УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Мэргэжлийн хүн томилж байгааг дэмжиж байна. ОБЕГ орчин үеийн хүчирхэг технологитой болох ёстойг анхаараарай. Усанд хүүхэдтэйгээ урссан эх, гал түймрийн аюулыг анхаараарай. ШӨХТГ-ын хувьд шударга өрсөлдөөн Монголд байхгүй болсон.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Юуны өмнө баяр хүргэе. Гэхдээ захиж хэлэх зүйл байна. Ард түмэн асар их итгэл, хариуцлага хүлээлгэснийг санаж яваарай. Парламент, засгийн газрын зааг хязгаарыг мэдэж яваарай гэв. Сайныг чинь дэмжинэ, саарыг чинь хариуцлага тооцно гэдгийг бүх гишүүдэд хэллээ.

Үүний дараа У.Хүрэлсүхийг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилох эсэхээр санал хураалаа. Санал хураалтад 64 гишүүн оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилов.

Шадар сайд У.Хүрэлсүхийн намтар:

Төрсөн он

1968

Төрсөн газар

Улаанбаатар хот

Үндэс угсаа

Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг.


Боловсрол: 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.


Ажлын туршлага:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 - 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 оноос Улсын Их Хурлын гишүүн.

Мөн Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа.