Н.Энхбаярын бие нь хорих газарт буй ч сэтгэл санаа нь Монголын улс төрд асаж дүрэлзэж яваа бололтой. Тэр­бээр МАН-ын ахмадуудын зүгээс Д.Тэрбишдагва сай­дад хүргүүлсэн “нэгдэх хүсэлт”-ийг соргогоор тус­ган авч Хууль зүйн дэд сайд Э.Эр­дэнэжамьянгаар дам­жуу­лан байр сууриа илэрхийлсэн гэнэ.

Н.Энхбаяр захихдаа” АН-тай сайн ярь. Нэгэнт бай­гуулсан гэрээний үүрэг юу билээ. Дараа нь МАН-тай ярьж бол­но” хэмээсэн аж. Үүнээс харахад Н.Энхбаярт МАН-тай эвлэрч нэгдэх хүсэл алга. Товчхондоо “шарх нь аниагүй” байгаа нь илэрхий байна.

 

Яг үүнтэй зэрэгцэн бас нэгэн “гал ассан” нь УИХ-ын гишүүн Ц.Ням­дор­жийн “шалбааг”-ны асуудал. Турш­лагатай, тулхтай гэгддэг улстөрч яагаад улс төрийн нэгэн намыг тэр чигээр нь “шалбааг” гэж тодорхойлох болов. Түүний дарангуйлах хүсэл хийгээд өс хонзонгийн гал дээд цэгтээ тулж өөрөө “шатах” шахаж буй нь энэ. Ц.Нямдорж гишүүний хувьд “МАН, МАХН-тай нэгдэх хэрэггүй” гээд хэлчихэд сонсох, итгэх хүн хангалттай олон бий. Гэтэл заавал нэг намыг гишүүдтэй нь хамт доромжилж өөртөө “гал дуудах” хэрэггүй баймаарсан.

Тэртээ тэргүй МАН, МАХН-ын нэгдэл олон нийтээс олигтой үнэлгээ авахгүй. “Хулгайч, хулгайчтайгаа нийлэх гэж байна” гэж шивэр авир хийгээд хэдийнэ эхэлчихсэн. Ц.Нямдоржийн “шалбааг”-гүйгээр ч “хасах” үнэлгээ авах нь тодорхой байхад өөрийнхөө чансаанаас хасалт хийдэг нь яаж байгаа юм бол оо. Тэрбээр “Далай хэзээ шалбааг руу цутгадаг байлаа” хэмээн цэцэрхжээ. “Урилгагүй зочин татараас дор” гэж гомдоллоход бурхан багш яаж өөрчилсөн гэлээ. Яг түүн шиг шалбааг далайд дусвал яаж булин­гар­туулахыг бодоод үз дээ. Чамла-хааргүй булингартуулах байх шүү.

Гэтэл УИХ-ын гишүүн З.Баян­сэлэнгэ бас энэхүү “шалбааг”-т тайлбар өгсөн байх юм. Тэрбээр Ц.Ням­доржийн “характер”-ийг сайн мэддэг гэнэ ээ. Мөн өөрөө хүний дор орохгүй, намаа бусдад доромжлуу­лахгүй байхыг хүсдэгээ илэрхийлээд зогсохгүй намынхаа даргын эрүүл мэндийн талаар “мини мэдэгдэл” хийчих шиг боллоо. Учир нь Н.Энхбаярыг их хөлгөн судруудын орчуулгыг хийгээд, намынхандаа зөв­лөгөө, чиглэл өгөөд байгааг сон­соод зарим хүн гайхаж байсан. Ха­рин З.Баянсэлэнгэ гишүүний тайлбар­лаж байгаагаар бол экс Ерөн­хийлөг­чийг нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа учраас  өв­чинтэйгээ тэмцэхийн эрхэнд “Монгол Корчагин” болчихоод “хатаагдаж” буй нь тэр аж.

Ямартай ч Н.Энхбаярын “Эхлээд АН-тай зөвшилцөж байж МАН-тай харилц” гэсэн чиглэл, Ц.Нямдоржийн “МАХН бол шалбааг” гэсэн мэдэгдэл давхацсан энэ цаг үед МАХН, МАН-ын нэгдэл сайн зүйлийг авчрах нь юу л бол. Тухайлбал Н.Энхбаярын хувьд АН-ын хамгийн гол кандидатуудтай тохиролцоо хийсэн байж болох талтай. Үүнийгээ ч Засгийн газарт нь орж ажиллах гэрээнийхээ ард нуухыг хүсэх нь ойлгомжтой. Харин Ц.Нямдоржийн хувьд МАХН-тай нийлэх тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа нь бараг “зүйн хэрэг” гэчихэд хилсдэхгүй. Учир нь Н.Энхбаяр хоригдчихоод байхад хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвших кандидатад нэр нь ч дурьдагдахгүй байгааг тэр хэрхэн хүлээн зөвшөөрөх билээ. Тэгээд ч “Яагаад би биш гэж” гэх асуултыг тавихдаа хариултыг өөрөөсөө бус өрөөлөөс хайгаад сурчихсан түүний хувьд МАН-ын нэр дэвшигчийг санал асуулгаар тодруулах болсонд хүртэл цухалдаж буй нь анзаарагдаж байна.

Сонирхолтой нь Ц.Нямдоржийг уг мэдэгдлээ хийсний дараа нийтэлсэн сайтуудад нь хайлт хийж үзэхэд “Энэ сайт таны компьютерийг сүйтгэж болзошгүй” гэсэн тайлбар гарч ирж байв. Энэ нь ч цаагуураа түүний бухимдсандаа хэлсэн “шалбааг” намыг нь сүйтгэж болзошгүй байгааг сануулах мэт эвгүй гэдэг нь.

 

У.Оргилмаа