"Хөх толбо" сонингийн ерөнхий эрхлэгч Б. Эрдэнэбаатарын "Фрийдландад булаалгасан бор овоогийн задгай буюу суварганы улс төрийн далд нууцаас" өгүүллийг "Хөх толбо" сонины энэ оны 19-р дугаараас уншиж зарим нэгэн санал хэлсү!
Уул өгүүлэл нь тун цаг үеэ олсон бас Монголын ард түмэнд сэрэмжтэй байхыг анхааруулсан өгүүлэл болжээ. Зохиогч шашин бол агуу их залилан мэхлэлт, төөрөгдлийн үндэс гэсэн тун зөв зүйтэй гаргалга гаргажээ. Дэлхийн олон шашины түүхийг сонирхвол дэлхийд гарсан дайн тулаан, аллага хядлага бүхэн шашинтай холбоотой гарч байжээ. 
 
Европ тивийг хамарсан ёрын олон дайн, загалмайтны олон аян, аялал, мусилмаануудын дайн бүгд шашинтай, шашны элдэв оролцоотой гарчээ. Дэлхий даяар энэ тэнд гарч байгаа лалын ариун гэгдэх дайнч лалын шашины элдэв урсгал, бүлэглэлтэй дэлхийн терроризм бас л Шашинтай холбоотой гарч байна. Монголд ардчиллын жилүүдэд сүүлчийн 20 гаруй жил шарын шашныг төрийн болгон зарлан мандуулснаар Монгол улс өөрийн хөгжил, дэвшилд юу олов, шинэ юм юу гарав гэдгийг хүн бүр эрүүл ухаанаар бодох цаг нэгэнт болжээ.
 
Монголын хөгжилд бурханы шашны оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар сүүлийн жилүүдэд хэт магтах нь арай хэтэрч, хүн үнэмшихүйд бэрх зүйлийг бичих, хэлэх ярих боллоо. Буддын гүн ухаан бурханы шашин хоёр дотроо хоёр том өөр ойлголт юмдаг. Одоо ямар нэгэн хурал цуглаан, баяр наадам хийвэл заавал хэдэн лам нар урьж, утаа баагуулан бидний үл мэдэх хэлээр юуг ч юм дүнгэнүүлэх нь хэв жаяг мэт боллоо.
 
Шарын шашныг шинжлэх ухааны ямар нэгэн баримжаа чиглэл өгөлгүйгээр дураар тавьсаны улмаас Монголын 1921 оноос хойш олсон орчин үеийн соёл, шинжлэх ухааны ололт, түвшинд мэдэгдэхүйц цохилт, ухралт болсон. Ламд очиж юм асууж өргөл барьц өгдөггүй хүн бараг үгүй болж оюутан хүн шалгалтаа амжилттай өгөх, хань нөхөртөй болох, гэр бүл аз жаргалтай байх, өвчин зовлонгүй байх, бүгдийг ламаар заалгаж байна.
 
Энэ бүхний сайн сайхан байхын гол үндэс бол хөдөлмөр, хүний өөрийн хүчин зүтгэл шүү дээ! Лам нарын өөрсдийн амьдралын хэв маяг бол хөдөлмөр хийхгүй, хөнгөн аргаар амьдрах, мөнгө олох юм. Энэ нь угаасаа хөдөлмөрлөх, юм бүтээх дургүй монголчуудад бүр залхуу болоход лут нөлөөлөж байна. Шашин Монгол хүний зөв үзэлтэй тархийг буруу тийш хөтлөн угааж ихээхэн хохирол учруулж байна.
 
Дэлхийн нэрт ухаантнууд, эрдэмтэд шашны хор холбогдлыг судлан бичиж "Шашин бол хүн төрлөхтний оюун ухааны хар тамхи" гэсэн нь бий. К.Маркс гэх сод ухаантны нээсэн эдийн засгийн онол, нэмүү өртгийн хуулийг одоо болтол үндэс болгон хөгжсөн, хөгжиж буй орнууд дэлхийд цөөнгүй байна. Гэтэл түүний "Капитал" хэмээх алдартай бүтээлийг унших нь битгий хэл нүдэндээ хараагүй хүмүүс Монголд шүүмжлэн харааж "Маркс" марксизмтай холбоотой юм бүхнийг муулах дон сүүлчийн 20 жил газар авлаа.
 
