Өнөөдөр Ялалтын баярын өдөр.
2016/05/09
Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 71 жилийн ойн өдөр буюу Ялалтын баярын өдөр.
Тvvхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар төдийгvй дэлхий дахин сvр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Баярын эхлэл Улаан талбайд ёслолын сvрт жагсаал болдгоос эхэлдэг.Эл баяр бvх Оросын ялалт, амжилтын яруу дуун.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог аж.
Баяр ёслол олон байдаг ч гэсэн Ялалтын баяр шиг хамгийн ариун, гэгээн баяр үгүй бизээ. Орос орны хот бүрт, тосгон бүрт, гэр бүл бүрт энэ баярыг тэмдэглэдэг. 1941-1945 оны Эх орны дайны хүнд сорилтууд, байлдааны галын шугам дээрх цэрэг эрсийн гавъяа, ар талд нойр хоолоо умартан тэмцсэн иргэдийн гавъяаг хэзээч мартахын аргагүй.
Орос улс зөвхөн ганц Германтай дайтсангүй, үнэндээ бүхий л Европын орнуудтай (германы цэргийн үйлдвэрүүдэд европын 10 сая мэргэжилтэй ажилчид, инженерүүд ажиллаж байлаа) дайтаж байсан юм.
Орос, Монголын ард түмний бат бөх найрамдал зөвхөн Халх голд Японы түрэмгийллийг няцаахад Зөвлөлт Оросын үзүүлсэн интернационалч тусламжаар илэрсэн төдий бус, дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч тов тодорхой харагдсан юм. Орос хүмүүс энэ хүнд бэрх цагт тусалж байсан Монголчуудын тусламжийг байнга дурсан санаж явдгийн тод жишээ болсон нэгэн үйл явдлыг цухас боловч өгүүлье.
Алтайн хязгаарын нийслэл Барнаул хотын төвд Лениний өргөн чөлөөнд Баруун Монголын нэгэн алдартай хүн Лувсан (Манхан сумын иргэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар) гуайд зориулсан зурагт хуудас байрлуулжээ. Тэр 17 настай байхдаа 1942 оны 9 сарын 17-нд 1200 тэмээ ачаа бүхий жингийн цувааг удирдан Ховдоос гарч хүнд бэрхшээлийг туулсаар Бийскт хүргэж иржээ. Жинчид маань 1943 оны 5 сарын 5-нд нутагтаа очсон гэдэг. Уулын голуудыг гатлах, ялангуяа Чиг-Давааг (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэсэн үг) давах хамгийн хэцүү байжээ.
Уулын мөстсөн налуу хажуу тэмээнд явахад маш төвөгтэй байжээ: тэмээний хөлнөөс цус гарч, явах аргагүйд хүрнэ. Тэмээг хазгай газар хальтирахаас хамгаалж жинчид тэмээндээ “гутал” бодож олжээ. Хөлийг нь хонины нэхий, эсгий, даавуугаар ороож, галоош өмсүүлдэг байсан гэлцдэг. Жингийн цуваа урагшлах ямар ч аргагүй, таг зогсох үе ч гарна. Тэр үед тэмээнийхээ хөл доор өөрсдийн дээл, цуваа тавих, тэрчлэн модны мөчир, хавтгай мод ивэх ч хэрэг гардаг байж. Фронт дээр тулалдаж байгаа цэргүүдэд ачааг нь яаж хурдан хүргэх билээ гэж ихэд яарч, хар үүрээр босч, тас харанхуй байсан ч үл ажран гал түлж, цай хоолоо хийдэг байснаа Лувсан гуай дурсдаг.
Орос, Алтай хүмүүс тэднийг хэрхэн баяртай угтан авч, дулаан байшиндаа оруулан, цай хоолоо хуваалцан хонуулж, тэмээ малыг нь харж хамгаалдаг байсан нь бүрч содхон санагдана. Энэ эгэл жаахан хөвгүүд ямар их том үүрэг хүлээж, гүйцэтгэж явсныг бүгд ойлгодог байжээ. Бийскт ачааг нь хурдан гэгч буулгаж, галт тэргэнд ачив. Дулаан нэхий дээл, бээлий, борц болон бусад хүнсний бүтээгдэхүүн ч фронт руу ачигдлаа. Монголчуудын энэхүү бэлэг олон хүнд тус болсон, мэдээж заримынх нь амийг нь ч аварсан байж таарна. Монголын нэхий дээл, хатуужил тэвчээртэй, цасан доороос ч хоолоо олоод идчихдэг маш сэргэлэн намхан монгол морьдыг оросын дайчид хайр хүндэтгэлтэйгээр дурсдагсан.
Цаг хугацаа улирч, хүний ой ухаанаас олон зүйл арчигдан замхрах бизээ, гэсэн ч хамгийн хүнд хэцүү цагт Орос улсад тусалсан Монголын тус хэзээ ч үл мартагдана.
О.Заяа