Ардын нам үнэхээр ЗУУН МЯНГАН төрийн албан хаагчийг халах дээрээ тулсан уу?
2016/08/01
Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 11 сайдыг томилоод байна. Нэр бүхий дөрвөн яамны сайдад нэр дэвшигчийг “Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир Ерөнхий сайд эргүүлэн татсан. Эрх баригч нам Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараа сайд нарын нэрсийг Удирдах зөвлөлийнхөө хурлаар тодруулсан. Энэ нь багагүй шүүмжлэл дагуулан, “Мэргэжлийн Засгийн газар гэж энэ үү?”, “Ард түмнээ хэтэрхий басамжилж, Монголын төрийг дорд үзлээ” гэх мэдээллүүд гарч, нийгэм даяараа л шуугисан. Төрийн тэргүүн ч сайдад нэр дэвшигчдийг дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Ардын намын гишүүд ч Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.
Тухайлбал, Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа ухарсанд харамсч байна. Ард олны итгэл найдвар руу нулимлаа. Намыг дэмжигч, итгэл үзүүлсэн мянга мянган хүний урмыг хугаллаа. Ард түмнээ дэндүү басаж байна. Ингэж байж Ардчилсан нам шангаа хүртсэн. Дараа дараагийн сонгуулийг мөнгөөр шийднэ гэж бодож байгаа бол Ардчилсан намын хувь заяаг давтана” гэж мэдэгдсэн бол парламентын шинэхэн гишүүн үндэсний бөхийн дархан аварга “Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүлснээрээ Ардын нам анхны ялагдлаа хүлээлээ” гэж хатуухан хэлээд авсан.
Эл бүх тайлбар болоод сандал ширээний төлөөх улайрал нэг их гайхаад байхаар зүйл үнэндээ биш л дээ.
Улс төрийн сонгуульд ялсан нам засаг төрөө эмхлэн байгуулж, улс орноо удирдан авч явдаг. Ямар ч цаг үед шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн ард иргэдэд болоод бусдад 100 хувь таалагддаггүй. Заавал алдаа оноотой байх нь бий. Мэдээж тэрхүү алдаа оноо нь намдаа зүтгэсэн, сонгуульд ханатал нь хандив мөнгө өгсөн, нэг үгээр хэлбэл, намын санхүүжүүлэгч нөхөд сайдын зөөлөн суудалд очих гэж, эрх ашгийн хуваарилалтыг авах гэж зүтгэцгээдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Шинээр сайдын суудалд тухалсан хийгээд АТГ-аас “виз” авч чадаагүй горилогчид дунд намын санхүүжүүлэгчид байж л байна лээ. Улс төрийн энэхүү бичигдээгүй хууль дүрмийг мэдсээр байж Ардын намынхан өмнөх Засгийн газраа яг ийм асуудлаар баалж, “давхар дээл”-гүй байхыг эсэргүүцэн жагсаж, улс төрийн жүжиг тавьж байсан нь одоо эргээд харахад илүү байсан. Намын бүлэглэлүүдийн эрх ашиг, улс төрийн дайралт шахалтан дунд шинэ засаг байгуулагддагийг тэд мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ ардчилсан засаг руу арай хэтэрхий дайрч байсныхаа горыг эргээд амсах вий.
Монголын улс төрийн өнөөгийн нөхцөлд “Мэргэжлийн Засгийн газар” гэж байх боломжгүйг Ардын намынхан маш сайн мэдэж байгаа. Сонгуулиар ийм пиар хийхдээ ч ах намынхан мэдэж л байсан. Гэвч ард иргэдийн саналыг авах хамгийн мэргэн арга байсан нь тодорхой. Ийм илэрхий зүйлийн тухай (мэргэжлийн Засгийн газар байгуулах) ярьж, эрх баригч нам руу дайрч, эх захгүй маргаан үүсгэж, хийрхэж байхын хэрэг байна уу. Харин өнгөрөгч долоо хоногийн дундуур улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн. Тэрхүү мэдээллийн дунд нэг айхтар зүйл хэлэгдсэн нь “100 мянган төрийн албан хаагчийг халах” тухай мэдэгдэл юм.
