2016.08.22-ны өдрийн 10:00 цагийн орчим Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Хаан банкны тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрэм хийсэн байна.Тодруулбал Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Баг өмсөн зэвсэглэсэн этгээдүүд 23.2 сая төгрөгийг тус банкнаас дээрэмдэн зугтсан аж. Тэднийг баривчлах үед 10 гаруй сая төгрөг бэлнээр хурааж авсан байна.


Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 1994 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, “Н”, “Г” нар байсан бөгөөд сэжигтэн “Н”-г 2016.08.23-ны өдөр Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г 2016.09.06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Сэжигтэн “Г” нь урд нь Эрүүгийн хуулийн 145.2 заасан гэмт хэрэг үйлдэг Шүүхээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн зүйл анги байдаг. Тодруулбал, 145.2.д “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.

Банк дээрэмдсэн этгээдүүд Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймаг болон Улаанбаатар хотод хулгай, дээрэм, танхайн таван хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 145, 147, 181-р зүйлд заасны дагуу хүндрүүлсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.