Д.ГЭРЭЛ

Монголд зөвхөн эдийн засаг хямраад байгаа биш ажээ. Нэлээд дээгүүр төвшинд сэтгэлгээний хямрал бий болоод удаж буйг сүүлийн үед болж буй үйл явдлууд нотлоод байгаа. Ерөнхий сайд хүртэл яриад эхэлсэн сүсэг бишрэлийг төрийн ажилтай уялдуулсан мэдэгдэл дахиад үргэлжлэв.

Түрүүлж дуугарсан л болохоос Ерөнхий сайд анхдагч нь биш юм байна. Аль 2010 оны үед МАН ийм арга барилаар ажиллаж эхэлснийг УИХ-ын гишүүн Б.Батзориг хэлж байна. Тэрээр 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан. 2012 оны УИХ-ын сонгуульд хүч үзээд Д.Арвинд ялагдсан юм. Ингээд энэ жилийн сонгуульд дахин өрсөлдөж МАН-ын 65-ын нэг болж УИХ-д орж ирсэн юм.

Тэгвэл Б.Батзориг гишүүний сонгуульд өрсөлдөх үедээ ярьж байсан нэгэн яриа өчигдрөөс цахим сүлжээгээр цацагдаад эхлэв. Тэрхүү яриа нь Засаг дарга байхдаа барьсан олон хөшөөнийх нь нэг болох Чулуун овооны уулзвар дахь Банхар нохойны хөшөөний тухай ажээ. Б.Батзориг гишүүн нохойн хөшөөний талаар “...Чулуун овоон дээр бариулсан Банхарын хөшөө их учиртай. Манай Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй. Баянзүрх хайрхан нохой савдагтай юм. Бид дүүргийнхээ шүтээнийг босгож, хоёр савдгаараа мануулбал Баянзүрх дүүргээ болон ард иргэдээ муу муухай зүйлээс хамгаална гэж ярилцаад шийдсэн юм. Нөгөө талаасаа нийслэлийн өнгө үзэмжид хэрэгтэй. Энэ хөшөөг олон тэрбумаар хийсэн гэж ярьдаг. Үнэндээ, хөшөө 280 сая төгрөгөөр бүтсэн. Банхарын хөшөөг барьснаас хойш, сүүлийн жилүүдэд Баянзүрх дүүргийн гэмт хэрэг маш их буурч, хүүхдийн эндэгдэл багассан. Шүтээн талыг нь харвал энэ нь чухал юм. Миний хувьд шүтээнээ байнга яриад яахав гээд дуугүй байдаг. Энэ шүтээн бол Баянзүрх дүүргийн 300 мянган иргэнийг хамгаалдаг” гэж ярьжээ. Эрхэм гишүүний хэлснээр Банхарын хөшөөг барьснаас хойш гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл огцом буурчээ. Үнэн болов уу. Энэ талаар мэдэхийн тулд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хийгээд, Дүүргийн цагдаагийн хэлтсээс “Банхарын хөшөөнөөс өмнөх хийгээд дараах” статистик мэдээг авах хэрэгтэй болох нь.