Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Цэндзэсэмийн Чимэддоржтой ярилцлаа.

-Монгол Улсын начин цол хүртсэнд баяр хүргэе. Улсын наадамд хэд дэх жилдээ зодоглож байна вэ?

-Энэ жилийн хүчит бөхийн барилдаан өрсөлдөөн ихтэй, чансаатай боллоо. Нийт 21 аймгийн 300 гаруй сумын бөхчүүд үндэснийхээ баяр наадамд зодоглолоо. Нэгийн даваанд жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Монгол Улсын гавьяат тамирчин С.Мияарагчаа, хоёрын даваанд Дорноговь аймгийн харьяат, аймгийн харцага Ширчинхүү нартай учраа таарч давсан. Гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өсөх идэр начин Б.Чинзоригийг, дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын харцага Ж.Амартүвшинг давсан. Харин тавын даваанд нутгийн ах, “Их Монголын хүчтэнүүд” дэвжээний бөх Б.Сайнбаяр заанд амлуулан барилдаж, начин хэмээх хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Энэхүү хүндтэй цолыг хүртэхэд ээж маань магнайгаа тэнийтэл баярласан. Их бэлгэшээлтэй сайхан жил байна. Хөдөлмөрлөсний минь үр дүнд ирсэн энэхүү цол минь надад маш их хариуцлагыг авчирч байна гэж ойлгож байгаа, цаашдаа улам хичээх болно. Аварга болохын төлөө л хичээнэ дээ.

-Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Үндэснийи их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч баяр хүргэсэн. “Алдар” спорт хороонд хэдэн онд орж байв?

- “Алдар” спорт хорооны хамт олон их тусалж, дэмждэг. Их баярлаж явдаг юм. Анх 2007 онд Б.Ганбаатар багш маань Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Тогоо генерал дээр “За энэ хүүхэд сайн бөх болно. Улсын цол авна гэдэгт итгэж байна” гээд “Алдар” спорт хороо хэмээх энэ айлд оруулахаар болсон юм. Тогоо генерал их сайхан хүлээж авсан. Тухайн үед намайг зэвсэгт хүчний 120 дугаар ангид хуваарилж байв. Одоо нярвын албыг хашиж байгаа.

-Та Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Аймаг, сумын наадамдаа цол авч байсан тухайгаа яриач?

-2003 онд сумынхаа наадамд барилдаж, үзүүрлэн сумын начин болсон. Мөн 2005 онд “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаан болж сумын цолтой бөхчүүд барилдсан юм. Тэр үед 25 барилдсанаас 24 давж сумын заан цол хүртсэн. Харин 2007 онд Дорноговь аймагт барилдаж аймгийн начин цол хүртсэнээс хойш улсын наадамд зодоглож байна. 2011 онд Өвөрхангай аймгийн түүхт 80 жилийн ойд 512 бөхөөс найм даван үзүүрлэж, аймгийн арслан цол хүртсэн дээ.

Би малчин айлын хүүхэд болохоор багын морь, малтай ойр өссөн. Тиймээс бөх барилдахад дөхөм байсан болов уу. 2000 онд “Хилчин” спорт хорооны дарга, Монгол Улсын өсөх идэр начин Д.Дашжамц багш маань хилийн цэргийн 0151 дүгээр ангид намайг цэрэгт татсан юм. Алба хаах хугацаандаа “Хилчин” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж, бөх болох гараагаа эхлүүлсэн. Тэр үед л бөх хүн ямар ёс жаягтай, тэсвэр тэвчээртэй байх талаар мэдэж авч байлаа. Цэргээс халагдсаны дараа “Хилчин” спорт хороонд бэлтгэл хийдэг байв. Харин 2002 онд “Их шавь” дээд сургуулийн урилга аван “Чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч” мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд бөхийн спортоор тууштай хичээллэж, өдийг хүртэл явж байна даа. Энэ зэрэгтэй явах эхлэлийг минь тавьсан Монгол Улсын өсөх идэр начин Д.Дашжамц багшдаа их л талархаж явдаг даа.

-Бөх удам дагадаг гэдэг. Танай удамд бөх байдаг уу?

