Бөөг юунд үзэн ядна вэ???
2016/05/19
Гадныхны хийсэн гавьяатай үйлс ч бай, гайтай үг ч бай, гамшиг болох онол ч бай, гул болох андлал ч бай бүгдийг нь гайхан магтаж даган дурайх нь манайхны гэм биш, зан болоод удаж.
Харийнхны хэлээр хальт ярихаар эрдэмтэйд тооцож
Харийнхны дүрмээр хугас онолдохоор ухаантайд үнэлж
Харийнхны үнэтэй нэрийг хямс эдлэхээр баянд өргөмжилж
Харийнхны урвуу залийг ухаж ойлгохгүйг нь даргад тавьж… хөгжсөөр олон жилийг ардаа орхиж.
Одоогоор бол 510 настай, Мишель Де Нострадамус\1503-1566 он\, 102 настай Ванга (Вангалия Пандева) \1911-1996 он\ … зэрэг алдартныг гайхамшигтай зөнтэй, гаргуун далдыг хардаг, ухаант мэргэдүүд гээд л тэдний хэлснийг орчуулахыг нь орчуулаад, судлахыг нь судлаад байгаа биш бил үү.
Будда буюу Сиддарта Гаутама\МЭӨ 563-483 он\, Есүс Христ\МЭӨ 6- МЭ 29 он\, Мухаммед\МЭ 570-632он\, Чин хай\1950он\, Шри Шри Рави Шанкар\1956 он\ … гэхлээр хүн амынх 90 хувь нь байдгаа барьж, хуйларч гүйгээд байдаг бус уу. Мөн л далдыг хардаг, далдыг сонсдог, далд ертөнцтэй харьцдаг, гэгээрсэн, гэрэлтсэн хүмүүс гэж шүтээд байгаа биз дээ. Буруушаахгүй ээ.
Тэдний сургаалийг ягштал биелүүлээд, оюун ухаанаа зөв залаад явж буйг нь хэрхэн шүүх билээ. Амьдрал ахуй нь дээшлээд, амгалан төвшиндөө амьдарч байгаа бол бүүр бахархахаас өөр яалтай билээ, гэтэл тиймгүй байгаа биз дээ, сайн сайхан болоод аз жаргалтай байгаа нь хэд билээ??? Олонх нь урд хормойгоороо ардахаа нөхсөн, зээлэнд баригдаж зэлэнд уягдсан, өрөнд үжирч өлмөн цөлмөн болсон, сэтгэл нь үймэрч сэрэхүй нь хаагдсан, хоосон бясалгаж хорголоо тоолж амьдардаг түмэн ардын Улсыг зөв хөгжиж байна гэж хэн үнэлсэн юм???
Дээр дурьдагдсан эрхэм хүмүүс яах аргагүй энэ дэлхийн алдартнууд мөнөөс мөн, гэхдээ тэд МОНГОЛ яс, цус, махгүй ээ.., учиргүй юм энэ хорвоод нэгээхэн ч үгүй, таарах таарахгүй, нийцэх нийцэхгүй, тохирох тохирохгүй юм ч байна, тэд ч энэ талаар өөрсдөө сургасан буй.
Үндсэрхэх гэсэндээ бус, Өвгөд, эмгэдийнхээ аугаа ухааныг биширч шүтсэндээ, монголын үе үеийн соёл, заншил, түүх үнэхээр хайхамшигтайг хэдэн үгээр тэрлэх гэсэн минь энэ ээ.
Тэгвэл БӨӨ гэж хэн бэ гэж???
Хамгийн энгийнээр буюу бүдүүлгээр хэлбэл тэр далд ертөнц, зэрэгцээ ертөнц гээд байгаа зүйлтэй, энгийн хүний нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддоггүй, мэдрэлд нь мэдрэгддэггүй, амтлагддаггүй, хүртэгддэггүй элдэв зүйлтэй харьцдаг хүнийг БӨӨ гэдэг. Өөрөөр хэлбэл, нөгөө сүнс гэгч юмтай, цагаан хар хүчнүүдтэй харьцдаг хүнийг БӨӨ гэдэг.
Тодруулж хэлбэл, цагаан хүч, цагаан сүнс нь Онгод Тэнгэрүүд. Харин хар хүч, хар муу сүнс гээд байгаа нь албин, тийрэн, буг, сүг, зүлд, бэрд, шулам, чөтгөр гээд л олон хар юмнууд бий дээ.
Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний алдартай эрдэмтэд ч учрыг нь олохоо болиод, учгийг гаргаж чадахгүй цөхөрчихөөд, нөгөө шинжлэх ухаан гэдгийн олон салбарыг нийлүүлэн хольж тэр далд ертөнц гэдгийг, тэр нууц нууцлаг гайхалтай зүйлийг мэдэж нотлох гэж оролдож байна. Өнөөгийн шинжлэх ухааны ололт тэр олон нууцлагдмал үзэгдлийг тайлж тайлбарлах, нотлоход үнэхээр чадваргүй байгаагаа харуулчихаад байна. Биогеофизик, биогеохими л гэнэ, шинжлэх ухааны салбаруудыг интеграцчилсан синергетикийн салбар л гэнэ. Нууц судлал буюу эзотерик л гэнэ, орчлонд мэдээлэл дамжуулагч торсион орон л гэнэ.
