Саадын биш сайдын эрэлд
2016/07/06
Ард түмнээсээ хэт тасарч, авах идэхийн ад дон шүглэн, эрх мэдлийн тэнгэрт эндүүрэн хөөрвөл, далавчийг нь хугартал, далийг нь гэмттэл сонголтын “буу”-гаар буудаж, хөрсөн дээр нь буулгах ардчилсан зэвсэг олон түмэнд буйг харуулсан үйл явдал өрнөөд төдий л удаагүй байна.
Улс төрд аархагчид хүнд цохилтод өртөж, аз нь шовойгсод хөөрлийн шокноосоо гарч амжаагүй байгаа аагим зуны энэ өдрүүдэд ачааны хүндийг үүртэлгүй үүрэх ёстой Засгийн газар байгуулах их ажил ид өрнөх нь бололтой.
Шинэчлэлийн нэртэй “Хийрхэгчийн”, Шийдлийн нэртэй “Хийдлийн” Засгийн газар байгуулсан өмнөх эрх баригчдын алдааг давтахгүйн тулд Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж цагаан дээр хараар Мөрийн хөтөлбөртөө тунхагласан МАН-ын шинэ байгуулах засаг намын биш “Ардын засаг” байгаасай гэсэн хүлээлт нийгэмд нэн шинэ итгэл найдварын давлагаа үүсгээд буй.
Тэр дундаа өнгөрсөн 4 жилд мэнгэ голлож, суудал өнцөгдөн, сэхээнд орсон Эрүүл мэндийн салбарыг нам нь ялахаар амь ордог улс төрийн утсан хүүхэлдэй, уран донгоддог нүүдлийн хөхөө, ул дол, улиг домог болсон хуучин кадрууд биш жинхэнэ сэтгэлтэй, зүтгэлтэй, нэр цэвэр хүн нь тэргүүлээсэй билээ гэж бултаараа хүсч байна.
Ард олныг анагааж, амь сахих ариун тангарагтай Эрүүл мэндийн яам өнгөрсөн 4 жилд 3 сайдын нүүр үзэж, түүнээс ч олон Төрийн нарийний шил харсан. Ихэнх нь авлига, хээл хахуулийн хэрэгт унаж, тендерийн будилаанд орооцолдон аавын хаалга татаж арилж одсон бараан түүхтэй.
Амь манах манаачгүй,аврал болох яам нь сайдгүйн улмаас зөвхөн 2015-аас 2016 онд эхийн эндэгдэл 3 дахин өсч, халдварт өвчин хаяа хүрээгээ хэд дахин тэлсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл өссөн ч эсрэгээр үйлчилгээ нь шал дордож, өвчтэй зовлонтой улс өөрсдөө эм тариагаа зөөдөгтөө тултлаа зүдэрсэн, зутарсан. “Улаан бурхан”-аас өөр харж үзэх бурхангүй болж, бүтэн зургаан сар өнчирсөн Эрүүл мэндийн яам “Лам” гэсэн үг нэрнийх нь эхний үсгэнд багтсан сайдтай болж сахил хүртсэн ч дэвжиж дээрдээгүйг бид мэднэ.
Шинэ засаг удахгүй байгуулагдах чимээнээр дахиад хоноцын сэтгэлтэй, сайд нэртэй саад л битгий ирээсэй гэж эгэл олон ч, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд ч чихэр горьдсон хүүхэд шиг бүлтийж, чих тавин сураг анирдаж сууна.
Гэхдээ тэд энэ том салбарыг улс төрийн увайгүй шунал, нам нь ялсан дүйвээнээр өөрийгөө энэ салбарын хүн гэж рекламдах эрэвгэр дэрэвгэр нүдтэй эрүү нүүрний эмч, мэдлэг боловсрол нимгэн сувилагч төдийхөн аваад явчихна гэдэгт аанай л бас итгэж өгөхгүй байгаа юм. Улс төрч хүнд хүн зоны амь настай холбоотой асуудал атгуулах нь угтаа бол эгээ л таксины жолоочийг онгоц барь гэсэнтэй, мал нядлаачийг өвчтөнд мэс засал хийгээдэх гэсэнтэй ижил утгагүй тэнэг хэрэг билээ.