-Манай ээжийн талынхан бөхийн удамтай. Эмээгийн маань төрсөн дүү 1949 онд Монгол Улсын начин цол хүртэж байсан Г.Цэрэнжав гэж хүн байсан. Нагац ах маань аймгийн заан Дэмбэрэл гэж хүн бий. Монголын бүх ард түмний спартакиадад хорин нэг давж байсан хүчтэн. Мөн аймгийнхаа баяр наадамд барилдаж, аймгийн заан цол хүртэж байсан. Аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном бид хоёр үеэлүүд л дээ. Энэ жил улсын наадамд дөрөв даваад Бүрэнтөгс арсланд тахимаа өгсөн. Өвөрхангай аймгийн баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, улсын цолонд тун ойр яваа бөх.

-Багшгүйгээр спортыг төсөөлөхийн аргагүй. Та багш нарынхаа тухай яриач?

-“Их шавь”-ийн дээд сургуульд элсэн орж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, Монгол Улсын харцага Гунгаагийн Элбэг багшийн шавь болж байлаа. Багш маань дээд сургуулийн босго алхсан үеэс эхлээд өдийг хүртэл бэлтгэл сургуулилт хийлгэн, зааж зөвлөж байна. Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат монгол бөхийн домог болсон хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга намайг дасгалжуулдаг байсан. Их аваргаас барилдааныхаа арга барил, алхаа гишгээ, бусад зүйлийг заалгаж, зөвлөгөө авдаг байлаа. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Бандийн Ганбаатар арслан байна. Хамгийн эрхэм хүмүүсийн минь нэг. “Их Монголын хүчтэн” дэвжээний багш дасгалжуулагч хийж байгаа. Нутгийнхаа дэвжээн дээр бэлтгэл хийхэд хийморь сэргээд л ирдэг шүү. Тэр дундаа багштайгаа бэлтгэл хийхэд улам их эрч хүч орох шиг мэдрэгддэг. Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Эргээд харахад арваад жил тасралтгүй бэлтгэл сургуулилт хийжээ.

-Таныг бөх хүний хүргэн гэж сонссон. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхээс их олуулаа. Би зургаан эгч, гурван ахтай, айлийн хамгийн бага. Анх хөдөөнөөс юу ч мэдэхгүй их сургуульд орох гээд ирж байх үед эгч минь их тусалж дэмжиж байсан. Ах, эгч нар маань бөх болохыг минь их дэмждэг байсан юм. Оюутан байхдаа эгч нартайгаа хамт байсан болохоор гэрээ санах нь бага байсан. Олуулаа байх сайхан. Их сургуулиа төгсөөд гэр бүлтэй болсон. Эхнэр маань Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын начин Д.Нэмэхбаярын том охин нь юм.

-Та ямар бөхийг хүндэлж, үлгэр жишээ авч явдаг бол. Тэр тухай сонирхох гэсэн юм?

-Нутгийнхаа бөхчүүдийг ихэд дээдэлдэг. Монгол Улсын 19 дэх аварга Д.Сумъяабазар байна. Уран хурц барилдаантай мундаг бөх шүү дээ. Багадаа Сумъяа аварга шиг бөх болохсон гэж боддог байлаа. Миний бие “Алдар” нийгэмлэгт орсондоо маш их баярлаж явдаг юм. Үеийн үед хүчтэнүүд “Алдар”-аас төрсөөр байгаа. Энэ жилийн наадмаар ч олон сайхан хүчтэн, шинэ цолтнууд төрлөө. Цаашид ч энэ буухиа тасрахгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөө жил “Алдар” спорт хорооныхон маань 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ.

-Энэ жил хур бороо элбэгтэй, зуншлага сайхан болж байна. Нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Начин цол аваад очихоор мэдээж нутгийн олон баярлана даа?

-Өө тэгэлгүй яахав. Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 17 жилийн дараа начин цолыг хүртлээ. 1999 онд Долгорсүрэнгийн Сэржбүдээ Улсын заан, Дашзэвэгийн Эрдэнэбатаар тав давж начин болж байсан. Манай Өвөрхангай аймаг бол бөхийн өлгий нутаг юм. Нутаг усаараа бахархахгүй байхын аргагүй. Хужирт сум хоёр аваргатай, улсын цолтой арваад хүн бий. Олон жил хүсч мөрөөдөж явсан цолоо авчихлаа. Нутгийн зон олон, уул усандаа очихсон гэж яарч байна.

Б.Уранчимэг