Балар эрт цагийн мунхаг тэнэг зүйлээр оролдлоо гэх битүү тархитанууд бас зөндөөн. Тэгвэл энэ зууныг чинь мэдээллийн зуун, энэ мянганыг чинь оюун ухааны, ухамсрын мянган гээд зарлачихлаа. Дэлхий дээрх бүх ард түмний ухамсарт төлөөллүүд нь үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байна. Мэдээлэл, оюун ухаан нь энерги гэх эрчмээр дамжигдан сүлэлдэж байна. Техник технологи ч эрчмээр дамжин хөгжиж байна. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэггүйг дэлхийн эрдэмтэд, гоц ухаантнууд мэдэгдсээр байна. “ИРЭЭДҮЙГ ӨНГӨРСНӨӨС ӨНӨӨДӨР БАЙГУУЛДАГ”-ийг өвгөдүүд сануулсаар байна.
Хүн төрөлхтөн таван удаагийн галав юүлэлтэнд өртөсний учир шалтгааныг ойлгохыг хичээх хэрэгтэй байтал өнгөрсөн балай, худал хуурмаг гэх нь даанч өчүүхэн бодол, сэтгэхүйтэй байгааг л илтгэж байгаа биш үү. Лимүрчүүд, атлантидуудын хайхамшигт оюуны чадал, чадварыг палентеологи, археологийн судалгаа, шинжилгээнүүд баталсаар. Үе үеийн Монгол Өвгөдийн СУУ ухааны чадал чансааг одоо ҮНЭН МӨНөөр гаргаж тавих цаг ирчихээд байна.
Орчлон хорвоогийн “далд”, “нууц” гээд байгаа аугуу зүйлийг чинь МОНГОЛ өвөг дээдсүүд, өндөр өжий нар хөх толбот болсон бум түмэн жилийн тэртэйгээс наашхи олон зуун мянган жилийн хугацаанд оюун ухаан, арга билэг ухаан, ур дүй ухаанаараа гаргаж дэлгээд, нотолж батлаад үр хүүхдүүддээ уламжлуулан, удамшуулан үлдээсэн байна.
Үлдээх үлдээхдээ /“ген”/-д нь, яс, цус, махных нь язгуурт нь үлдээчихэж. Итгэхгүй байж юун магад гээд үлгэр, домог, туульс, ерөөл магтаал, урт богинын дуунд нь цээжлүүлээд үлдээчихэж. Алдагдаж үрэгдэж юун магад гээд цээжлүүлж үлдээхдээ тэр бүх ухааныг сүлжиж энд тэнд нь оруулан, оньслон арга суу залийг нь нууцалж, ар өврөөс нь алга болох вий гээд, хар муу санаатны саварт орж юун магад гээд зангидаж түгжээд орхисон байна. Энэ бүхнийг харийнхан гээд аминчлан шүтээд байгаа тэр “АХ” нар чинь яаж ч оролдоод, ямар ч алтан түлхүүр олоод ч онгойлгож, оньсыг тайлж үл барна аа.
Сайндаа ил болсон, харийнхны ухаанаар орчуулагдсан, дургүйгээ хүрснийг нь, бүүр нарийн хэлбэл дарж нуух гэснийг нь, орчуулж утга начрыг олж дийлээгүйгээ урж тасдаж хаясан, хагас хугаслагдсан хэдэн ном судрыг төрөлх хэл дээрээ буулгасныг нь бид эргүүлэн тойруулж үзэж суугаа биз дээ.
850 жилээс урьдах байтугай Эзэн Хааны үеийн түүхийг ч үнэн зөвөөр нь гаргаж чадаагүй байж түүхийн энд тэндээс нь түүвэрлэж авсан өчүүхэн мэдлэгээрээ “фантааз-лан өвгөдийн түүхийг, эмгэдийн ухааныг хамаа намбаагүй гуйвуулж, утга учиргүй худал гөрдөн гүтгэж МОНГОЛ АУГАА ТҮҮХ, МОНГОЛ СУУ УХААН-ыг зоосны нүхэнд чихсэн харийн хүнийг юунд нь тэгтлээ шүтэж тэнэг мунхагаа дэлгэж сууна вэ???
Тэгвэл тэр гүтгэгдэн гуйвуулагдаж байгаа түүх чинь өнөөдөр үнэн мөнөөрөө сөхөгдөн гарч ирж байна. Өөрсдийгөө сул доройд тооцож, өвгөд эмгэдээ өчүүхэнд үнэлдгээ болих цаг чинь болсон юм биш үү.
Тэр нууц, далд бүхний учир шалтгааныг, учиг гогцоог зөвхөн Монгол Өвөг Дээдсүүдийн ариун сүнс-Онгод Тэнгэрүүд өөрийн яс, цусныхаа, омог отгийнхоо улаач болох БӨӨ-гөөр хөтөчлүүлэн сэхээрүүлж, ойлгуулж, мэдэрч гэгээрсэн үед нь тайлж өгдөг юм байна. /Зөвхөн монгол өвгөдийн сүнс гэсний учрыг та удахгүй ойлгох болно/ Үүний тулд тодорхой цаг үе тутамд тамгалсан БӨӨ үрсээ сэрээдэг, босгодог юм байна.
Өнөөдөр энэ цаг үе өмнө чинь тулж ирчихээд байна. Зөвхөн Монголд ч болоод байгаа үзэгдэл бус, Австрал, Европ, Ази, Америк бүх тивд энэ үйл явц хөгжиж байгааг мэдээллийн олон сувгаар сонордож харж болохоор байна. Хар хүч, хар муу муухай бүхэн бидний дэлхийг давамгайлан бүрхчихээд байна. Ийм үед сэхээрч гэгээрсэн ард түмэн нь дэлхийгээ авран хамгаалж авч үлддэгийг үе үеийн түүх, судалгаа шинжилгээ нотолчихоод байна. Монголчууд мянга мянган жилдээ энэ аугаа үүргийг хэрэгжүүлж байсан байна. Энэ удаад ч түүх давтагдахыг нөгөө гадаадын шүтээд байдаг зөн билэгтнүүд чинь хэлээд яриад эхэлчихсэн байгаа биз дээ.
Гэхдээ БӨӨ гэж хэн бэ, бөө мөргөл гэж юу вэ гэдгийг юуны өмнө маш сайн мэдэж, ойлгож авах шаардлагатай. Энэ нэрийн дор сөрөг зүйлс ч их гарч байгаа нь нөгөө талаасаа нийГЭМийн энгийн үзэгдэл. Ингэж байж л сайн муу, үнэн худлыг ялгах боломж гарч ирдэг шүү дээ.
БӨӨ бол 19,20,21-р зууныхны хувьд шинэхэн зүйл мэт боловч, түүх, соёл заншил, орчлонгийн үзэгдэл талаасаа авч үзвэл нэн эртний, хүн үүссэн үетэй ч холбох боломжтой, маш нарийн зүйл. Монголчуудын хувьд Бөө мөргөл бол унаган, төрөлхийн, ясных нь язгуур шүтээн нь. Дээр бичсэн буддаа, иисүүс, мухамээдийн төрсөн оныг нь та эргээд нэг хараарай, цаанадаж 25ОО-хан жил, наанадаж 1500-хан жилийн нэг хүнтэй л холбогдсон түүх байгаа биз дээ. Гэтэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг авч үзье гэвэл хүний үүсэлтэй хамруулж сэтгэхээ больё гэхэд хөх толботынхны үүсэлтэй нэгтгэвэл хэдэн бум түмэн жилийн түүхийг сөхөх хэрэг гарах нь. Бидний мэдлэг хэтийдсэн нимгэн болохоор хэдхэн мянган жилийн тэртээхийг өнөөдөртэй харьцуулан Бөө Мөргөлийг саяхан үүсээд МЭ 15,16-р зуунд устгагдсан мэтээр онолдоод байна. Хэрэг дээрээ, үнэн чанартаа маш урт удаан хугацааны үйл явц, дэлхийн түүх соёл, заншил, хөгжил, өнгөрсөн, өнөө, ирээдүйг агуулсан, сүнс, энерги эрчим, оюун ухаан, ухамсрын нягт мэдлэг, мэдээлэл юмсанж.
Харин ч БӨӨ мөргөлийг зөв судалж, зөв үнэлж цэгнэж, зөв хөгжүүлж чадах юм бол өнөөгийн шинжлэх ухаанаас хавьгүй хурдтай, цар хүрээ ихтэй мэдээллийг нотолгоотойгоор нь гаргаж чадах, дэлхийн оюун ухаан, ухамсрын хөгжил болон орчлонгийн хамааралт хөгжилд ч жин даах нөлөөтэй, ХҮН ба эрчим энергийн том цогцолбор систем болох нь ойлгомжтой байна. Ганцхан жишээ дурьдахад, эрх чөлөөний орон гээд шүтэн бишрээд байдаг Америкт бүүр 1950-аад оноос эхлэн тусгай эрдэмтэд бүхэл бүтэн тусгай зорилгын хүрээнд латин америкийн индианчуудын бөө мөргөлийг судлан шинжилж өөрсдийн махан бие дээрээ онгод-сүнсийг буулгасан олон үйлдлийн эцэст дүгнэлт гарган, түүнийгээ сонирхолтойгоор ашиглаж байсан тухай мэдээллүүд улам л нээлттэй болоод байна.
Гэтэл бөө оршин тогтнох байтугай, Монголын ТНГР Онгодуудын хайхамшгийг бичих эрхгүй, хавчигдан боогдож, дарамтлагдаж байсан цаг үе ч манайд бий. Нэрт эрдэмтэн, сэхээтнүүд цаанаасаа л өвөг дээдсүүдээрээ хөглөгдөн бөө мөргөлийн талаар бичиж ойлгуулах гэж зүтгэж байсан нь ойлгомжтой. Говийн ноён хутагт Данзанравжаа, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн, суут эрдэмтэн Бямбын Рэнчин, хайхамшигт яруу найрагч Рэнчиний Чойном, акедемич Чулууны Далай, түүхч, судлаач О.Пүрэв, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв зэрэг олон сайхан сэхээтнүүдийн бүтээл туурвилаас бөө мөргөл, далд, нууцын тухай олж харах, сэхээрэх боломжтой.
Тэгвэл Онгод гэж юу вэ?
ОНГОД бол сүнс. Онгодын ихэнх нь монгол өвгөд, эмгэдийн сүнс байдагт л гол учир нь байдаг гэнэ. Харийнхны сүнснүүд Онгод ТНГР болж дээд ертөнцөд мэлтийж гийгүүлж байдаг нь тун ховор гэнэ. Тэд олон арван, зуун жилээр гэгээрч байж л онгод болдог нь ур ухаан, суу ухаанаас нь хамааралтай юм байна.