Сүүлдээ бүр гаарч, урлагийн бүтээлүүд, хөшөө дурсгалыг буулгаж нурааж тоглодог боллоо. Өөрсдөө шашин шүтдэг, өөрсдөө лам хүн дэлхийн шинжлэх ухаанд олон шинэ нээлт хийсэн байдаг. Лам Мендель (Чехийн) дэлхийд удамшлын хуулийг, христийн шашинтан оросын И.Павлов болзолт рефлексийн хууль, лам Архимандрит Паллади (Кафаров) Монголын нууц товчоог хятад галигаас олж, орчуулсан, католик шашны лам их эрдэмтэн А.Мостаэрт Монгол судлал, Монголын нууц товчооны судлалаар дэлхийд нээлт хийжээ.
 
Эрдэм судлалын ажлыг тууштай хийж байгаа Монгол лам одоо хир олон билээ. Өөрийн шашнаа хүндлүүлэх, зөв сурталчлах талаар Монголын лам нар огтхон ч анхаарахгүйгээс, христ мэтийн дэлхийн олон шашин Монголд газар авч дэлгэрч Монгол түмний толгойг, ухааныг самууруулах болов. 2012 онд философи, социологийн хүрээлэнгийн судалгаагаар шашин шүтлэгтэй хүн амын 86,2 хувь нь буддын, 4,9 хувь нь исламын, 3,5 хувь нь христийн, 4,7 хувь нь бөө мөргөлийн, 0,6 хувь нь өөр бусад шашинтай байжээ.
 
18-24 насныханд буддын 56,5, христийн 12,3 , исламын 1,0, бөө мөргөлийн шашинтай 15,9хувьтай байжээ. Гадаадын элдэв байгууллага, шашныг зохицуулах төрийн бодлого хуульгүй Монголд дэлхийн хамгийн харгис шашны урсгал ч орж ирсэн, Монголын шашны данхар толгойтой байгууллагууд энэ талаар анхаардаг уу? Монголын сум бүрт, аймаг, төв орон, том хотуудад хичнээн сүм, хийд байна вэ? Лавтайяа мянга их хол давсан биз, энэ талаар статистикийн мэдээлэл бий билүү? Арваад жилийн өмнө 600 гаруй сүмтэй 4000 орчим ламтай гэсэн мэдээлэл хэвлэгдсэн.
 
Монголын дэргэдээ хамгийн наад зах нь архинаас гаргах үйл явуулдаг газартай сүм хийд байна уу! Нэг ч байхгүй, гэтэл Христийн Монголд байгаа сүм бүр ийм газартай, бас ядуу зүдүү, өвчин зовлонтой хүмүүстэй ажилладаг хэсгүүдтэй ажээ. Сэтгүүлч Б. Эрдэнэбаатар Монголын манж нартай тэмцэх тэмцэгчид төрж болох газар суврага босгодог байсныг 100 гаруй жилийн өмнө Өвөр Монголын хорчины их талын бөө вангийн хошуунд шонхорын ууланд хошууны сүлд хийморийг үеийн үед нам дарах 13 үетэй алтан суваргыг Бээжингийн төр засгаас бариулсныг дурьдсан бол олон судлаачдын бүтээсэн "Тэнгэр Монгол газар"( 2012) таван боть бүтээлийг 5 дугаар ботид, 96-97-р хуудаснаа Амарбаясгалант хийдийн тухай бичсэнээс үзвэл Манжийн Энх-Амгалан хаанаас Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын хойтын буянд зориулан баригдсан хийд ажээ.
 
Манжийн хааны зарлигаар ирсэн газар шинжээчид Өүлэн эхийг онголсон ариун догшин энэ газарыг хайж олоод Амарбаясгалант гэх энэ хийдийг бариулжээ. Хийдийг хятад боолуудын цус ясаар босгож, хар тийрэнгээр хүчээ авсан лам нарыг төвд лам хэмээн ирүүлж тэд нар Монголчуудыг эхээс буюу эх ундрагаас нь салгаж, босоо заяа нь доройтуулахыг зорьж үйл ажиллагаа явуулжээ" гэжээ.
 
Энэ хоёр мэдээ юуг өгүүлнэ вэ? Манжийн дарлалд Монголчуудын орсон цагааас шашин манжийн эзэн хаанд тууштай туслан Монголчуудыг шар, улааны шашинтан болгон тэмцэлдүүлсэн цөөнгүй халуун эх орончид Цогт хунтайж зэргийн хүмүүс нутаг хотлоороо хүний нутаг руу хөөгдөн гарсан түүх бий.
 
