин 300-500 мянган төгрөг өгөөд хариуцлага тооцно гэвэл амьдралд нийцэхгүй. Ажлын байр, ажиллах нөхцөл, цалин мөнгө, хөдөлмөрийн үнэлэмжийг нь хангаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ шоронд явуулна гэвэл Монгол Улс үнэхээр шоронжсон орон болж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн өмгөөлөгч Э.Ганбат “Хамгийн хатуу хуультай Хятад улсын Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, ОХУ-д 4 жил байна. Гэтэл энэ улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн сайдгүй, эрүүл мэндийн даатгал менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж бид үзэж байна” гэлээ.

Ийнхүү шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин эмч нарын шаардаж буйгаар нэмэлт өөрчлөлт оруулах болов уу.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хуулийн тусгай ангийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан зүйл заалтаар эмч мэргэжилтэн эрүүгийн хариуцлагад татагддаг юм.

106.2 дахь хэсэгт эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан эсвэл өвчтөн нас барсан бол 3 хүртэлх жилийн хорих ял эдлүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дэхь зүйлд зааснаар таван жил хүртэл хорих ял эдлүүлэхээр зааснаар дээрх 106.2 дэхь хэсгээр татагдсан эмч мэргэжилтэн ихэвчлэн тэнсэн харгалзах хорих ялыг биечлэн эдэлдэггүй байв.

 

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг олсон, одоо захиалагчийг нь олох үлдлээ

 

С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 60-р зүйл улс төрийн зорилгоор аллага үйлдэх, 86-р зүйл хүнийг санаатай алах гэж давхар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр зүйлчилсэн байдаг. 62-р зүйлийг тухайн үеийн хуулиар тагнуул, 86-р зүйлийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил явуулдаг. Ийм учраас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байсан юм. Тухайн үед энэ хэргийг гэрчээр талийгаачийн эхнэр Б.Булганыг татаж тайлбар авсан байдаг. Харин өнөөдөр түүнийг сэжигтнээр татаад байгаа ажээ.

18 жилийн өмнө гарсан гэрчтэй хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй зарим нэгний УИХ гишүүн болох “гүүр” болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ хэргээр УИХ-ын зарим нэг гишүүн ташаа мэдээлэл тарааж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байж болзошгүй юм. Тодруулбал Б.Булганыг саатуулсан сургаар төрсөн дүү нь, УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл гээд нөлөө бүхий эрхмүүд санаа тавьж байгаа. Хамгийн сүүлийн жишээг татья. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Төв аймгийн цагдан хорих төвд нөхцөл байдалтай танилцана гэж ирээд “Булгантай л уулзуулахгүй бол ажил байдлын үнэлгээн дээр чинь муу дүн тавилаа” гэх мэтчилэнгээр дарамталж, хөлөө жийн газар сууж байсан. Ингэж “эрхээрээ хатах” шалтгаан Ц.Оюунгэрэл гишүүнд байсан уу. Олон эрчүүдийн дунд Б.Булган л ганц эмэгтэй босч, сууж чадахгүй эрх нь зөрчигдөөд байна л гэсэн. Ээж нь охинтойгоо уулзах гээд эргүүлдээд дийлэхгүй нь эх хүний эрхийг зөрчлөө л гэсэн. Байцаалт авахгүй байж бариад байна суллаадах гээд нийгэмд өгөх сөрөг мэссэжүүдийг ар араас нь чулуудсан. Мэдээж Б.Булган шоронд байх нь өнөөдрийг хүртэл хэн нэгэн улстөрчид аюултай байсан хэвээр.Өөрийг нь ам нээвэл тэд сүйрнэ гэдгийг Б.Булган ч мэдэж байгаа байх. Энэ мэтээр С.Зориг агсны амь үрэгдсэн хэрэгт хөндлөнгийн нөлөө их байгаа.

Өнөөдөр хэргийн талаар төрийн нууц хэмээн тас нууцалж байгаа. Харин хэргийн талаарх зарим нууц мэдээлэл хэдийнээ ил болоод байна. Б.Булганы сонгосон өмгөөлөгчийг байлцуулан хэргийн байцаалт явуулж, зориод ирсэн хүнийг уулзуулж, хэрэгтэй гэснийг нь дөхүүлж байдлыг харалдаа камер, хажуугийн өрөөнийхөн, харгалзагч хуягууд гэрчилдэг. Харин ээж нь нэг ч удаа ирээгүй. Уулзах хүсэлт гаргаагүй ажээ. Ц.Оюунгэрэл гишүүний хэлсэнчлэн бөөн харчуулын дунд Б.Булган хаалт хамгаалалтгүй байгаа гэсэн нь ташаа мэдээлэл ажээ. Тодруулбал Б.Булган халуун ус, 00-той, тусгаарлагдсан өрөөнд байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй “Уйдаж үхлээ ном авчир. Би зөвхөн орос хэл дээрх ном л уншдаг. Засангийн хоол таалагдахгүй байна” гэх мэтээр санал хүсэлтээ байнга хэлдэг тул харгалзагч хуягууд орос ном, “хүн шиг хоол” өгч байгаа гэх.