Онгод хэмээх СҮНС нь хөрстийн бид нараас хэдэн зуу, мянга… дахин илүү ухаан, ур дүй, суу заль, мэдлэг, чадвар, ид шидтэй, мөн л өөр хоорондоо огт адилгүй, зэрэг зиндаанд эрэмбэлэгдэн, хийсэн үйлээрээ дээшээ доошоо хөдөлгөөнд байдаг бөгөөд орших ертөнц ч хатуу дэг, нягт жаягтай юмсанж. Өөрөөр хэлбэл СҮНСний хөгжлөөсөө шалтгаалан нүд ирмэхийн зуур компьютерийн хаард-дискнээс ч хурдтайгаар, ҮНЭНд шүүгдэн дэнслэгддэг учраас тэнд үнэхээр ТӨГС нийХЭМ байдагт л далд ухамсарт ертөнцийн хайхамшиг нь тэр бололтой. Дэлхий дээрх бүх соёл урлагийн бүтээл, шинжлэх ухааны нээлт гээд байгаа зүйлүүд ч тухайн хүний өвөг дээдсийнх нь Онгод-сүнсний эрчимээр хөглөгдөн бүтээгддэг байна.
Тэгэхлээр өөр өөр ухаан, ухамсар, үйлтэй Онгод-сүнснүүд эрэмбэлэгдэн оршдогийн дээд Оргилд нь ТЭНГЭР-сүнснүүд оройлон манлайлж энэ бүх нууц, далд ертөнцийг удирдан цэгцэлж байдгийн зэрэгцээ ДЭЛХИЙ гэх хөрстийн хүмүүсийг мянга мянган жилдээ нэг эргэн ЗАСДАГ ажээ. Мянга мянган жилдээ хүн төрөлхтнийг засдаг түүхийг махан биетэй бид зөвхөн Хүннүгийн хаадууд, Их эзэн Чингис хааныхаа түүхээс л хагас хугасчлан мэддэг. Түүнээс цаашихыг нь нүдэн сохор, чихэн дүлий, ядуухан дундруу тархитай бид юуг ч эс мэднэ, мэдэж ойлгохыг ч эс хүснэ.
Монголчууд “Тэнгэр минь”, “Дээд тэнгэрт ивээгдмүү”, “Дээд тэнгэрт хүч аугаа нэмэгдэж”, “Тэнгэрээс соёрхсон”, “Тэнгэрийн тааллаар”, “Тэнгэр ятгаж байна”, “Тэнгэр язгууртай”, “Дээд тэнгэрээс заяат төрсөн”, “Тэнгэрийн цаг”, “Тэнгэрийн зарлиг”, “Эцэг Тэнгэр”, “Хан Тэнгэр”, “Мөнх тэнгэрийн хүч”, “Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй”, “Тэнгэрийн таалал мэдтүгэй”, “Тэнгэрийн санаа”, “Тэнгэрийн ёсон”, “Тэнгэрийн сэрэмжлүүлэг”, “Тэнгэрийн аврал”, “Тэнгэрийн хөвүүний үйл”, “Тэнгэрийн бошги”, “Тэнгэрийн цааз” гэх зэрэг олон үгсийг ихэд хэрэглэдэг байсан, одоо ч хэлж хэрэглэсээр. Алдарт “Монголын Нууц Товчоо”-нд ийм үгс ихээр хөвөрдөг биз дээ.
“ТЭНГЭР” гэхлээр дээр мэлтийх хөх орон зайг бодно уу? Үгүй дээ, энэ талаар үнэн зөвийг, жинхэнэ мөн чанараар нь гаргаж бичье гэсэн ч махан биетэй бидний тархины хэм ч дийлэхгүй. Харин бөө гэгээн ухаант тархитай, “БӨӨ” гэгч хөтчөөр улаачлуулан байж учир ухааныг гаргах ганцхан зам байдаг. Тэнгэр эцэг, Тэнгэр эх, Ерэн есөн ТНГР гэхийг лавтайяа бүгд сонссон биз. /Гадаадынхан ч тэнгэр минь гэж бас хэлдэг юм билээ. Ер нь бол тэнд эндгүй монгол яс, цус зохиж яваа л даа/.
Тэгэхлээр маш товчхоноор тодорхойлбол, “ТЭНГЭР” гэдэг бол Дээдийн Дээд Онгод сүнснүүд, оюун ухааны, ухамсрын охь манлай нь гэсэн үг. Бүтээгч, шинэчлэгч, цэгцлэгч, ЗАСАГЧ… оюун ухаан гэж ч хэлж болох юм.
Тэгвэл “Сүнс” гэж юу вэ?
Сүнсийг 3-7 грамм жинтэй гэдгийг шинжлэх ухаан ямартай ч нотолчихсон. Маш их эрчим энерги агуулдгийг хэмжчихсэн. Хувцас хунартайгаа байхыг нь хардгууд нь хардаг. Хүүхэд нялх бага байх тусмаа сүнсийг харах чадвар нь илүү байдаг гэлцдэг. Тэгвэл СҮНС махан бие нь үхэхдээ ямар дүр төрхтэй байсан, яг л тэр чигээрээ байдгийг монгол бөө бас нотолчихлоо, энэ бол ёстой нээлт гэлтэй. Доголон бол доголонгоороо, сул дорой биетэй байсан бол тэр төрхөөрөө, өлсөж цангасан, гомдож гундсан гэх мэт тэр л шинжээрээ байдгийг маш олон жишээгээр дурдаж болно. Хурд, хүчээр нь ч мэдэрч болно, ур ухаанаар нь ч ялгаж болно, хар цагаан сэтгэлийг нь ч таньж болдог байх нь.