Монголд ардын хувьсгал 1921 онд ялж шинэ соёл, боловсрол, шинжлэх ухаанч эмнэлгийг үүсгэн хөгжүүлэх үед сүсэг бишрэлтэй, хоцрогдсон ард олныг хууран мэхэлж эсэргүү бослого, үймээн гаргах, цуу дэгдээхэд лам нар тэргүүлэн орж байсныг түүхэн баримт хэлээд байна. Монголын түүхийг дуртай бүхэн нь өөрийнхөө дураар сараачих болсон одоо цагт зарим хүмүүс хэт магтаад байгаа шиг шарын шашин, лам хоёр энхийн цагаан тагтаа байгаагүй бололтой.
 
Монголд сүм барих, суварга босгох, бурхан бүтээх, учир үл мэдэгдэх бурхан багшийн шүд, ясыг залах зэрэгт хичнээн мөнгө гаргаж, цаг үрж байна вэ? Хэн мөнгө гаргах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол ард түмний мөнгө шүү дээ. Үүний оронд нэг цэцэрлэг, сургууль, эмнэлэг байгуулбал бидний амьдралд хэрэгтэй шүү дээ. Үүнийг бичиж Монголд шашныг хэрэггүй, устгая гэж уриалан дуудаж байгаа юм биш, юм үнэнээрээ сайхан гэдэг.
 
Шашны нөлөө ихсэж, нийгэм хүн бүрийн мэдэж байх шинжлэх ухааны ердийн мэдлэг буурсан газар элдэв домч, тааварч, зөнч гэх мэтийн ихэвчлэн мэдрэлийн солиотой хүмүүсийн тоо шууд шүтэлцээтэй нэмэгддэг. Ертөнц сөнөнө гэсэн цуурхалыг хамгийн их сурталчлан бичсэн, телевизээр нэвтрүүлсэн улс бол Орос, Монгол хоёр байжээ.
 
Дэлхийн зарим орон энэ тухай урьдчилан санамж ард түмэндээ гаргаж төрийн удирдлагууд нь ард түмэндээ амгалан тайван байхыг уриалж байсан байх юм. Манайд цуурхалыг хөөргөн Оюунгэрэл гэдэг авгай гадаадаас оруулж ирсэн лаагаа зарж амжиж сүүлд нь ард түмнээс уучлалт гуйлаа гээд нийгэмд учруулсан хохирлынхоо талаар ямар ч зэмлэлгүй өнгөрсөн.
 
Бас өөрийгөө Улаанбаатар хотыг газар хөдлөлөөс хотын дөрвөн уулын орой дээр бөөлж сэргийлж чадсан гэх богино хугацаанд 120 ном бичиж нэг номоо нэг сая төгрөгөөр телевизээр дуудлага худалдаа хийдэг Саранцэцэг (нэрийг мэдэхгүй) гэдэг хөдөө аж ахуйн инженер бий. Эдгээр хүмүүсийг телевизээр удаа дараа яриулан сурталчилдаг нь телевизэд мөнгө л хэрэгтэй болохоос бус эцсийн хор нөлөө, үр дүн юу болох огт хамаагүй ажээ.
 
Бид үзмэрч Дашцэрэн өөрөөсөө гал гаргагч Өнөрмаа, алтан цөгцөний эзэн, бурханаар бөөлждөг шидтэн г.м. ер хичнээн зальтангуудад хууртан цэвэр тавиулавдаа. Монголчууд бид яасан хууртагдаж, мэхлэгдэж хаширдаггүй ард түмэн бэ? Сүүлчийн хэдхэн жилд Монгол хичнээн бөөтэй боловдоо. Монголд бөө, удган, улаач гэгдэх хүн нэн олширч "айл бүрээс бөө төрөх ёстой" гэсэн цуурхал газар авч байна шүү. Энэ бол шашны хортой нөлөөний зөвхөн нэрхэн хэсэг.
 
Нэг дунд сургуулийн нэг ангид есөн бөө хүүхэд байж багшийгаа айлгадаг тухай хэвлэлд мэдээлсэн. Бөө, удган хэмээх бөөлж хүний эрүүл мэндийг удаа дараа хохироосон, хүн түлсэн, хүний амь егүүтгэсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Зайнаас эмчлэгч, эрчим( энергээр)-ээр эмчлэгч бариач гэж өөрийгөө зарлан хүний өвчин зовлонгоор тоглон баяжигчид борооны дараахи мөөг шиг олшрох ажээ.
 
Монголд эндвэл эмч алсан, эдгээвэл лам эдгээсэн гэх үзэл хандлага гарч эрүүлийг хамгаалах, эмч нар руу дайрах, доромжлох явдал аль хэдийнээ газар авлаа. Монголчууд бид өөрийн эрүүл мэндэд огт анхаарахгүй наадам цэнгэл, архи дарс, хурдан морины уралдаанаар алтан цагаа өнгөрөөн өвдсөн хойноо, орсон борооны хойноос цув өмсөх болжээ.
 
Ерөөс ажил хийхдээ наазгай, цаг гэдгийн үнийг мэдэхгүй монолчууд бидэнд тохирсон нэгэн ёслол манайд үндэсний бөхийн барилдаан гэж ажилгүй хүмүүсийн нэгэн хөгжөөн хэдэн цаг өдөр түүнийг үзэн шагширч ажлаа алдаж байна даа. Би шарын шашиныг хүндэтгэн үздэг эрдэмтний хувьд шашнаа хүн ардын аж амьдралд, улсын хөгжилд тустай үйл хийж орчин үеийн шинжлэх ухааны дэвшилттэй зэрэгцэн хөгжиж, боловсронгуй болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ хүсч байдаг нэгэн. Үүний тул юу хийх вэ? 
 
Нэгдүгээрт шашны сургуулийн сургалт, лам нарын боловсролын асуудалд анхааръя! Манай шашин өөр урд өмнө дуулж байгаагүй гадны бусад олон шашинд идэгдэж байр сууриа алдсаар байна. Манай дээд эрдэмт ламтан, шашны зүтгэлтэн нар энэ талаар даанч юм хийхгүй байна даа. Ер нь шашны дээд, дунд сургууль боловсролын яамны харьяа байдаг уу? Элсэлтийн шалгалт гэж авдаг уу? Дэлхийн боловсролын одоогийн тогтолцоотой харьцуулахад шашны сургуулиар боловсрол ологсдын мэдлэгийн түвшин ямар байна вэ? Манай шашны сургуулийн сурагчдаас дэлхийд үгүй юм гэхэд Монголд зохиогдож байгаа математик болон бусад олон олимпиад тэмцээнд хэдэн хүүхэд сүүлчийн жилүүдэд оролцож байр эзлэв.
 
Лам нарыг өндөр боловсролтой байхыг орчин цаг шаардаж байна. Манай лам нарт компьютерийн боловсрол, интернет ашиглах, гадаад олон хэлний мэдлэгийг эзэмшүүлэх талаар тогтолцоотой бодлого хэрэгтэй байна. Боловсрол, мэдлэгийн түвшин өндөр байх нь орчин үеийн хүн бүрийн хэвийн үйлдэл мөн. Манай улсад бурханч лам Г.Пүрэвбат шиг ард олноо соён гэгээрүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэсэн, олон гадаад хэлтэй, өндөр боловсролтой, энэрэнгүй сэтгэлтэн ойрын жилүүдэд төрөх болов уу? Энэ эрдэмтэн зон олонд хэрэгтэй 36 цуврал бүтээл турвиж буй бөгөөд эхний ботиудыг уншигч бид нар хүлээн авсан.
 
Лам Г.Пүрэвбатын туурвисан "Их монголын суврага" номын уншаад суврага гэдэг зүйлийг мөнгөтөй нэг банди хаа хамаагүй босгодог зүйл бишийг ойлголоо. Лам Пүрэвбатын их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн "бошгууд" (2010) "шагжаан чадагч бурханы их намтар" (2006) "Богдын ном цагаан лянхуа" (2005) "Бодь мөрийн зэрэг" (орчуулга) зэрэг бүтээлүүдтэй уншигч бид танилцсан бөлгөө. Улсын хэмжээгээр лам нарыг бэлтгэж байгаа бүх сургуулиудад сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болмоор байна. Манай лам нарын боловсрол доогуур байна.
 