Тэгээд хэн? гэж...Өнгөрсөн хугацаанд сайдаас илүү санаачилгатай, ядарсан түмнийхээ төлөө яамнаас илүү сэтгэлтэй ажилласан хүн байгаа гэж үү? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тэгвэл тийм хүн байна гэдгийг эгэл жирийн хүмүүс, өвдөж зовох, өнчирч хагацахын уй зовлонг амссан улс амьтан хэлж байна. Тэр бол ОНОМ сангийн ТУЗ-ийн дарга, доктор Дашдоржийн Наранбаатар. Тэр төрөөс ганц сохор зоос ч царайчлалгүй, төсвөөс гапий улаан төгрөг ч гуйлгүйгээр “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачилж амжилттай хэрэгжүүлж яваа гавьяатан. Элэгний хатуурал , хавдраар ганцхан өдөрт 7 монгол хүн нас барж, жилд 2600 хүн хорвоог орхиж буй эмгэнэлт байдлыг тэр салбартаа саад болсон цэвдэг сэтгэлт сайд нар шиг зүгээр хараад сууж үнэндээ төвдөөгүй юм.Тиймдээ ч төрийн хүнд суртал, хөшүүн хаалтыг даван байж АНУ-д 90 мянган ам долларын үнэтэй зарагддаг элэгний С вирүсийг эмчлэх Харвони эмийг 1200 ам доллар болтол нь хямдруулах ажлыг гардан хийж олон хүний амь аврах хаалгыг нээж буян болсон. Бас 1200 ам долларын үнэтэй эмээ өвчтөнүүд ЭМД-ын санд төлсөн мөнгөөрөө авдаг болгохын төлөөнөө хөлөө цуцтал гүйж, хэлээ чилтэл хэлж ярьж яваа. Хорвоо увайгүй явдалтан, ширэн нүүртнээр дүүрэн хойно түүний хичээл зүтгэлээр Монголд хямд үнээр орж ирсэн эм, эмчилгээг өөртөө наах гэж шунасан улс төрийн ашиг хонжоо хайгчид бишгүй гарч ирсэн ч олон түмэн үнэн мөнийг нэгэнт таньсан билээ. АНУ-ын Стэнфордын их сургуулийг төгсч, тэндээ докторын зэрэг хамгаалсан Д.Наранбаатарын хичээл зүтгэлээр МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн чухал бодлого тусгалаа олсон. Одоо харин энэ эрхэм зорилтыг хэрэгжүүлэхэд тэр л гол ноён нуруу нь болж чадна гэсэн итгэл олон түмэнд байна. Мөн тэр монголчуудын нас баралтын гол шалтгааны нэг болсон цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгийг эмчлэх эм, эмчилгээний шинэ аргыг энэ намартаа багтаан нэвтрүүлэхээр идэвхийлэн зүтгэж байгаа хүн. Олныхоо төлөө, тэдний эрүүл мэндийн төлөө ингэж зүтгэж буй “ОНОМ” –ын Д.Наранбаатар шиг хүн л Эрүүл мэндийн сайд болоосой гэсэн хүлээлт хэсэг бүлгийн биш нийгмийн захиалга гэдгийг ардаараа овоглосон Ардын нам эрхбиш зөвөөр тунгааж, зөв хүнд амь сахих ариун үйлийг даатгана гэдэгт бултаараа итгэж сууна. Түүнээс биш тендер будилаантуулж, авлига авдаг, тэвэр тэвэр мөнгөө гэртээ мартдаг, сайхан нэртэй ч буруу мөртэй саадууд ерөөсөө ч хэрэггүй. СААД биш САЙД шиг САЙД-ын энэ эрлийн үзүүрт улс төрч биш улсаа боддог хүнээр л эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбар дутаж байгааг дахин дуулгая. МАН-ын Мэргэжлийн Засгийн газар байгуулах зөв зүг эндээс л эхлэх ёстой буй за.
А.Баярмаа
Отгоо · 2016/07/09
... эмнэлгүүдийн ялзарсан, чадваргүй дарга нарыг юуны түрүүнд халж салбарыг эрүүлжүүлэх хэрэгтэй
Отгоо · 2016/07/09
... зугаалсан, АН-ЫН фракцлах дон, төрийн алтыг төрлийн алба болгосон шившгийг нэгжийн хүрээнд дэлгэрүүлэгч төв эмнэлгүүдийн
Отгоо · 2016/07/09
...эзэмшсэн ийм хүнд итгэл хүлээлгэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Авилгал тендерийн бизнесээр халаасаа
Отгоо · 2016/07/09
Эрүүл мэндийн салбарт шинэ сэтгэлгээ, шинэ арга барил амин хэрэгцээ болоод байгаа энэ цаг үед дэлхийн хэмжээнд боловсрол
lll · 2016/07/09
ochirbat emch naraa changalaad halaa selgee ih hiine sh dee
lll · 2016/07/09
hurelbaatar tegeed uudtee um hiij chadaagui sh dee
Зочин · 2016/07/09
Наадах нөхөр чинь жинхэнэ шунал нь дийлддэггүй гар ш дээ?
Зочин · 2016/07/08
Hiisen zuiltei,Heleh ugtei,Bolovsroltoi,Soyoltoi,Ene salbart ajillah turshlagatai,Mash zuv uzel bodol zarchimtai,alich namiin gishuun bus,Ajil hiihiig hussen henteich hamtarch ajillaj chadah bolon chaddag
Зочин · 2016/07/06
Доргио.мн Эрүүл мэндийн салбарыг битгий улс төржүүлээд бай. МАН-д ганц нэг байдаг новш тэр л бичүүлээд байгаа.
Зочин · 2016/07/06
сайн менежер л хэрэгтэй дээ, ер нь тэгээд заавал эмч байх албагүй л дээ, өөрийн багаа харин сайн мэргэжилтнүүдээр бүрдүүлж болно.
Ankhbayr · 2016/07/06
Ulsiin emnelgiig huviin kompani shigee bolgoson ashig sonirhliin zorchiltei klinikiin tov emleguudiin darga nariig end terguund solih heregtei.
Зочин · 2016/07/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛ ЗӨВХӨН ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХ АЖИЛ БАЙДАГГҮЙ ЮМ. ЭРҮҮЛ МЭНДИЙГ УДИРДАНА ГЭДЭГ ЮУНЫ ТҮРҮҮНД САЛБАРЫН БҮХ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙН МЭДДЭГ, МЭДЭРДЭГ УДИРДАЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗӨВ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ. УДИРДАЖ ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭДЭГ МЭРГЭЖИЛ ГЭДГИЙГ ОДОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ МЭРГЭШСЭН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛООД САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ТАВИХ ЦАГ БОЛСОН. ЭМЧ НАРАА САНАЛАА БИЧИЦГЭЭГЭЭРЭЙ БИД НАР ДОТОР ЯЛАНГУЯА ОДОО ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН ДОТОР САЙД ХИЙХ ХҮН БАЙЛГҮЙ ЯАХАВ
Зочин · 2016/07/06
demjij bn
Зочин · 2016/07/06
урдны сайдууд ёстой СААД болж байсан шүү. Авилга, элдэв мөнгөний асуудалд дандаа орооцолддог. Энэ удаа зөв хүн сонгоосой. Энэ хүнийг дэмжиж байна