Хамгийн гол тодорхойлолт нь: СҮНС бол МӨНХ. Сүнсийг онцгой тохиолдолд л устгадаг, устгагддаг.
“Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр хүн байна уу, амьтан байна уу, ургамал байна уу ялгаагүй, энэ гурван амьд зүйлд сүнс нь эргэлдэн оршдог. Энэ тухай бүх шашин, бясалгалын багш гэгээнтнүүд хэлж сургаалаа айлддаг биз дээ. Тэгэхлээр ҮНЭН байж л таарах нь.
Бидний энэ дэлхий дээр сүнс нь хүн, амьтан, ургамлын биеийг дамжин оршдог байхад там, диваажин, мөн завсрын гэх орон зайнд сүнснүүд үйлийнхээ үр дүнгээр олон олон хугацааг ч өнгөрөөж байдаг нь тодорхой болчихож.
Онцгой үүргийг биелүүлэх гэж, дуусгаж чадаагүй үйлээ дүүргэх гэж, тусгай сорил шүүлтэнд орох гэж хүн болж төрдөг нь гарцаагүй юм байна. Харин хүн болчихоод хамаг мууг үйлдсэн, хүн гэх аугаа бүтээлийн эсрэг үйл хийсэн, эх дэлхийнхээ эсрэг өчүүхэн төдий гэм үйлдсэн хүний сүнс нь доод буюу тамын ертөнцөд магадгүй хэдэн мянган жил ч элдвээр тамлагддаг байх нь.
Харин хүн болох өгөгдөл, зорилгоо зөв хэрэгжүүлсэн нь, сорил шүүлтийг ухааран давж эх дэлхийнхээ төлөө, эгэл хүний төлөө зөвийг үйлдсэн хүний сүнс нь Онгод болон “диваажин” гэх дээд ертөнцөд очиж тэндэхийн амьдралаар хөгжин үйлээ хийдэг ажээ. Тэнд ч бас Сүнсний хөгжил үргэлжилсээр байдаг гэнэ.
Өнөөдөр үхчихвэл бүх зүйл дуусч байгаа мэтээр сэтгэдэг бидний ядуухан материалаг ойлголт огт худал, үеэ өнгөрөөчихсөн гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид, гэгээнтнүүд ч нотолчихлоо. Өөрөөр хэлбэл таны СҮНС чинь МӨНХ. Таны махан бие чинь үхлээ гэхэд таны язгуур жинхэнэ сүнс чинь мөхөхгүй, дахиад л ямар нэгэн биед шингэж дараа төрлөөрөө ахин дахин амьдрах нь.
Хүн болж эжий дэлхийнхээ хэвлийг хүү татаж өмөлж цөмөлж ч магад, хүйтэнд хөлдөж, хөлөө тайруулж, хонгилд хонож, өлсөж цангаж, өлбөрч үхэж ч магад, адгийн аалз болж алхах болгондоо алуулж ч магад, хаа нэгтээ мод болон найгаж, хатаж үжирч үхэж ч магад, хайрыг цацраасан эмэгтэйн алагхан цэцэг нь болж ч анхилам үнэрээрээ гайхуулж ч магад, халтар үнээ болж төрөөд хавь ойрынхныг сүүгээрээ ариусгаж ч магад, баян айлын банхар нохой нь болж баашилж эрхэлж ч магад, барагтайхан гудманд тэнэдэг барс нохой болж төрөөд алуурч эрд буудуулж ч магад. Эргээд мэндлэхдээ юуны ч биед таны сүнс орох боломжтой байх нь.
Энэ бүхэн ХҮН таны хийсэн, үйлдсэн үйл бүрээс чинь, бодсон санасан ухаан, эсвэл мунхаглал бүрээс чинь, хэлсэн ярьсан үг, өгүүлбэр бүрээс чинь, элбэрэн хайрласан, энэрсэн сэтгэл бүрээс чинь, үзэн ядаж харааж зүхсэн, орилж бахирсан авиа бүрээс чинь шалтгаална.
Ялангуяа өнөөдрийн өчүүхэн зорилгондоо хөтлөгдөн, гадныхны харгис худал амлалтанд хууртагдан, хөрөнгө оруулалт нэрийн дор эх дэлхийнхээ газар шороог нь онгичин, харилцан хамааралтай байх ёстой бүх материаллаг эрдэс бодисын хэм хэмжээ, жинг нь алдагдуулан цөлмөж, усыг нь ховх сорон хордуулж, ургамал өвсийг нь хайр найргүй устгаж буй үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож буй бүх хүний, тэр бүү хэл шийдвэр гаргаж буй, гарахад нөлөөлж буй эрхмүүдийн дараагийн амьдрал маш хэцүү, зовлонгоор дүүрэн байх нь тодорхой гэнэ.
Эх дэлхий маань үр бүхэндээ хэрэглэх, амь зуух зүйлийг нь харамгүй өгч, хэмжээ хязгаарыг нь ч бас тогтоосон байдаг гэнэ. Эх дэлхий, ээх нар, эргэлдэх сарыг амьгүй гэж бүү андуураарай, тэдний амьтай гэдгийг оюун ухаандаа ухаж тунгаан нэг бодоорой.
Хүний амийг таслагч, өөрийн амийг өслөгч, хөрстийн ан амьтныг хайр найргүй хөнөөгч, эр эм заяаны утгыг алдагдуулан эрийг эмэлж, эмийг эрлүүлэн гутааж/гомо, лесбинүүдийг хэлж байгаа бололтой/ ертөнцийн жамыг сөрөгч хэн бүхэн аалзны төрлөөр ахин ахин төрөвч алхах тоолондоо няц гишгүүлэн аймшгийн зовлонг эдлэх болно гэнэ.
