2013 онд жилд дунджаар 2500-3000 орчим өсвөр насны охид ээж болдог гэсэн судалгаа гарч байсан. Үүний 74 хувь нь ганцаараа бие даан хүүхдээ өсгөдөг байна. Мөн эдгээр охидын нэлээдгүй хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байдаг байна.

Өсвөр насандаа жирэмсэлснээс болж олон мянган охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, түүнийгээ нуун дарагдуулан, айж эмээснээс цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх гээд эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Япон улсын “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийн суурь судалгааны үр дүнг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 19-өөс доош насны залуус, өсвөр үеийнхэн бүрдүүлж байгаа. Өнөөгийн нийгэмд тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаанууд нь,

 Архи

 Тамхи

 Чанаргүй хоол хүнсний хэрэглээ

 Амьдралын буруу хэвшил байгааг судалгаагаар тогтоожээ.

Түүнчлэн, хүн амын 60 орчим хувь нь төвлөрөн амьдардаг нийслэлд өсвөр насны охидын жирэмслэлт өндөр хувьтай байгаа бол бэлгийн замын халдварт өвчлөл гэр хорооллын иргэдийн дунд илүү гарсан байна. Монголд 16-19 насандаа ээж болбол энэ нь үр хөндөлт хийлгэх нь их. Охидын ихэнх нь жирэмсэн болсноо гэрийнхэндээ хэлэхээс айж, ичсэн охид хүчтэй эм, тан ууж, тариа хийлгэх зэргээр аминд халтай аргаар хүүхдээ зулбуулж, амь насаа дээсэн дөрөөн дээр авчирч байгаа нь эмгэнэлтэй байна. Улсын гэх тодотголтой эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н “16, 17- той охид жирэмслэх нь хэвийн үзэгдэл боллоо. Эдгээр хүүхдийн олонх нь анхныхаа хүүхдийг авахуулдаг” гэж ярив.

Хүний гавьяат эмч Н.Бүлтэн “13- 16 насны охид үр хөндүүлэх нь ихэссэн. Тэгэхээр тэд бэлгийн харьцаанд эрт орж байна гэсэн үг. Энэ нь бэлгийн замын өвчин тусах, цаашлаад үрэвсэлт өвчин эмгэгтэй болох гээд олон сөрөг талтайг тэд ойлгохгүй байна. Тиймээс охин хүүхдээ бага гэлтгүй зөв хүмүүжүүлж, охин биеэ хадгалж явахыг захих хэрэгтэй. Одоогийн охид жирэмслэлтийн талаар ямар ч ойлголтгүй нь харагддаг.

Жишээ нь, “Би хүнтэй унтаагүй хэрнээ жирэмсэн болчихлоо гэж үү” гээд гайхаад байдаг. Гэтэл найз нөхөдтэйгөө төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар нийлж, наргиж цэнгэхдээ архийг хэтрүүлснээс согтоод уначихдаг бололтой. Энэ үедээ хамт наргисан хөвгүүдтэйгээ унтчихсанаа мэддэггүй. Тэгээд л өөрсдөө бэлгийн харьцаанд ороогүй гэж бодоод явтал жирэмсэн болчихсон байх жишээтэй. Энэ бол бэлгийн хүчирхийлэлд өртсөний нэг хэлбэр” хэмээв. Залуу ээж гэж 20-иос доош насныхныг хэлэх бөгөөд төрүүлсэн нярай нь эхний жилдээ эндэх эрсдэлтэй байдаг гэнэ. Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт . Өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн асуудал мэт боловч энэ нь нийгмийн олон салбараас онцгой халамж шаарддаг.

М.Буянжаргал