Б.Булганыг саатуулдаг өдөр энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй 2-3 хүнийг саатуулсан байдаг. Тэдгээр хүмүүс нь С.Зориг агсныг хөнөөсөн нь тогтоогдсон бөгөөд захиалагчаа хэлэхгүй байгаа гэх. Эх сурвалжийн мэдээлснээр С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүс нь нэр бүхий улстөрч агсны малчид байсан А.Г, н.С нарыг саатуулсан бөгөөд тэднийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй мөн тэдэнтэй хамт Ш.Отгонбилэгийн малыг хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон байна. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч УИХ-ын гишүүдийг ирэх бүрт өөрчлөгдөөд байгаа аж.

Юутай ч хэрэг илрэх нь илрэх юм шиг байна. Одоо харин захиалагчийг нь олох хэрэгтэй биз. Тэрнээс наана улс төрчид энэ хэрэгт хошуу, хуруугаа нэмэхгүй хууль, шүүхийнхэнд нөлөөлөхгүй байвал хэрэг хурдан илрэх бизээ.

 

АСЕМ-ын бэлтгэл хийхийн тулд Туул голын урсгалыг боож, хиймэл цөөрөм хийж байна

Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх долдугаар сард хийх гэж байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан байдаг бөгөөд өнөө жил “АСЕМ”-ын 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог жил юм байна. Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц юм.

Өөрөөр хэлбэл үүнд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакс­тан, Монгол, Норвеги, ОХУ, Па­кистан, Хорват, Швейцар, Шинэ Зе­ланд, Энэтхэг, Япон болон Ев­ропын комисс, АСЕАН-ы Нарийн бич­гийн даргын газар зэрэг нийт 53 гишүүн хамрагддаг. Тиймдээ ч өмнөх жилүүдэд уг уулзалтыг нийгэм эдийн засгийн хувьд нэлээд хөгжсөн улс орнууд зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Харин эдийн засгийн хямрал, сонгуулийн жилтэй давхцуулан манайх зохион байгуулах гэж байгаа нь нийгэм эдийн засгийн хувьд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

Тиймдээ ч АСЕМ-ын үеэр иргэдийг хөдөө явж, амрахыг Засгийн газраас уриалж буй. Шуудхан хэлэхэд АСЕМ-д оролцох өндөр албан тушаалтнууд болон холбогдох хүмүүсээс бусад нь гадны зочдын нүдэнд үзэгдэхгүй, машин техниктэйгээ хотын замаар явахгүй байхыг эртнээс сануулсаар байгаа. Ингэхийн тулд уулзалтын үеэр бүх ажилчдыг амраана, албан байгууллагууд, худалдааны төвүүдийг ажиллуулахгүй гэдэг дүрэм гаргасан аж. Тэгэхээр хөдөө явж чадаагүй нь гэрээсээ цухуйхгүй бөгөөд яадаг ч байсан гадны хүмүүст харагдаж болохгүй байх нь байна.

Өөрөөр хэлбэл Монголд явж буй авто машин болон иргэдийнхээ өнгө төрх ядуу байдлаас манай төрийн эрх баригчид ичиж байгаа нь энэ ажээ. Уг нь бусад улс орнууд нэлээд хөгжингүй болоод, иргэдээсээ ичихээ болсон үедээ энэ төрлийн томоохон уулзалтыг зохион байгуулдаг юм билээ. Гэтэл манайх хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгч болж байгаа нь энэ.

Үүнээс гадна хамгийн тулгамдсан асуудал бол уулзалтын үеэр ирэх 4500 гаруй зочид төлөөлөгчийг байрлуулах зочид буудал болоод байна. Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын ихэнх нь чанар стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд хүрэлцэхгүй учир АСЕМ-д зориулж Богд уулын ар энгэрт “АСЕМ вилла” хэмээх хотхон барьжээ. Одоогийн байдлаар энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажил эхэлсэн байна.

Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд одоогоор суурь хундамыг нь цутгаж, өргөгчөө босгожээ. Ингэхдээ шороо овоолж, Туул голын урсгалыг нь өөр тийш сарниулж, буцааж урсгасан байна. Мөн нэг салаанаас нь шинээр барьсан хотхоныхоо урд цөөрөм байгуулахаар ус татжээ. Өөрөөр хэлбэл “”Асем Вилла” хотхон буюу Sky resort -ын харалдаах хэсгээс доош Туул гол огт урсгалгүй болсон бөгөөд хайрга чулуу хог шороо л үлдсэн байна. Товчхондоо бол “АСЕМ”-ын бэлтгэл хийж буй нөхөд энд Туул голоор тоглоод байна гэсэн үг. Хуучин гол урсаж байсан хэсэгт машин зам хүртэл гаргаад чөлөөтэй зорчицгоож байна лээ. Нэгийг бүтээхийн тулд нөгөөг сүйтгэдэг Монголчуудын зан гэж энэ байх. Шугам тавих ажил хэзээ дуусна тэр цагт л Туул гол урсах нь байна. Хамгийн харамсалтай нь Туул голоос ундаалдаг мал амьтан үхэх, загас жараахай хорогдох зэрэг нэлээдгүй хохирол гарч байгаа нь дамжиггүй ээ.

 

Эдийн засаг: Малын тоо өссөн ч махны экспорт буурчээ

Мал төлөлтийн урьдчилсан дүнгээр энэ жил манай улсын мал сүргийн нийт дүн 60 сая толгойд хүрэх төлөвтэй байгаа. Ийнхүү малын тоо өссөн байтал экспортын дүн буурсан байна. Үүний шалтгааныг манай улсад мал эмнэлэг, эрүүл ахуйн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн горим хэрэгжээгүй гэж тайлбарлаж байгаа. Энэ жил их хэмжээгээр мах экспортлоно гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа ч бодит байдал дээр хангалтгүй байгааг аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаныхан хэлж байна. Мах экспортлох зөвшөөрөлтэй компаниуд тогтмол мах нийлүүлэх боломж хязгаарлагдмал байгааг ч хэлсэн юм.

Энэ жил их хэмжээгээр мах экспортлоно гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа ч бодит байдал дээр хангалтгүй байгааг аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаныхан хэлж байна.

ХХААЯ-наас оны эхний хагаст 64 мянган тонн мах экспортлох боломжтой гэж мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар 900 орчим тонн мах гаргаад байна. Экспортлосон махны 90 орчим хувийг адууны мах эзэлж байгааг салбарын яам мэдээлж байгаа юм. Махаа гадаад зах зээлд нийлүүлэх өргөн боломж нээгдэж байгаа ч бид яагаад ашиглаж чадахгүй байна вэ. Энэ талаар МХЕГ-ын ахлах мэргэжилтэн С.Нямдорж “БНХАУ-ын Чанар, хорио цээрийн газарт бүртгэлтэй 10 гаруй компани байна. Вьетнам улс руу мах экспортлох зөвшөөрөлтэй найман компани байна. Гаднын орнууд махыг манайх шиг өвөл нь аваад зун нь мах худалдан авдаггүй явдлыг зөвшөөрдөггүй. Махны үйлдвэрийг байнгын ажиллагаатай байлгах хэрэгтэй гэж үздэг” хэмээв.

ХХААЯ-наас оны эхний хагаст 64 мянган тонн мах экспортлох боломжтой гэж мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар 900 орчим тонн мах гаргаад байна.

Зөвхөн өмнөд хөршид мах нийлүүлэх 10 гаруй компани байгаа ч импортлогч орны шаардлагыг хангахгүй байна. Цаашид бид эрчимжсэн мал аж ахуй руу орохоос өөр сонголт үлдсэнгүй. Махны чиглэлийн төрөлжсөн аж үйлдвэрийн парк байгуулах юм бол хятад улс үхрийн мах худалдан авах сонирхол байдаг. Аж ахуйн парк байгуулах талаар АНУ-ын томоохон пүүс компаниуд дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч хэлж байсан юм. Энэ жил манай улс махаа нөөцөлсөн ч юм байхгүй экспортлосон ч зүйлгүй 60 сая толгой малтайгаа зуншихаар болж байна.

Спорт: Н.Түвшинбаяр анх удаа Азийн аваргын алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн хошой медальт, Инчёны Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Узекстаны бөхтэй барилдан анх удаагаа Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Соиб Курбоновтой шигшээд учраа таарч танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд барилдаж, үндсэн цаг хоёр, хоёр торгуультай өндөрлөж нэмэлт цагт Н.Түвшинбаяр аварга илүү байж өрсөлдөгчөө торгуулиар яллаа.

Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 78 кгд барилдсан П.Лхамдэгд, О.Жавзмаа нар хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар байр эзэллээ. Түүнчлэн О.Ууганбаатар тавдугаар байр, эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Наранжаргал мөн тавдугаар байр эзлээд байна. Ингэснээр Монголын баг 4 алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, таван шагналт V байрын амжилт үзүүлсэн юм.