С.УЯНГА

Сонгуулийн маргаашаас халаа сэлгээ үргэлжилдэг жишиг энэ удаад ч төрийн албан хаагчдыг тойрсонгүй. Уг нь МАН-ын удирдлагууд ажлаа мэддэг бол хэнийг ч төрийн албанаас халахгүй, тэрдундаа намын харьяалал байх ёсгүй. Жинхэнэ мэргэжлийн баг бүрдүүлнэ хэмээн амласан. Магадгүй халаа сэлгээнээс халширсан төрийн албан хаагчдад эрх баригчдын энэ үг итгэл төрүүлсэн байж болох. Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын нэрийг шаварт хутгасан хэн нэгэн халаа сэлгээг эхлүүлжээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын 28 албан хаагчийг бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон халсан байна.

Монгол Улсын Их хурлын энэ оны долдугаар сарын 27, Засгийн газрын наймдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөхөөр болсон. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр долдугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаж албан хаагчдыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт цалингийн сангийн хамт шилжүүлжээ. Гэтэл МАН-аас томилогдсон газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх 33 албан хаагчаас 28-ыг нь чөлөөлжээ. Ажлаас халсан үндэслэлээ 2012 оноос хойш томилогдсон байна гэж тайлбарлаж байгаа гэнэ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүний нөөцийн ажилтан Н.Халиун “Миний хувьд халагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй учраас тушаалаа аваагүй. Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Манай байгууллагын шинэ бүтэц орон тоо 35-аар батлагдсан. Гэтэл яг ажлаа хийх гэтэл биднийг нэг нэгээр нь дуудаж оруулж ирээд өргөдөл бичихийг тулгасан. Ажлаас халах үндэслэлээ бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа. Орон тоо нь батлагдчихсан байтал шууд өргөдлөө бичээд тушаалаа ав гэж дарамталж байгаа нь хууль бус. Тушаал дээрээ ямар заалтаар халж байгаагаа тодорхой бичээгүй, энэ хүнийг халсугай, тийм хүн ажил хүлээж ав гэсэн бичиг л байсан. О.Алтансүх даргатай уулзаад өргөдлөө бичиж өг гэхэд нь ар гэрийн амьдрал хэцүү байна. Орон сууцны зээлтэй. Тиймээс өөр ажлын байр санал болгооч гэж бичиж өгсөн. Хариуг нь өгөөгүй” гэсэн юм.

Ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр олноор нь халсан үндэслэлийн талаар хуульч Б.Эрдэнэбатаас тодруулахад “Төрийн албан хаагчдыг хоморголон халахдаа ажилтнуудаа хүчээр өргөдөл өгүүлэхийг шаардан, гэнэт халагдсаны тэтгэмж олгохгүй гэсэн шахалт үзүүлэх зэргээр Төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийгмийн хамгааллын баталгаат асуудал ба хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. О.Алтансүх нь түр орлон гүйцэтгэгч бөгөөд томилох, чөлөөлөх эрхгүй. Тиймээс Засгийн газрын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэсэн юм.

Харин бид дээрх асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхтэй холбогдож тодруулахад “Шинэ бүтцээр бүх ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. Тиймээс ажилд тохирох хүнийг авах ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай хуульч өгнө” гэв.

Ажлаас халах үндэслэлээ бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлажээ. Орон тоо нь батлагдчихсан байтал шууд өргөдлөө бичээд тушаалаа ав гэж дарамталж байгаа нь хууль бус. Тушаал дээрээ ямар заалтаар халж байгаагаа тодорхой бичээгүй, энэ хүнийг халсугай, тийм хүн ажил хүлээж ав гэсэн бичиг л байсан гэдгийг эх сурвалж хэлэв.