“Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлдэг.

Жил бүрийн хуримтлалыг хэрхэн ирэх жилийн төсөвт төвлөрүүлж, хэдийг нь бүтээн байгуулалтад зарцуулж, хэдээр нь цалин, тэтгэврээ нэмэхэд зориулж орлого, зарлагаа тэнцүүлэх вэ? хэмээн яригдаж эхэлдэг жамтай. “Чингис бонд”-ын хүүгийн өрийг хаанаас ямар эх үүсвэрээр нөхөх, мөн гадаад зах зээлээс “бонд” босгох нөхцөл үүсвэл өрийн дарамт хэр учрах уу гээд олон асуудлын гарцыг олохоор парламент өчигдрөөс Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн төслийг  хэлэлцэж эхэллээ.

Төсвийн тухай Н.Алтанхуяг “Жилийн өмнө эдийн засгийн яамыг тусгайлан байгуулсан нь монгол улсын хөгжилд түүхэнд чухал явдал болжээ гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь сангийн яаманд төсвийн бодлого, эдийн засгийн бодлого хамтдаа байхад бол хэн ч хэзээ ч энэ олж хардаггүй байсан олон зүйлийг нэг жилийн хугацаанд эдийн засгийн яам гаргаж ирж чадлаа. Цаашдаа энэ хөөсөрчихсэн төсвийг зогсоохгүй бол энэ илүү зардлыг арилагах,  энэ илүү төсөв бодолтуудыг засахгүй юм бол бид 50 сургууль барих мөнгөөрөө таван сургууль барих болчихоод байна тийм учраас энэ 2014 оны ажлын төсөв дээр ажлаасаа  гэж хүсэж байна”  гэж хэлсэн юм.

Засгийн газраас өргөн бариад буй дээрх төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар заажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тодотгосноор төсвийн орлогыг бүрдүүлэхэд татвар хураалтыг эрчимжүүлэх бодлого барина. Төсвийн зардлыг хязгаарлахын тулд урсгал зардлуудыг тэвчих замаар 2013 оны төсвийн түвшинд багтаах чиг барьжээ.

Мөн төсвийн хөрөнгөөр баригддаг хөрөнгө оруулалтын өртөг жил ирэх тусам өссөн прогноз гарсанд анхаарч хөөсийг буулгах талд УИХ ажиллах шаардлага байгааг Ерөнхий сайд онцолсон юм.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихоод байна. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй болжээ. Энэчлэн тэрбум төгрөгийн нарийвчлалтай болсон жишээ олон байна. Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо байгаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт 2011 онд эхэлсэн усан бассейны барилгын анхны төсөвт өртөг 800 сая төгрөг байсан бол 2014 онд 4,5 тэрбумд хүрчээ. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга мөн 2011 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дуусгаагүй, гэтэл төсөв нь 3 дахин өсч, 9 тэрбум болсон байна. Өмнөговь аймагт Говийн бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн барилга 2012-2014 онд 2,7 дахин, нийслэлийн Найрамдал зуслан дахь Усан спорт цогцолборын барилга 2013-2014 онд 2,5 дахин, Хэнтий аймагт "Хан Хэнтий" чуулгын барилга 2011-2014 онд 2,4 дахин өссөн дүнгээр эхний 5-д нэрлэгдлээ. Хамгийн өндөр инфляцитай улсад ч 3 жилийн дотор батлагдсан төсвөө 4 дахин өсгөдөг ийм жишиг байхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлээд, тэр байтугай нэг байршилд ижил хүчин чадалтай, адил орц материал ашигласан барилгууд ч хоорондоо 3 дахин зөрүүтэй босохоор зардал оруулж ирснийг хэлж энэ асуудалд УИХ нухацтай хандах шаардлага болж байгаа юм.

Цалин, тэтгэврийг  хэрхэн нэмэх вэ?
Засгийн газраас ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж 200  гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Үүгээр бол төрийн албан хаагчдын цалин ес, тэтгэвэр, тэтгэмж 10 орчим хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарч байгаа юм. Гэвч цалин, тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны хэддүгээр сард гар дээрээ авахыг Ерөнхий сайд нууцаллаа.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэх байр суурийг барьж байна. Хэрэв дээрх санал төсвийн төслийг хэлэлцэх шатанд дэмжлэг хүлээвэл төсвийн зардлыг нэмэх шаардлагатай болно. Гол нь ямар зардлуудыг хасаж танаж 30 хувьд хүргэх вэ гэдэг шийдлийг бас УИХ олох хэрэгтэй болж буй.

Хуульд зааснаар УИХ 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан батлах үүрэг хүлээж байгаа. Тэр болтол гишүүд төсвийн хуулийг сайн нухах л үлдлээ.


Х.Даваа