Монголын Анагаах ухааны академи, Японы “Койка медикал” компанитай хамтраад “Нойрны эмгэг”-ийн талаарх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд улсын I, II, III эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, бүсийн оношилгооны төвүүд хамрагдаж байна. Энэхүү семинарт нийтдээ дотор, мэдрэл, зүрх судасны 50 гаруй их эмч нар оролцож байгаа юм байна.

Ингээд Анагаах ухааны академийн ерөнхий зохион байгуулагч Б.Бурмаажаваас өнөөдрийн сургалтын талаар тодруулга авлаа. Тэрбээр “Сургалтын гол ач холбогдол бол нойрны эмгэг гэж юу вэ, түүнийг дотор нь яаж ялган таньдаг вэ, ямар төрлөөр явагддаг юм бэ, яаж ялган оношлох вэ, яаж эмчлэх вэ зэрэг ойлголтуудыг Японы болон Монголын тэргүүлэх зэргийн эрдэмтэд эмч нарт өгч байгаа явдал юм. Сүүлийн үед нойрны эмгэгүүд ихэсч байна. Үндсэн шалтгаан нь хүмүүст таргалалт их явагдаж байна. Хөдөлгөөн багассантай холбоотойгоор зүрх судасны эмгэгээр их өвчилж байна. Чихрийн шижин их болсон байна. Энэ эмгэгүүд бүгдээрээ нойрны эмгэгтэй холбоотой. Нойрны эмгэг нь шалтгаан байж болно. Эсвэл нойрны эмгэгийн шинж тэмдэг байж болно. Үүнтэй холбоотой компьютор, гар утасны хэрэглээ өсвөр залуусыг хамарсан нойргүйдэх шалтгаан болдог. Нойрны эмгэг хэр хэмжээтэй байна вэ гэдгийг харуулсан судалгаа одоогоор хийгдээгүй байна. Гэхдээ эмч нарын ярьж байгаагаар бол түгээмэл байдаг гэж байна. Хүмүүс үүнийгээ мэдэхгүй, эмчид хандахгүй бие даагаад эм их ууж байна. Зарим хүмүүс зүрхний өвчтэй байдаг. Тэгээд нойр нь хүрэхгүй шөнө эм уудаг. Тэрийгээ яг нойрны эмгэг гэдгээ мэдэхгүй ядраад ингээд байна уу гээд явж байдаг хүмүүс их байна. Тиймээс нарийн мэргэжлийн эмч нараас асуух хэрэгтэй. Нойр гэдэг бол бурханаас заяасан бэлэг гэж эмч нар ярьдаг. Хүн заавал унтаж байх ёстой. Ерөнхий анагаах ухааны ойлголтоор бол хүн хоногт 7-гоос дээш цаг унтаж байх ёстой. Гэтэл хүмүүс дөрвөн цаг, гурван цаг унтдаг, шөнө сэрдэг гэдэг. Ийм хүмүүсийн бие бүрэн амрахгүй. Амрахгүй удаан хугацаагаар явбал эрүүл мэндэд нөлөөлнө. Хөдөлмөрийн чадамж муудна” гэсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн стрессээс шалтгаалах клиникийн их эмч Л.Цэрэндолгортой сүүлийн үед ихсээд байгаа “Дэлгэц ширтэх өвчин ”, болон бусад сэтгэцийн эмгэгүүдийн талаар ярилцлаа.

-Нийгэмд сүүлийн үед сэтгэцийн ямар эмгэгүүд газар аваад байна вэ?

-Манай төвд “Хүүхэд өсвөр үеийн клиник” гэж байдаг. Тэнд хандах хүмүүс сүүлийн үед ихэссэн байгаа. Өсвөр насны хүүхдээ дагуулан ирж байгаа аав ээжүүдийн хандалт их байна. Сурагчдын амралтын үеэр хүүхдүүдээ үзүүлж харуулах, эмчлүүлэх, зөвлөгөө авах явдал эрс нэмэгддэг. Одоо хичээл эхэлсэн учир цөөрсөн байгаа. Насанд хүрэгчдийн хувьд хандах явдал бага байдаг. Неврозын тасагт нойргүйдлийн эмгэгтэй хүмүүс их хэвтдэг. Тэднээс асуугаад судлаад явахаар ажил амьдралын хэмнэл нь алдагдсан, хэт их стрессдсэн, хэт нэг юманд анхаарлаа хандуулсан гэх мэт олон төрлийн донгууд байдаг. Би өөрөө стрессийн тасагт ажилладаг. Тийм болохоор гэр бүлийн маргааны улмаас хямарсан хүмүүс их байдаг. Яаж оношилдгийг мэдэхгүй явсаар хоёр жил нойргүйдсэн хүн ч ирдэг. Зарим хүмүүс ам дамжсан яриагаар тэр эм сайн гэж байна гэхээр аваад уучихдаг. Манайд эмийн худалдаа гэдэг зүйл сул. Үүнтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн эмийг дур мэдэн авч ууж байна. Ингэснээр шалтгаанаа эмчлэхгүй архагшуулах тохиолдол байдаг. Нойроо хүчээр дараад унтах гээд байдаг.Үүнээс үүдээд архагшаад дараа дараагийн биеийн болоод сэтгэцийн өвчнүүд гарч ирдэг.