Их хурлын гишүүн Ж.Батзандан “Монгол ардын нам хуучин тогтолцоо руугаа эргээд явж байна. Олон яам, агентлагуудын нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг ингэж битгий самар” гэж төрийн ордны танхимаас хатуухан дуулгаад авсан. Түүний хийсэн мэдэгдэл хэрвээ үнэн бол “Мэргэжлийн” гээд байгаа шинэ засгийн хамгийн ноцтой асуудал энэ байх болно. Төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг тухайн улс орны дархлаа нь байдаг. Тэгэхээр мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын харьяаллаар, улс төрийн ашиг сонирхлын үүднээс хоморголон хална гэдэг монгол төрийн дархлааг үгүй хийж байгаа явдал.
Улс төрийн сонгуульд ялалт байгуулсан эрх баригч намын шийдвэрээр сайдын зөөлөн суудалд очиж байгаа нөхөд монгол төрийн дархлааг хадгалагч биш. Тэд мэдээж намдаа зүтгэснийхээ шагналыг, хандив нэрээр өгсөн мөнгөнийхөө төлөөсөнд сайдын суудалд очиж байгаа цаг зуурын төдийхөн албан тушаалтан, улс төрийн бялуу хүртэгч, түүнийгээ бусдадаа хуваан хуваарилагч юм. Мэргэжсэн төрийн албан хаагч гэдэг өөр ухагдахуун. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэснээс аваад бүхий л амьдралаа Монголынхоо төрд зориулсан, олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан, тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ төрийн хат суусан эрхмүүд байдаг. Тэдний нуруун дээр улс орны хувь заяа явдаг. Хөгжил дэвшил, мандан бадрал, сайн сайхан ирээдүй тэднээс, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа их зүтгэлээс шалтгаална. Ямар ч нам эвсэл улс төрийн эрхэнд гарсан монгол төрийн залгамж халаа алдагдах учиргүй гэж улс төр судлаач, шинжээчдийн үздэг нь ийм учиртай.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа Монгол ардын нам монгол төрийн дархлаагаа сахин хамгаалах учиртай. Гэтэл 100 мянган төрийн мэргэшсэн албан хаагчаа хоморголон хална гэдэг Монголын төрийг ямар ч дархлаагүй үхмэл болгон, цаашид устаж үгүй болох замыг тавьж байна гэсэн үг.
Монголын ард түмний итгэлийг хүлээсэн нам мэргэжлийн Засгийн газраа байгуулдаггүй юмаа гэхэд мэргэшсэн төрийн албан хаагчдаа намын нэрээр хоморголон халж болохгүй. Үүнийг л ард түмэн эсэргүүцэж, шахаж шаардах хэрэгтэй байна.
“Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг нь сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэх алдарт үг нийтийн сүлжээнд явдаг. Энэ үнэн юм аа. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн” гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Монголын нэртэй нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалай бичиж байсан. Үнэхээр эрх нь зөрчигдсөн, намын харьяалал, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан монгол төрийн мэргэшсэн албан хаагчид, энгийн иргэдийн төлөө бид дуугарах болно. “Сандуйн цахилгаан төлөвлөгөө” гэж нийгэм даяар шуугиж байгаа. “Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих юм гэнэ” хэмээх яриа гарч байгаа. Энэ бүгдийн эсрэг “Өдрийн сонин” сөрж зогсон, зөвхөн үнэний талд байх болно. Халагдсан албан хаагчид “Өдрийн сонин”-д хандахыг уриалж байна. Бид ард иргэдийнхээ үнэний дуу хоолой байх алтан зарчмаа хэдийд ч баримтлан ажилладаг. Тиймдээ ч Монголын мянга мянган иргэд, уншигч олныхоо итгэлийг хүлээдэг юм.
