Эдийн засгийн хямрал савнаасаа аль хэдийнэ хальчихсан. Гэхдээ энэ нь анх удаа тохиолдсон хэрэг биш. 2009 оны хямралаас сургамж аваагүйгээр барахгүй, олсон орлогодоо дулдуйдан хавтгайруулан цацснаас хуримтлалгүй болсон хэмээн эдийн засагчид хэлдэг.

 

Эдийн засаг хүнд байгаа үед татвараа нэмж төсвийн орлогоо бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Засгийн газраас зарим татварыг нэмэх санал оруулсан ч эргүүлэн татсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар татвар нэмэгдүүлэх хуулийг эргүүлэн татаагүй.

 

УИХ дахь МАН-ын бүлэг татвар нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгэхээр Засгийн газраас татвар нэмэх асуудлыг дахин судалж, хамтдаа ярилцах ёстой. Бизнес эрхлэгчдийн төлсөн татвараар улс амьдарч байгаа мэтээр ташаа ойлгож байна. Та бүгдийн төлсөн татвараар таны хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг ойлгоорой” гэв. Тиймээс бизнес эрхлэгч, Засгийн газар хоёр эрх ашгаа нэг шугам дээр нийлүүлэх учиртайг сануулав.

 

Харин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Засгийн газар татвар нэмэхгүй байх хэрэгтэй. Татварын бааз суурийг улам боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй” гэсэн юм. Цахим ертөнцөд сүүлийн хэдэн өдөр хөвөрсөн сэтгэгдлүүдэд “Ханатлаа танасан ард түмнийхээ халаасыг сэгсэрч төсвийн орлогоо бүрдүүлэх увайгүй үйлдлээ зогсоо” хэмээсэн байлаа. Төрийнхөн өөрсдөө татварын мөнгөөр тансагладаг, хангамж ихтэй, авлига хээл хахуульд идэгдсэн, иргэдэд үзүүлдэг үйлчилгээний чанар хүртээмж тааруу зэргээр шүүмжлэл өрнөжээ. Иргэд арайхийж олсон 100 мянган төгрөгнөөс 15 мянгыг нь үнэлэмжгүй төрдөө өгөхийг хүсэхгүй байгаа аж. Үүнийг нь буруутгах аргагүй. Өчигдөр амласнаа өнөөдөр үгүйсгэдэг төртэй улс шүү дээ.

 

“ТАНСАГ” ИРГЭДТЭЙ “ДАРЖИН” ТӨРИЙН ТҮШЭЭД

 

“Тансаг” иргэдтэй “Даржин” төрийн түшээд нь “Тансаглалаа танах”-ыг ард түмэндээ санал болгож сууна. Аль хэдийнэ бүсээ эцэст нь тултал чангалсан ард түмний эгдүүцлийг хүргэсэн энэ мэт дэл сул яриа замын түгжрэлд удаан саатдаггүй эрхмүүдийн арга ядсан тайлбар юм. Зардлаа бууруулах нэрийдлээр ажлын байрыг цомхотгож буй. Энэ нь ажилгүйдлийг өсгөх, өрхийн орлогыг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл. Төрийн данхайсан бүтцийг багасгах нь зөв шийдвэр гэдгийг олон хүн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэдгээр хүний цаана амьдрал бий.

 

Эдийн засгийг эрүүл­жүүлэхэд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн оролцоо маш чухал хэмээн амтай болгон хэлж байгаа. Тиймээс хувийн хэвшлийг чадавхжуулж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар төрөөс цомхотгогдсон хүмүүсийг шингээх боломж байгааг эдийн засагч Л.Оюун хэлж байсан.

 

ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААНААС ГАРГАЯ

 

Эдийн засгийн хямра­лаас гарах гарцыг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Ингэхдээ томоохон төслүүдээ гацаанаас гаргахыг илүүтэй санал болгожээ.Тухайлбал, “Тавантолгой” /дөрвөн тэрбум ам.доллар/, “Арева” компани Монголын Засгийн газартай хамтран хэрэг­жүүлж байгаа /1.5 тэр­бум ам.доллар/ уран бая­жуулах төсөл, Эрдэнэт-Мөрөнг холбосон төмөр зам /гурван тэрбум ам.доллар/-ын төсөл бий. Эдгээр нь хувийн хэвшлийн санхүүжилтээр хийгдэнэ. Нийт 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар маш яаралтай шийдэх ёстой гэдгийг эдийн засагч, судлаачид сануулав. Эдийн засагч Л.Наранбаатар “Геологи, уул уурхайн салбарт жижиг дунд хөрөнгө оруулагчид буюу “ junior investors’-ийг эргүүлж оруулж ирэх хэрэгтэй” гэж байлаа.

 

“ЧИХ ЗӨӨЛӨН”-ТЭЙ ЗАСАГ ТӨРТЭЙ Ч БОЛООСОЙ

 

Боомилогдсон эдийн засгийг эрчимжүүлэх элдэв төлөвлөгөө хөвөрсөөр. Чухам хэдийд биелэлээ олж хонгилын үзүүрт гэрэл гийхийг таашгүй. Мэдээж өнгөрсөн алдаанаасаа сургамж авах нь боломжийг олгодог гэж байгаа ч төдийлөн ойшоохгүй байгаа харагдана. Өнгөрсөн хугацаанд эдийн засагчид, судлаачид эдийн засгийн нөлөөлөл, нөхцөл байдлыг ямар төвшинд явж байгаа, юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг тодорхой сануулж ирсэн. Эдийн засагт аль нэг салбар хэт давуу байдлаар оролцож болохгүй гэдгийг олонтоо хэлж байсан юм. Гэвч “Чих хатуу”-тай төрийн түшээд сонссонгүй, сонсохыг ч хүссэнгүй.

 

ТУЙЛДСАН ИРГЭДИЙН БУХИМДАЛ

 

Сүүлийн гурван жилийн туршид амьжиргааны төвшин илт буурч байгаа нь хүмүүсийг бухимдуулсаар. “Өрөө хэрхэн төлөх вэ, ажилгүй болчих вий” гэсэн айдас байнгын дагаастай. Гэсэн хэдий ч идэх хоолоо багасган “зээл” гэгчид анхаарлаа хандуулж ирсэн. Гэвч хэтэвч дэх хэдэн төгрөгөө үнэгүйдсээр байгааг харж буй иргэдийн бухимдал туйлдаа хүрч байна.

 

Эдийн засгийг эрчимжүүлэх алхам хэрэгтэйг энгийн иргэдээс эхлээд эрдэмтэн судлаач, шинжээчид анхааруулж буй. Магадгүй салбар бүрийн бизнесийн төлөөлөлтэй уулзаж буй Ерөнхий сайдад ч энэ бодол оршсоор байгаа биз. Өрийн дарамтад орсон ард түмэн, бизнес эрхлэгчдийн бухимдал эцсийн зогсоолдоо хүрсэн байгаа энэ үед эдийн засгийн сэргэлтийн гэрлийг асааж, хүч хайрлах цаг ойрхон байг ээ.

 

Д.Оюунчимэг