НӨАТ-ын буцаан олголт улам бүдгэрсээр л...
2016/06/13
Ард түмэндээ ээлгүй хуулийг санаачлан батлахдаа гаргууд Засагтай дөрвөн жилийг үдлээ. Тухайлбал, НӨАТ-ын хууль. Энэхүү хуулиар нуугдсан татварыг ил гаргаж улсын төсөвт оруулсан нь сайшаалтай. Гэхдээ иргэдэд ямар ч ашиггүй байна. Тэдний халааснаас "сугалаа" нэрээр мөнгө завшиж буй нь харамсалтай.
Өнөөдрийг хүртэл НӨАТ-ын буцаан олголтыг хийгээгүй байгаа. Ил болгосон мөнгөнөөсөө хийчихмээр ажлыг хийсэнгүй. НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд даруй олгох Ерөнхий сайдын үүрэг ч бас биелэх боломжгүй болоод буй юм. Зүй нь НӨАТ-ын мөнгийг улирал тутам олгох, 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгох ёстой. Гэвч энэ мөнгө улсын төсөвт байхгүй. Харин өнөөдөр хэлэлцэх ёстой хүмүүс нь сонгуулийн ажил гээд тойрог бүртээ өөрийн сурталчилгаагаа эхлүүлэн алга болов.
Ер нь ч хөрөнгийн эх үүсвэргүй нэлээдгүй амлалт, ажил хэрэг бололгүйгээр чуулган завсарлаж орхисон. Уг нь ядаж НӨАТ-ын эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулчихгүй дээ. Өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан тодорсон ч гэлээ "мөнгөө аваагүй" байгаа. Азтан болсон хүмүүсийг нь "чи мөн, чи биш" хэмээн суусаар хэдэн сарыг ардаа үдчихлээ. Өдгөө нөгөө супер азтангийн шагналын сан 675 сая төгрөг болтлоо өсчихсөн. Харин иргэдийн сугалаанд хожсон мөнгө нэмэгдсэн болов уу? Ойр дотны 30 гаруй хүнээс ганц нь ч хүмүүсийн хамгийн ихээр хожоод байгаа гэх 20 мянган төгрөгийн азтан ч болоогүй байна. Тэдний зарим нь нэлээдгүй хэдэн баримт бүртгүүлжээ. "Сугалаатай баримт" олгогдож буй газраас худалдан авалт хийх тутамд нэмэгдсэн үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг иргэд авч байгаа. Гэтэл үүний хариуд сугалаанд хожиж эсхүл НӨАТ-ын урамшуулал нь нэмэгдэх ёстой. Гэвч хэдэн ч баримт бүртгүүлсэн юу ч хожихгүй, буцаан олголтын мөнгөн дүн нь өсөхгүй байгаа иргэд цөөнгүй байна. Тэд хэзээ илүү мөнгө төлснийхөө хариуг авах вэ!!!
Харин НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжсэн хугацаанд НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ 2.2 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ халааснаас хумсалж төсвөө бүрдүүлээд байна уу гэлтэй.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд улирал тутам олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбогдуулж НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тогтоолд нэмэлт оруулахаар тогтсон гэдгийг хүн бүр мэдэж буй. Сонгуулийн ажлаас болж энэхүү буцаан олголт улам бүдгэрсээр... НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор урьдчилсан байдлаар 5.8 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгж авах тооцоотой гарсан гэдэг.
Зочин · 2016/06/14
3 сарын сугалаанд таарсан 500,0 мянган төгрөгийг өгөөгүй ээ. Худлаа шоу юм байна лээ.
Туяа · 2016/06/13
НӨАТ-ын системд бүртгүүлсэн баримтынмөнгөн дүн гэнэт багасчих юм. 10000 гаруй мянган төгрөгөөр. Гайхаад мессеж бичсэн ч хариу өгөхгүй юм. Эль 4 сард 20000төг хожсон ч одоо болтол өгөөгүй. Эндээс харахад тухайн хүний сугалаанд хожсон 20000төгрөгийг өөрийнх нь буцаан олголтоос хасч байгаад бүрдүүлж өгдөг юм шиг байна. Энэ арай л биш юмаа.