 Хоёрдугаарт, манай шашинд хамгийн эхэнд хиймээр өөрчлөлт бол ном, уншлага, сургаалыг эх хэлээр, монгол хэлээр явуулдаг болмоор байна. Хэрвээ бурханы номыг орчин үетэй холбож Монгол хэлээр уншвал монгол хүнд итгэгдэх ойлгогдох нэн сайн байхсан. Уншлага, айлтгалыг жишээлбэл Монгол эх орныхоо тухай, байгаль орчныг хамгаалах, хүн хүнээ хүндлэх, хайрлах, гэх мэт сайхан шүлэг,сургаалаар эхлүүлэн явуулж байвал мэдэхгүй хэлээр ном дүнгэнүүлснээс нэн илүү өгөөжтөй болно. Ном уншиж эхлэхдээ жишээлбэл эх оронч үзлийг төлөвшүүлэх, сурталчлах болвоос:
Аргалын утаа үнэртсэн Монгол гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж санадаг Эсвэл
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг гэх мэт
 
Монголын ард түмэн, зохиолчдын зохиол бүтээлээс оруулсан уншлагаар эхэлж олон түмнийг сэнхрүүлэх, ер нь уншлагын ном хэвлүүлж хүмүүсийг дагаж уншуулдаг болгох ажлыг хиймээр юм. Бас нэр хүндтэй лам хуврагуудаар сэдэв сэдвээр лекц залуучууд өргөн олон түмэнд уншуулах зэрэг ажлыг зохиовол манай шашны нэр хүнд, хөгжилд ямар нэгэн тус нэмэр болно доо.
 
Одоо манайд гаднаас орж ирж байгаа шашнууд өөрсдийн номлол сургаалыг Монгол хэлээр хэвлүүлэн уншуулж, тараан бас хүнд хэрэг болох зөвлөгөөн өгдөг учраас түргэн хугацаанд газар авч байна. Энэ байдлаас манай бурханы шашинтан тун эгзэгтэй дүгнэлт хиймээр юм. Лам нарын хүнд өгдөг зөвлөгөөн, сургамж амьдрал ахуйд нийцэх, өргөн олонд ойлгомжтой байх талаар нэн дутагдалтай байна, Олон жишээ дурдаж болох авч ганц нэгэн үнэн болсон явдлыг чухамдаа би өөрийн нүдээр үзэж мэдэх зүйлээ дурдья.
 
Зун долдугаар сард Өвөрхангай аймгийн Уянга суманд нэгэн талийгаачийг 14 хоног гэрт байлгав. Зун суманд хөргөгч байхгүй, оршуулахад нь хангай нурууны арц , жаахан ч гэсэн үнэрийг дарав гэж ажил, явдалд нь оролцсон нэгэн надад ярилаа. Мөн нөгөө талаас 14 хоног ар гэрийнхэн нь хүн хооллох, ундлах маш их ажил гарсан гэж байсан.
 
Мөн Улаанбаатар хотод өвлийн ид есийн хүйтэн 1-р сард шөнө гурван цагт оршуулга хий хэмээж талийгаачийг нутаглуулав. Шөнө харанхуйд машины хэдэн гэрэл асаан газар тачигнуулан өглөө 6.00 цагт оршуулага дуусав. Талийгаачийн оршуулгад орсон хүмүүсийг хооллох гэсэн нь нэг ч гуанз, ресторан өглөө 6.00 цагт40-50 хүн хүлээн авах бололцоогүй байдаг юм байна.
 
Тэр хүмүүсээс уучлал гуйгаад 10 цагт ирээч гэсэнд ирэх хүн бараг байхгүй, нөгөө захиалсан бүх зүйлийн мөнгийг талийгаачийнхан төлөх жишээтэй. Саяхан миний сайн таних хамт ажиллаж байсан нэгэн инженер эх хүн залуугаараа насан эцэслэв. Америкт сурдаг хоёр хүүхэд нь эхийгээ оршуулахаар Монголд ирэв. Хоёр хүүхдийг нь оршуулгын ёслолд оролцож болохгүй гэж лам айлтгаад хоёр хүүхэд ажил явдалд нь явсангүй.
 
Эхийгээ яаж оршуулсан, хэн хэн оролцсон зэргийг лав мэдсэнгүй, хоёр уйлсан хүн байгаад гадаад орондоо эргэж явлаа. Ер нь бурханы шашинд бүх юмыг засаж залруулж болдог бас явдал суудлыг тааруулдаг тухай боловсролтой лам нар ярих юм билээ. Талийгаач нарын алтан хайрцаг нээх гэж нэгэн ажил болдог, хэд хэдэн ламаас асуухад оршуулах газар, зүг чиг хийх үйлдэл нь тун ялгаатай хэлдэг, уул нь ямар ч асан баримжаа баймаар юм. Лам үзээд оршуулгад эмэгтэйчүүдийг оролцуулахгүй гэдэг хачин ёс миний оролцсон хэд хэдэн ёслолд тохиолдов.
 