Өнөөдөр Монголын төрөөр хэн дуртай нь тоглож, дур зоргоороо авирлан ард түмний сэтгэл зүйг хүссэнээрээ өөрчлөх гэдэг болсон. Ерэн оноос хойших он жилүүдэд зөвхөн хоёр нам л ээлжлэн төр барьж, улс төрийн тоглолт хийлээ. Энэ хугацаанд Монгол Улсаас үндэсний томоохон хөрөнгөтөн төрсөн үү. Хувийн хэвшил рүү зогсоо зайгүй дайрч, ард иргэдийнхээ хөрөнгийг булааж авч, төр засаг нь дээрэмчин тонуулчны үүрэг гүйцэтгэж, эцэстээ иргэдээ ядуу хоосон гуйлгачин болголоо. Энэ бүгдэд улс төрийн хоёр том хүчин хариуцлага хүлээх цаг нь иржээ. Ийм атал улс төрийн хамгийн тулхтай нам гэгддэг Ардын нам төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, гудманд хөөж гарган монгол төрийг үгүй хийх ноцтой зүйл яригдаж эхэлсэн нь харамсалтай.
Ард түмэндээ “амар сайхан жаргах”-ын үлгэр ярьж гарч ирсэн нам Монголын төрөөр тоглож, дур зоргоороо авирладаг энэ механизмыг одоо зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчийг аль болохоор тогтвортой ажиллуулж, монгол төрийн залгамж халааг хадгалах нь чухал. Үүнийг бүр хуулиар баталгаажуулмаар байна. Ямар ч засгийн үед зөвхөн улс төрийн албан тушаалтан сайдууд солигдоод бусад нь ном журмынхаа дагуу ажил үүргээ хэвийн явуулдаг хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш засаг өөрчлөгдөх сургаар л бүх яамдыг цэвэрлэгчээс нь аваад сайдыг нь хүртэл сольж, нэг хэсгийг нь гудманд гаргаж, нэг хэсгийнх нь өлсгөлөн ходоодыг цатгах гэж улайрахаар монгол төрийн дархлаа, аюулгүй байдал яаж бүрэн бүтэн байх билээ.
z · 2016/08/03
ардчилсан нам өнгөрсөн 4 жилд НХҮХ,Хөдөлмөрийн хэлтэс 2ыг тус тусад нь салгаж тус тусыг нь 50 50н хүний бүтэц бүрэлдэхүүнтэй болгосон. сая МАН гараад буцаагаад нэг яамтай болгоод нэгтгэчихлээ. Тэгэхээр одоо ахиад 50 хүнийг цомхотголд оруулж бүтэц орон тоог танана гэсэн үг үү. ямар ядаргаатайн бээ
Зочин · 2016/08/01
AH-n chadvarguichuufiig halj baival bolno
иргэн · 2016/08/01
МАН ард түмний толгойг угаахдаа гаргуун шүү дээв Одоо хар эхний өдрөөс л албан тушаалын наймаа луйвар нь эхэллээ. МАН үед ард түмний амьдрал сайхан болж байсныг бүтээн байгуулалт хийж байсныг огт мэдэхгүй юм бна. ХООСОН амлалтаараа сайхан бсан шүү дээ.
Зочин · 2016/08/01
nice
Зочин · 2016/08/01
АН нам дутуу халдаг.Одоо дежурээс хүртэл хална.АН-ын үед ажиллаж бсан МАН-ынхан бол урвагчид. манай нам урвагчидустгадаг хуульай
Зочин · 2016/08/01
Сүүлийн хэдэн жилд зохиомол албан тушаал үүсгэж төрийн албанд шургалсан нөхдүүдийг халсан нь дээрээ
Зочин · 2016/08/01
УУЛААСАА АРДЧИЛСАН НАМ БАС Л ХАЛЖ БАЙГААД АВСАН 100000 БАЙЛГҮЙ ДЭЭ ТҮҮНЭЭС БИШ НАСААРАА АЖИЛЛАСАН ХҮМҮҮС БОЛ ЮУ ГЭЖ ХАЛАГДАХ ВЭ ДЭ