Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өөрийгөө золиослон байж улс төрийг сонирхолтой болгохоор шийдсэн бололтой юм. Тэр­бээр Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж буй­гаа илэрхийлэн хэсэг нөх­рийн хамт өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны гадаа салаавч гаргасан.

Хэсэг нөхөр гэдэгт нь Ардын намынхан багтах нь зүй ёсны хэрэг юм. Тэд салаавч гар­гаснаараа УИХ-ын чуулганыг яаралтай хурал­дуу­лахыг сануулж, зас­гийн эрх баригчдад дохио өгч байгаа гэсэн.

Харамсалтай нь тэднийг салаавч гаргалаа гээд ирэх даваа гарагт хуралдуулахаар товлосон УИХ-ын ээлжит бус чуулганы хуваарьт өөрчлөлт оруулахгүй. Улстөрчид сандран ажилдаа шуурхайлан орохгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг зарчим үйлчилнэ гэдгийг тэд мэдэж байсан. Гэсэн ч Ч.Ганхуяг “Иргэний зориг” гарган байж улс төр дэх “Салаавчны дууль”-ийн үргэлжлэлд нэрээ бичүүлчихлээ.

Улс төр дэх “Салаавчны дууль”-ийн эхлэлийг бичсэн хүнээр УИХ-ын гишүүн Ш.Сайхан­самбуу өнгөрсөн парламентын үед тодорсон. Тэрбээр ангийнхантайгаа сахилгагүйтэж байгаад салаавч гаргах үед нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зургийг нь авч цахим ертөнцөөр тарааж хэсэгтээ л шуугиан тарьж байсан удаатай. Салаавчны дуулиан дэг­дээд байх үед УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс өөр зургийг нь авсан хүн байхгүй гээд түүнийг эр хүний жудаггүй гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан удаатай. Гэхдээ УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн салаавч хэн нэг­ний ажилд саад тотгор, гэм хор учруулаагүй учир ямар нэгэн байдлаар шийтгэл аваагүй. Тухайн үед олон нийт түүнийг хурцаар шүүмжилснээс болоод УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нэлээд эвгүй байдалд орсон.

“Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлэгчдийн хамгийн азгүй хүнээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тодорсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт  Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн тусгай албан хаагчид руу салаавч гаргасан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Энэхүү хэр­гийг өнгөрсөн нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцэж, түүнд нэг жилийн тэнсэн хар­галзах ял оноосон юм. Энэ бүхний дараа олон нийтийн дунд төр хамгаалалтдаа авсан бүхэн рүү салаавч гаргавал шийтгэл хүлээдэг юм байна гэсэн ойлголт төрсөн гэхэд болно.

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын дараа улс төр дэх “Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн өмнөөс салаавч гаргасныхаа хариуд У.Хүрэлсүхээс ухамсрын шанаа хүртэж, намынхнаасаа нэлээд зэмлэл хүлээсэн билээ. 

Харин өөрсдийнх нь салаавч ямар ч үр дүнгүй гэдгийг мэдсээр байж төрийн тусгай хамгаалалт бүхий газрын гадаа очиж салаавч гаргасан Ч.Ганхуяг тэргүүтэй нөхөд ямар хариуцлага хүлээх бол. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалт бүхий газар. Тийм ч учраас эрхэм Ч.Ганхуяг тэргүүтэй нөхөд Төрийн ордон руу салаавч гаргах нь Засгийн газар, УИХ-ын гишүүд рүү салаавч гаргаж байгаатай агаар нэг гэсэн утгатай зүйл ярьсан биз. Тэд төрийн тусгай хамгаалалт бүхий хүмүүс рүү са-лаавч гаргавал ямар шийтгэл хүртд­эгийг мэдэхийн дээдээр мэднэ. Ардын намынхан Засгийн эрх барьж байх үедээ “салаавчны хэрэг” гэгчийг санаачилж, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Төрийн ордны гадаа салаавч гаргаад “Засгийн эрх баригчдад дохио өгч байна” хэмээн ярьсан эрхэм Ч.Ганхуягийг хэрхэх бол гэдэг асуулт бий болох нь. Тэрбээр өөрөө ч улстөрчдөд хан­дан салаавч гаргаж байгаа гэд­гээ хичээнгүйлэн тайлбарласан байгаа. Түүний энэхүү үйлдэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр хэсэгтээ л шуугиан тарьж, олон нийтийг уруу татаад амжсан. Энэ бүхнээс үүдэн олон нийтийн дунд “Төрийн ордны гадаа очоод Засгийн газар, УИХ-д хаяглаад хэн дуртай нь салаавч гаргаад байж болох юм байна” гэсэн сэдлийг төрүүлээд байгаа нь нууц биш. Тиймээс “Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлэгч Ч.Ганхуяг тэргүүтэй нөхдийг яах вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна.

 

Р.Сарангоо