-Сүүлийн үед дэлгэцэнд донтох явдал нийгэмд газар авлаа. Үүнтэй холбоотой эмгэгтэй хүмүүс танай төвд хэр их хандаж байна вэ?

-Дэлгэцэнд донтох эмгэг гэдэг зүйл сүүлийн үед их дэлгэрч байна. Үүний улмаас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо сүүлийн үед харьцангуй нэмэгдсэн. Үүнтэй холбоотой илэрдэг шинж тэмдгүүдийн хамгийн эхэнд нойргүйдлийн эмгэг ордог. Өнөөдрийн хуралтай холбоотойгоор нойргүйдлийн талаар ярьж байна. Хүмүүс зурагт, компьютор, гар утас ч гэх мэт ямар нэгэн дэлгэц хараад эхлэхээрээ цагийн баримжаагүй болчихдог. Цагаа баримжаалахгүй хамаг ажлаа алдаад эсвэл нойроо умартаад өөрийгөө хязгаарлаж чадахаа болиод эхэлбэл дон болдог. Гэнэт цагаа хардаг. Тэгээд унтах цаг нь өнгөрчихсөн байна шүү дээ гэдэг. Ингээд нойрсох хэмнэл маань алдаад эхэлдэг. Үүнтэй холбоотой бага нойртой явна. Бага нойртой явбал ажлын бүтээмж муудах, сэтгэл санааны хувьд стресстэй байх, бухимдуу болон бусадтай харьцах бүх харилцаа маань доголдож эхэлдэг.

-Одоо эдийн засгийн хямрал болж байна гэж яриад байгаа. Үүнтэй холбоотой хямралаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байна уу, энэ талаар судалгаа байдаг уу?

-Яг үүнтэй холбоотой хийгдсэн судалгаа байхгүй. Гэхдээ хандаж байгаа хүмүүсийн тоонд үүнээс шалтгаалсан эмгэгтэй хүмүүс ирж байгаа. Жишээлбэл бизнес эрхэлж байгаад санхүүгийн хямралд өртөөд ажил үйлс нь бүтэхгүй хүмүүс байна. Тэрийгээ бүтээх гээд янз бүрийн юм хийж үздэг. Тэгээд тэр нь бүтэхгүй болохоор сэтгэлээр унах, гутрах асуудлууд бий болно. Энэ нь гүнзгийрвэл муу юм бодох тохиолдлууд гардаг. Ер нь асуудлаа шийдэхгүй яваад байх юм бол гутралаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд гарч ирнэ. Жишээ нь гутралаа архиар тайлдаг болох, янз бүрийн эм бодисын хэрэглээ нь ихсэх, донтох шинжүүд илэрнэ. Бүр архагшвал амиа хорлох бодол төрж болно. Тэгээд түүнийгээ гүйцэлдүүлж болно.

-Хүмүүс стрессээ тайлах арга барилыг хэр эзэмшсэн байдаг вэ?

-Манай ард түмэн хямрал буюу стрессийг тайлах арга барил эзэмшээгүй байдаг. Үүнтэй холбоотой л бүгдийг хүндрүүлдэг. Өчүүхэн гэр бүлийн асуудал гарлаа гэхэд тэрийгээ шийдэж чадахгүй, бие биедээ буулт хийдэггүй, асуудлыг зөвөөр шийдэхгүй зугтаад яваад байдгаас болж сэтгэл санааны хямрал нь гүнзгийрдэг. Эсвэл ажлын байран дээрх стресс болж болно. Хүн хоорондын харилцааны асуудал байж болно. Үүнийгээ шийдэхгүй яваад л байх юм бол хямрал үүснэ. Тиймээс үүнийг шийдвэрлэх арга зам, боловсролыг л сайн олгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Манайх энэ чиглэлээр эрдэм шинжилгээ сургалтын албанаас гадагшаагаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил залуучуудыг дэмжих жил болж байгаатай холбогдуулан байгууллагуудад очиж стресснээс шалтгаалсан эмгэгүүдийн талаар мэдээлэл өгөх, боловсрол олгох, түүнийг тайлах аргуудыг эзэмшүүлэх гэх мэт лекцүүдийг цуврал болгон өгдөг.

О.ӨНӨР