Эр эм заяа, ханийн заяа, үрийн заяаг доромжлон сүйтгэгч цаг наргүй завхайрагчид, биеэ үнэлэгч эрс эмс, үр хүүхдээ хэвлийд нь хороогчид, хаягчид, архидан согтуурагчид, мансууран мангуурагчид нь эргээд хүн болж төрвөл хүний хорвоогийн хамгийн мууг үзэж үхлийн мууг эдэлнэ гэнэ.
Хар үйл болгоноо “муу” юм байна гэж дүгнэх цэгнэх ухаан дутаж, өөрийн отог омгоо, үр хойчоо үеийн үед нь уруу дорой байлгая гэвэл хөлөөрөө толгойгоо хийнэ үү таны асуудал боловчиг МОНГОЛ гэх үндэстний “яс” тантай холбоотой гэдгийг гүнээ ойлгох цаг болчихсныг сануулж байгаа бололтой.
Гол нь ХАРЫГ ЦАЙРУУЛДАГ ЖАМ бас байдгийг эртхэн ухаарч үйлээ засаж, СҮНСээ зөв чигт хөгжүүлбэл аймшгаас аврагдах, ахин өөдлөх нэгэн шижим нь болдгийг ч анхааруулж байна.
Тэгэхээр Бөө хүн энэ бүхэнд ямар хамаатай юм бэ? гэж үү?
Бөө мөргөлийг сэргээх цаг нь ирсэн үед бөө болох хүнийг төрөхөөс нь өмнө тамгалан бэлтгэдэг. Нөгөө Тэнгэрийн тамгатан гэдэг чинь БӨӨ ХҮН. Монгол үндэстэн ястны бүх отог омогт бөө байсан болохоор Онгод Тэнгэрүүд үр удамдаа буух нь ойлгомжтой. Тийм ч учраас хамаг монголчуудын хаана л бол хаана бөө тодроод байгаа биз дээ.
Тэгээд юунд нь үзэн ядаад байгаа юм?
Таны, чиний өвөг дээдэс, эмгэн буурал өжий чинь бууж ирж сургаалаа айлдаж байхад. Чи өөрөө монгол өвгөд эмгэдийн ясных нь хэлтэрхий, махных нь тасархай, цусных нь дусал мөн л юм бол бөө гэх улаач дээр бууж буй сайхан буурлуудыг өөрийн эрхгүй өрөвдөн хайрлаж өөдөө огших л болно. Хэлж сургаж байгаагийг нь шүтэн бишрэх л болно. Харин битүү сав шиг сэтгэл чинь харанхуй бол танд монгол гэх юу ч үгүй, та харийн хүний үр сад гэдгээ л ойлгож авах байх даа. Яах ч аргагүй хар шар хүний жатганд үе үеэрээ өртсөн бол харин ч ёстой нэг, муу болгоноо арилгуулах, засуулах, дэвжих дээшлэх гээд зориод золгох байлгүй.
Зөв бурууг чинь ялгуулах гэж
Зүрх сэтгэлийг чинь зөөлрүүлэх гэж
Зовлон зүдгүүрийг чинь нимгэлэх гэж
Зорих үйлсийг чинь дэмнэх гэж
Ухаан бодлыг чинь зөвшрүүлэх гэж
Урам зоригийг чинь бадруулах гэж
Унтсан тархийг чинь сэрээх гэж
Ур дүй ухааныг чинь нэмэх гэж
Олон сайхан зорилго, хүсэлтэйгээр
Онгод Тэнгэрүүд үрсдээ залж бууж байна аа.
Харийнхны гоц мэдрэхүйтэн, мэддэг хардаг, зөн билэгтэн, гэгээнтэн гэхлээр нарийн утга учгийг мэдэхгүйгээр дагаж хийсчихээд өөрсдийн Өвөг Дээдсүүдээ юунд нь ад үзсэн юм!!!
Их Эзэн Чингис Хаан маань бөө байсныг Монголын нууц товчооноос төвөггүй мэдэж болно, дэргэдэх хатад, жанжид, баатрууд, мөргүнүүд, үе үеийн хаад, хатдууд, гүнж, жононгууд, ноёд, түшмэдүүд бүгд бөө байсан нь өнөөдөр тодорхой болчихлоо. Отог омог бүрт бөө гэгээн тархитнууд оюун ухаанаараа манлайлж байсан л байна. Цөвүүн цагт, аргагүйн эрхэнд, ур ухаан зааж, хувирах шидээ үзүүлэн ламбатан болсон бөө-өвгөд эмгэдийн ачийг юу гэх юм? Хожим цагийн хуланц элэнц аав ээжүүд бууж л байна. Бөө гэхлээр бүдүүлэг тэнэг, балай мунхаг гээд байх учир шалтгаан даанч алга.
Эргэн тойрныхыгоо хараач, энд тэндгүй бөө бий болчихсон байгаа биздээ. Их хуралд нь ч байна, Их засгийн газарт нь ч байна. Алдарт дуучин, жүжигчин нь ч бөө, зохиол бичиж, зурж сийлдэг нь ч бөө, авьяастай гэх аргат захирлууд ч бөө, том томдоо томын том компаний захирал ч бөө, эмч нь ч бөө, эрдэмтэн нь ч бөө, багш нь ч бөө, оюутан сурагч нь ч бөө, хуульч нь ч бөө, хэрэгтэн нь ч бөө, хуврага нь ч бөө, малчин нь ч бөө, мах зардаг нь ч бөө, тоо боддог нь ч бөө, тог засдаг нь бөө, барилддаг нь бөө, бариач нь ч бөө, банкир нь ч бөө, басдаг нь ч бөө, тамирчин нь ч бөө, талхчин нь ч бөө.
Бөө гээд гүйдэг сумочин ч бий, бөөг шүтэж засуулдаг Их Гишүүн нь ч бий, Их Сайд нь ч, ижил олон цэргүүд нь ч байна. Үхэх нь гээд очдог лам нь ч байна, үйлээ бөхлүүлэх гэж очдог Ийсүүсчин нь ч байна. Аллаахыг шүтдэг боловч амиа авруулахаар ирдэг мусалман нь ч байна. Аргагүй болоод аврал хайж ирдэг алуурчин нь ч байна.
Тэгээд … Юунд нь нуугдаад байгаа юм. Юунаас нь ичээд байгаа юм. Эжий, ааваасаа ичдэг юм уу? Элэнц хуланцаа нуудаг юм уу? Хаанахын, хэзээний ёс вэ? Хааж боож болох уу? Жам нь ирсэн болохоор жаягийг нь дагахаас өөр үгүй. Засаг төр нь байгаад ухаж ойлгож чадвал зам мөр нь ойрхон байна.
Өнөөдөр Их Эзэн Хаан маань хий бие, хийсгэлэн дүрээрээ улаач үрдээ буугаад асар их үйлийг эхлүүлчихээд байна. Тэнгэрийн үйлийг хөрстөд буулган тэнүүн оюун билгийг түгээж байна. Тэнд энд орших хар хүчний хар бүхнийг дарах бөө гэгээнт тархит үйлээ хийж байна. Бөө нэрийн дор булт олныг үймүүлж, бузар мууг үйлдэгчдийг засахад бусдыг чиглүүлж байна.
Онгод ТНГРүүдийн оройн дээд ухааныг
Олон түмний гэгээрэлд зориулан мөрлүүлж байна
Отог омгийн улаач үрсийг ухааруулан гийгүүлж
Орших уул устай амь нэг цул гэдгийг мэдрүүлж байна
Хан хурмаст ТНГРийн хүчийг харуулан
Хар муу бүхнээс хэрхэн ангижрахыг зааж байна
Хамаг олныг угтан мэдэж, тосон бэлтгэж, тэсэж магад гарахуйд бөхөлж
Хаалгат, тоонот, ханат, уньт ГЭРийн онолд суралцуулж байна
Булт олны тэнгэрлэг сэрэхүйг сэрээж байна
Бөө гэгээн тархит Өвгөдийн ухааныг өвлүүлж байна
Булай БулГай БоулиГай нарын төвгийг ойлгуулж байна
Буман үрс нь бага анги бөлөг намд хуваагдаж задарсныг буруушааж байна…
Бөө нэртэй болгон адилгүй, махан биенийх нь мэдлэг чадвар нь ч өөр, сүнснийх нь зиндаа ч өөр, Онгодынх нь эрэмбэ нь ч өөр өөр. Жишээ татъя. Аварга Бат-эрдэнэ гуайг аймгийн начинтай харьцуулж болох уу? Алдарт Мандухай цэцэн хатныг Арвин гишүүнтэй харьцуулж болох уу? Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуайг авьяас маруухан надтай зүйрлүүлж болох уу? Яг үүнтэй адилаар бөөг хооронд нь адилтган жиших ямар ч боломжгүй гэдгийг хэлэх гэсэн юм.
Харин бөө нарын үндсэн гол үүрэг нь Онгод Тэнгэрүүдийн үйлийг газарт улаачлан хөтлөх, тэгэхдээ тэднийхээ үйл, хэлсэн, үзүүлсэн, мэдрүүлсэн бүхнийг үнэн зөвөөр ухаалаг буулгах, хөрвүүлэх явдал. Өөрөөр хэлбэл Далд ертөнцийн далд ухамсруудтай харьцах чадварын асуудал. Харийнхантай харьцуулах юм бол монгол бөөгийн чадвар илүү өргөн хүрээтэй, цаашилбал өөрсдийн өвгөд буурлуудын сүнстэй харьцаж байгаа болохоор илүү ухаалаг, илүү дөхөм харьцаа юм. Үйлийн хувьд Бөө хүн хийгээд байгаа үйл ч бус, харин өвгөд дээдсүүдийн сүнсний үйл гэдгийг ойлгох ёстой л доо. Тэдний хэлснийг үнэн мөнөөр дамжуулахын тулд БӨӨ хүн мэдлэгтэй, мэдрэмжтэй, ухаантай, дэгтэй, жаягтай байх учиртай.
Үнэндээ амаргүй, хүнд хөдөлмөр. Үүнийг ард олон ч мэдэх ёстой. Цалинтай ч юм шиг, цалингүй ч юм шиг хөдөлмөр. Хэн нэгний үйлийг хугархай тэвнийн чинээ ч хөлс авахгүйгээр хий гэвэл хийхээс өөр ямар ч аргагүй. Хагартлаа баяжсан нөхөр шар үхэрний дайтай үйл хийлгэчихээд эцэнхий туранхай хонь өгвөл үйлийг нь зогсоочихоо Онгод өөрөө л мэднэ. Ядаж литр сүүгээ барьж ирээд үйлээ хийлгүүлэхийг алийг тэр гэх юм. Тэнгэрийн үйлд өгөө аваа тэнцэж байх учиртай гэдэг.
Зоосны нүхээр харж, учиргүй их мөнгө нэхэж Тэнгэрийн үйлийг хийх юм бол төдхөн тэр улаачаар үйлээ дамнуулахгүй байхаа ч Онгод өөрөө мэднэ. Онгодоо хүчилж муу, буруу зүйл, хараал уруул хийлгэвэл Онгодтойгоо шүүлтэнд орж хоёулаа доошоо урууддаг дэг ч байна. Бөө хүн ухаанаа тэгшилж, удмынхандаа болон ард олонд тус хүргэхээсээ илүүтэйгээр их зан гаргаж, омогдож, загнан зандчиж, хараал урсгах, зохисгүй байдал гаргах аваас Онгод нь биеэ амархан татаж авна. Хэдийгээр улаач үрээ хамгаалж хайрлаж явдаг ч Тэнгэрийн үйлийг хийж чадамгүй бол улаач үрээ янз бүрээр сорьдог үе ч байна. Өндөр Дээд Буурлууд нь өөдгүй, ухаан муу, мэдлэг сул улаачдаа хэзээ ч буудаггүй гэдэг. Маш хатуу дэг жаяг, ёс дүрэм үйлчилдэг.
Тиймээс бөө болохоор Тэнгэрийн үйлд зорьж зүтгэж байгаа улаач нар Онгод Тэнгэрүүдийн хэмд ойртохын тулд, тэднийхээ хэл, санааг ойлгож зөв дамжуулж сурахын тулд буурлуудаа буулгаж эхэлснээс хойш олон сар жилээр биеэ бэлдэж, оюун ухаанаа тэлж, уул усаа аргадаж, тахилга тайллагыг үйлддэг.
Харин тагш тагшаар архи нэхэж согтууран бөөлж байгаа бол тэр буусан сүнс нь яавчиг Онгодууд биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр сүнс бол хэдийгээр сайхан шүлэглэн хэлэх, үйлийг ч давгүй хийж чадах ч албин тийрэн мөн гэдгийг ялгаж ойлгох нь зөв. Согтуу сүнс хэзээ ч зөвийг үйлдэхгүй учраас хавь ойрын түшээ, ах дүү нар нь ч бодолцох ёстой. Архаг архичин, тамхичин, буруу муу үзэл бодолтой хүний биеийг Онгодууд голдог гэдгийг ч мэдэхэд буруудахгүй байх.
Мөн бөө болох, улаач болох үрд нь Онгодуудыг холбож өгөх, залаалах үйл явц нь маш чухал, маш өндөр ач холбогдолтой, учир начир ихтэй үйл байдгийг, багш гээд байгаа залаалагчийг зөв сонгох, залаалагч ямар чадвар, мэдлэгтэй, ухамсар, оюун ухаантай, үйл ажилтай болохыг ах дүүсээрээ, отог омгоороо онцгой анхаарч, сонгож авахгүй бол хар сүнсийг холбож өгч байгаа бөөнцөрүүд бас байгааг анхаарна уу. Залаалагчаас олон олон зүйл шалтгаална. Залаалагч бол оюун ухаан, хийх үйл, хэл яриа, авир ааш, мэдлэг чадвараараа оройлон манлайлагч байх учиртай.
Дээд Онгод, Тэнгэрүүдийн хэлэх ярих, ойлгуулах, хийж байгаа үйл нь эрс ялгардаг. Хоромхон зуур хурууныхаа дохиогоор эмнэж домноод эмчилчих чадвар тэдэнд бүгдэд нь байна. Анагаах ухаан оношилж эмчилж чадахгүй байгаа өвчинг хөнгөхөн оношлоод эмнэх чадал ч байна. Хол ойр, орон зай, цаг хугацаа гэж тэдэнд байдаггүй юм, чадахгүй зүйл ч байхгүй, гагцхүү хөтөчлөн улаачилж буй БӨӨ нараас их зүйл шалтгаалдаг нь үнэн.
Бөө гэх хүний цаана өөрсдийн чинь өвөг дээдэс, өжий буурлууд үе үеэрээ байгаа шүү.
Бөөгийн тухай ойлголтоо зөв, үнэн болгоод Өвөг Дээдэс, Буурлуудынхаа СУУ УХААНаас суралцан сүсэглэн хүндлэх болтугай Та минь ээ.
Гээгэл
Гээгэл · 2024/01/25
Миний бичсэн эд бна ккк
д.бат-эрдэнэ · 2018/01/30
их зөв гэж бодож баина.
Зочин · 2016/05/19
Үнэхээр хайхалтай сайхан бичсэн байна. Монголын нийхэмд маш олон бөө нууц байдалтай байгаа учир нь тэднийг бөө гэхээр улсууд өөр хандаад байдаг. зарим нь галзуу, жүжигчин гм олон нэр хоч өгөх бас түүнээс эмээх гээд олон олон бэрхшээлүүд байна. Үүнийг зөв ойлгох, зөв таних, зөв хөгжүүлэх л хэрэгтэй байна. Алив зүйлд саар зүйл сүүдэр мэт дагаж явдаг учир элдэв бугшмал залсан улсуудаа бас л засаад авах л хэрэгтэй байх. ХӨХ МОНГОЛЫН ҮРСИЙГ ТЭНГЭР ӨРШӨӨГ