Монголчууд үнэхээр өлсгөлөн амьдарч буй нь алхам тутам мэдрэгдэж байна. Яагаад гэхээр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх буюу УИХ дэлгүүр, Багшийн дээд, Сансар, 13-р хороолол зэрэг хотын төв хэсэгт хүнээс хоол гуйсан, мөнгө горьдсон боломж олдвол хулгай дээрэм хийх гэсэн горьдлогын харцтай хүүхэд залуус хэт олширчээ.

Өнгөрсөн сард спортын төв ордны урдуур алхаж байсан хоёр эмэгтэй нэг нэг хоол барьчихсан алхаж явтал, 15,16 настай болов уу гэмээр өрвөгөр шар хүү нэгнийх нь хоолыг булаагаад машинд дайруулах шахар зам хөндлөн гараад гүйчихсэн. Яг ийм дүр зураг маш их байна. Заримдаа гэрэлтдэг торонд хүнсээ хийгээд явж чадахгүй байдалд хүрч байна. Торны цаанаас идэх зүйл л харагдвал гуйж ирээд гуйхь эсвэл булаах нь мөнхийн үзэгдэл боллоо. Өмнө нь захын гэр хорооллынхон л иймэрхүү дүр төрхтэй байсан бол одоо хотын төвөөр ийм болжээ. Өөрөөр хэлбэл Зайсангийн баяууд тансаг хорооллын оршин суугчидаас бусад нь хагас өлсгөлөн амьдраад байна уу л гэж бодогдох юм. Заримдаа 20 гаруй насны том залуус хүүхдүү гүйлгэж, гуйлга гуйлгаж байгаа харагдах юм. Энэ бол ажилгүйдэлтэй холбоотой. Тэдэнд хийх ажил олдохгүй ч байх шиг байна. Эрх мэдэлтнүүд иргэдээ ядаж хоол гуйлгахгүй амьдруулах арга байдаггүй л юм байх даа.

Дээрхийг батлах мэт нэг баримт бол зах худалдааны төвүүдийн хүнсний борлуулалт муудсан гэх яриа. Хүчит шонхор захад 15 жил махны наймаа хийж байгаа Д.Намнан ингэж ярьжээ. “Махны үнэ бага багаар бууж байгаа. Гэхдээ иргэд махаа бага, багаар нь худалдаж авсан хэвээр л байна. Иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх бүрт буурч байна. Нэг килограмм мах аваад явах хүн олон байна. Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй".гэжээ

Харин Барс захынхан ярихдаа “ Өнгөрсөн жилээс хойш жимс, жимсгэний үнэ тогтмол өсөлттэй байсаар ирсэн. Нэг хайрцаг тутамдаа 15000-30000 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал, өнгөрсөн жил хайрцаг чинжүүг 30 мянган төгрөгөөр зарж байсан бол өдгөө 50-55 мянга болсон. Үнийн нэмэгдэлд валютын ханшийн зөрүү, үлдсэн нь гаалийн татвар нөлөөлж байна. Тэгэхээр бидний оруулж ирж буй барааны үнэ нэмэгдэхээс аргагүй. Ард иргэдийн цалин нэмэгдэггүй учраас ядуурал бий болж иргэдийн худалдан авалт буурч байна” гэсэн байна. Харин хүнсний ногооны хувьд 800-1200, лууван 1800-2000, байцаа 1300, сонгино 1500-2000 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Н.Чимэг