Төрийн банк ХХК нь Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан 100 хувь төрийн өмчит банк билээ.

Төрийн банк нь үүсгэн байгуулагдсанаас хойш Банкны салбарын гол үзүүлэлт болох Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур vзvvлэлтvvдийг тогтмол ханган ажиллахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 4 том аудитын байгууллагын нэг болох "Ernst & Young” компаниар 2011, 2012, 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон улсын үнэлгээний Moody’s Investment, Fitch Ratings байгууллагуудаар үнэлүүлэн “B” буюу Сайн үнэлгээ авсан. Мөн Монгол улсын ТОП 5 Банкны нэгээр 3 жил дараалан шалгарч, TOP 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар 2014 оны амжилтаараа 17 дугаарт, 2015 oны амжилтаараа 11 дvгээрт тус тус шалгаран амжилтаа ахиулан ажиллаж байна.

Гэтэл сүүлийн үед зарим нэг цахим хуудсууд Төрийн банкны талаар үйл ажиллагаа доголдсон гэх утгатай мэдээлэл нийтлэн, Төрийн банкны олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигч нарт буруу ташаа ойлголт төрүүлэх, банкны нэр хүндийг гутаах санаатай үйлдэл гаргаж байна.

Хэрэв аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр Төрийн банкны талаар үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гаргасан тохиолдолд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заасны дагуу хуульд заасан зохих хариуцлагыг хүлээлгэхийн тулд бүхий л арга хэмжээг авч, 2.7 сая харилцагч, 3,800 ажилтныхаа эрх ашгийг хамгаалан ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Төрийн банкны 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 оны жилийн эцэс, 2016 оны 1 дүгээр улирлын санхүүгийн дэлгэрэнгүй тайланг дараах линкнээс харна уу. http://www.statebank.mn/w/mn/m505

Төрийн банкны үйл ажиллагааны талаар мэдээллийг Төрийн банкны 1800-1881 лавлах утас болон www.statebank.mn веб сайт, www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

ТӨРИЙН БАНК

 

ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА