Алимны мод гурван жилдээ усалгаа, арчилгаа шаардсаны эцэст үр жимсээ өгдөг гэдэг. Үүнтэй агаар нэгэн адил улс төрийн ургийн мод хурдацтай өсч буйг иргэд, олон нийт шүүмжилж байна. Засгийн эрхийг авсан цагаасаа эхлэн томилгоотойгоо зууралдсан МАН-ынхан өнөөдөр ч амсхийх завгүй байна. Томилгоо дээд шатандаа дууссан ч, доод шатандаа үргэжилсээр байгааг ургийн модны төлжилтөөс харж болно.

Эхний томилгоо зөвхөн М.Энхболд гэдэг хүнийг төлжиж байсныг нэхэн сануулъя. УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авснаас эхэлбэл, Баянгол дүүрэгт нэр дэвшиж гарч ирсэн, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан А.Ундраа хамаатан садангийн, Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг худ ургийн, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн ойр төрлийнх нь хүмүүс гэсэн мэдээлэл дуулдаж байсан билээ.

Түүгээр ч зогсохгүй тэрээр Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр он удаан жил ажиллаж ирснийх уяач найзуудаа Монгол Улсын сайдаар томилж нүнжигтэй загнаж буй. Тухайлбал, өөрийнх нь хурдан угшлын морьдыг олон жил уяж уралдуулж, айраг түрүү авахуулж ирсэн Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулсан. Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Ш.Лхамсүрэн ч Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, энэ мэтээр МАН-ын томилгоонд М.Энхболдын нөлөө давамгайлсан.

Олны анхаарлын төвд орших том албан тушаалууд эзэнтэй болсноор хурган дарга нарын суудлаа хэдэн гишүүн, сайд нар нь толгой мэдэж, ах дүү хамаатан садан, сүүлдээ хүү, охиныг нь хүртэл томилсон нь төрийн байгууллагын суудал бэлгийн чанартай болсныг илтгэнэ. Тухайлбал, УИХ-ын дарга, намын дарга, М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт төрсөн дүү С.Тунгалагтамаир ХНХЯ-ны газрын дарга, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжаваа Эрчим хүчний яамны ТНБД, Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Чингис ОУНБ-ын дарга, парламентчдын ахмад гишүүн болох Д.Лүндээжанцангийн төрсөн дүү Д.Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон байх юм. Энэ мэт МАН-ынхны улс төрийн ургийн мод эрчээ аван төлжин ургаж эхлэв.

АН-ынхныг засаг барьж байх үед тэд сөрөг хүчний байр сууринаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хүргэн Дэнзэнгээ ЗГХЭГ-ын даргаар тавилаа хэмээн улс төр бол ураг төрлийн алба биш хэмээн бухимдаж эсэргүүцлээ илэрхийлж байсан нь саяхан. Гэтэл 2012 оны сонгуулийн дараагаас л ирэх жилийн сонгуульдаа бэлтгэж ирсэн гэдэг тус намынхан ийм л зүйлд бэлтгэж байсан гэж үү. Яснаасаа ийм булай зүйлийг үзэн ядаж ирсэн гэх тус намын мөрийн хөтөлбөрийн 4,2,7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэж амлаж гарсан нөхдүүд юмсан.

Гэвч ард түмнийхээ итгэлийг хүлээж засгийн эрх атгачихаад маргааш нь мартана гэдэг улс төрийн ууган хүчинд зохихгүй мөн чанар. Улс төрийн ургийн мод цаашид төлжих нь тодорхой. Учир нь, засгийн эрх авсан долдугаар сараас хойш өнөөг хүртэл томилгоо дуусаагүй, үргэлжилсээр буй. Эсвэл ах дүүгээрээ Монголыг хөгжүүлж мандан бадруулах гэж байгаа юм болов уу.

Т.Тэрбиш

newscom.mn