59 000 хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарчээ
2016/04/30
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан энэ 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн дүнд шинэ тутам бий болсон харилцааг зохицуулах зорилгоор нийт 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсч байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэний харьяаллын тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй бол Монгол улс иргэнээ гадагш алддаг байсан гэхэд буруудахааргүй байна.
Тодруулбал өнгөрсөн 20 жилд 59 000 хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон.
Хэдийгээр давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй ч манай 16 000 иргэн давхар харьяалалтай байна.
252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн байна.
1998 оноос хойш Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болсон. Үүнээс 360 иргэн БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон байна.
6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсээд байна.
Тиймээс тэдгээр хүүхдүүд манай улсын нэгдэж орсон олон улсын конвенцийн дагуу 18 нас хүртэл иргэний харьяаллаа алдахгүй байх, Монгол Улсын иргэнээ хадгалдаг тогтолцоог нээж өгөх бодлогыг Монгол улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ. Түүнчлэн хүн ам цөөнтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн бусад оронд байдаг арга хэлбэрийн дагуу иргэний харьяаллын асуудалд хөх үнэмлэхийг ашиглах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Хуулийн өөр нэг чухал үзэл баримтлал нь Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн явдал юм. Хэрэв Монгол Улсын иргэн давхар харьяалалтай болсон бол тухайн гадаад улсын иргэний харьяаллыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа иргэний харьяаллаас гарсан байхаар зохицуулжээ.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.
Зочин · 2016/04/30
Mongold amdral hetsuu bga bolhor yavj bna shu de tunees hen tursun nutgaasa yavhiig huseh ym
Зочин · 2016/04/30
hujaagaa dagaad zail