Насаараа тоонотой гэрт толгой холбож, тогоотой шөлөнд хушуу холбож байсан амьдралын хань, гэргий нь явж чадахгүй ажээ. Лам нар жендерийн хэмээх том асуудал дэлхийд байдгийг мэддэг болов уу? Мөн лам нар бүрлээчийг ил оршуул гэж байгаль орчныг бохирдуулах болов. Талийгаачийн үр хүүхэд, ах дүү нарт, ил оршуулахгүй бол та нарт сөрөг муу юм, өвчин зовлон тохиолдох юм байна гэж сэтгэлийн цочролд оруулдаг ажээ.
 
Монгол хүний боловсрол хэчнээн ядуурч байна. Боловсролгүйгээр хөгжихгүй нь мэдээж, Сүүлчиин 20 гаруй жил Nерко хэвлэлээс гаргасан "Шинжлэх ухааны товч түүх" номоос өөр шинжлэх ухааныг тайлбарласан ном гарсангүй. Сүүлчийн жилүүдэд уул, овоо-ны тахилга нэртэй зүйл баг, сум, аймаг бүрт хийх болж үүнээс байгаль сүйдэж хог новш тэр нутагт үлдэн, машин тэрэг, онгоц хөлөглөсөн хүмүүс бидний татварын хэдэн төгрөгөөр тоглох боллоо.
 
Тахилгын гол ажил нь олон лам оролцон ном унших л байдаг. Уул овоо тахин тэр нутгийн хүмүүсийн эрүүл мэнд сайжирсан, нас уртассан, бороо орж ган тайлагдсан, түймэр гарахгүй болсон нэг ч тохиолдол Монголд байхгүй л байна. Уул ус тахихын оронд тэнд гарах хөрөнгөөрөө үүл буудаж лангийн талбайг байнгын усалгаатай болгох, өвөл хаврын цасны усыг тогтоон нуур цөөрөм байгуулах ажлыг хийвэл дээр мэт бодогдоно.
 
Бурханы олон шавь нарыг яаж нийгмийн тустай хөдөлмөрт оруулах вэ? Ядахдаа өдөрт хурал уншлагын цаг нь 4 байхад бас 4 цагт бүтээн байгуулах ажил хийлгэдэг болгомоор биш үү. Лам хүн өдөрт үнэ төлбөргүй хоол, цай идэж уугаад хурал хэмээн суугаад байх нь чухамдаа монголчуудын ажил хийхгүй амьдрах, бэлэнчлэх сэтгэлийн том үлгэр жишээ болж байна шүү. Лам нарын ёс суртахууны асуудалд их анхаармаар байна.
 
Архи уудаг, бэлгийн халдварт өвчнөөр өвчилдөг, олон авгай сольдог, өөрсдөө бурхан шашныхаа эд хогшлыг хулгайлдаг лам хүн байгаа нь манай шашны нэр хүндэд тун муу хортой нөлөөлж байна. Лам нарын ёс зүйн дүрэмтэй ер нь ёс зүйн хороотой, байгуулагатай болмоор байна, Хамба гэсэн том лам нарын дунд бие биеэ муу хэлэх, элдвээр бичих, гүтгэл гарсаар байна. Энэ чинь бурханы ариун ёс уу? гэж нэгэн кинонд гардагтай агаар нэгэн бус уу! Доорх саналуугыг дэвшүүлж байна.
 
1. Лам нарыг бэлтгэх, сургах тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй болгох, уншилгыг монгол хэлээр явуулдаг болгох, дагаж унших уншлагын номтой болох.
 
2. Лам нарын мэргэжил дээшлүүлэх ажил зохиож, курс сургууль хийх.
 
3. Лам нарт зэрэг зиндаа, цол хэргэмийг тогтоосон үнэмлэх олгож сүсэгтэн олон түмэнд ил байлган үзүүлдэг болох ( гадаад орны ийм туршлагыг хэрэглэх).
 
4. Лам бөө нарыг тодорхой хугацаанд мэргэжлийн аттестатчлалд оруулж байх зэрэг ажлыг хийвэл хэрэгтэй санагдана.
 
5. Манай шашны, лам нарын тухай хэвлэлд гарсан мэдээ баримтыг (гадаад,дотоодын) бүртгэн цуглуулаж дүгнэлт гаргадаг, шашин судлалын эрдэм шинжилгээний нэгжтэй болууштай, ийм нэгж ажиллуулах хөрөнгө мөнгө гандан хийдэд лавтайяа бийдээ.
 
Проф Ж.Раднаабазар
 
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин