Эмзэг цэг гэдгийг эхлээд хэлчихье. Энэ бол ардчиллын амин сүнс хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрсөн чөлөөт хэвлэл мэдээлэл юм. Хэвлэлийн хүрээлэн гэж олон нийтийн байгууллага Монголд байдаг. Саяхан энэ газарт Германы хоёр иргэн ирсэн юм. Хэвлэлийн хүрээлэн энэ хоёр иргэнтэй нийлж суугаад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг судална, эздийг зарлана, ямар хүмүүс хөрөнгө оруулдагийг нийгэмд дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ.

Яахаараа Германы хоёр иргэн, Германы төсвийн хөрөнгөөр Монголын чөлөөт хэвлэлийг уудална, эздийг зарлана гэдэг билээ. Түүнийг нь Монголын хэвлэлийн хүрээлэн дэмждэг билээ. Чөлөөт хэвлэл мэдээллийн эздийг гэмт бүлэглэлийн толгойлогчид шиг үзэж, болдоггүй бүхний эхлэл мэтээр нийгэмд ойлгуулах нь эдгээр газруудын гол ажил бололтой. Энэ асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд зөвлөгөөн болсон юм шиг байна. Түүнд нь“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж оролцсон юм уу даа. Миний бие зүгээр байхгүй түүнээс асуусан. “Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг зарлах нь ямар ач холбогдолтой юм бэ. Германы хоёр иргэн юу ярьж байна” гэж. Нөхөр хэлж байна аа, “Би бас наад асуудлыг чинь асуусан. Эздийг зарлах нь ямар үр дүнтэй вэ, хүн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн байгаа нь буруу юм уу” гэж. Тэгсэн тэдний зүгээс нийгэм дэх бодит ач холбогдлынх нь талаар итгэл үнэмшилтэйгээр юу ч хэлж чадахгүй байна лээ” гэж хариулсан юм.

Ер нь бол “Өдрийн сонин”-ы удирдлага эздийг зарлахын тухайд гудайх юмгүй. Гэхдээ ингэж зарлуулах шаардлага байхгүй, эздийн нэрсийг өгөх ёсгүй гэж үзэж байх шиг байна. Хэрэв тэд олоод зарлах юм бол шууд шүүхдэлцэнэ гэлээ.

Байгууллагын нууцын тухай хуульд "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоодог.

Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнт зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж болно.

Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх ба энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.

Тодорхой хуульд заасан энэ мэт үйлдлийг германчууд, тэднээс төсөл мөнгө авдаг Хэвлэлийн хүрээлэнгийн нөхдүүд мэдэх болов уу. Энгийн жишээ хэлье. Өнөөдөр Монголын хүн амын 60 хувь ядуу ангилалд байна. Ард түмнээ доромжилж байгаа юм биш. Дэлхийн практикт ядуу пролетар ихтэй улс орнууд эздийг хууль ёсоор нууцалдаг юм. Эрсдэлийг нь тооцож тэр. Өнөөдөр манай улсад захын хүн “Муусайн олигархиуд” хэмээн муухай хардаг болсон. Хэвлэл мэдээллийн бизнес дээр харъя л даа. Чөлөөт хэвлэл мэдээллийн хоёр өөр байгууллагын хоёр өөр эзэн байг. Нэгийг нь МАН-ын гишүүн гэж цоллоно. Нөгөөг нь АН-ын гишүүн гэж цоллоно. Тэгээд ялсан нам нь нөгөөхөө дарамталдаг. Эзнээр тогтохгүй тэдний ар гэр, авгай хүүхэд, хамаатан садан, найз нөхөд... бүгдийг дарамталдаг. Монголын нийгэм ийм л байгаа. Наад захын амьдралын энэ мэт үнэнийг мэдчихээд, сэтгүүл зүйд ганц мэдээ ч болтугай бичиж үзчихээд, хуулиа ганц удаа ч болтугай гүйлгэж харчихаад дараа нь эздээ зарла, редакцийг чинь уудална гэж хуц.

Ер нь энэ Хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллага олон жилийн өмнөөс амьдралгүй, Монголоос хол, сонин бодлого ярьж ирсэн. Эднийх бол Олон нийтийн статустай жирийн нэг байгууллага. Ямар эрх үүрэгтэйдээ, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн далан булчирхайг тоочуулах гээд байгаа юм бэ. Яагаад хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг хүмүүсийг гэмт этгээд мэт үзэж ирэв. Танайхны зүгээс эздийг баалж, шившиглэсний хүчинд өнөөдөр нийгмийн тодорхой хэсэг тэднийг болохгүй юм хийж явдаг, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгодог боллоо. Ингэж ойлгуулан сурталчлахдаа төсөл нэртэй авсан гадныхны мөнгийг ашиглаж ирлээ. Хэвлэлийн хүрээлэнгийн хамгийн ойлгомжгүй үйл ажиллагаа энэ юм. Энэ бүхэн чинь Монголын чөлөөт хэвлэлд маш хортойгоор тусч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах, түүнд хөрөнгө оруулах нь нийгэмд шившигт үйлдэл юм бол хэн энэ салбарт хөрөнгө оруулах билээ, хэрхэн хөгжүүлэх билээ, эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандаж, улс оронд нь юу болоод байгааг хаанаас олж мэдэх билээ. Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мөхөл. Умард Солонгос шиг удирдагчийнхаа бичлэгээс өөрийг хардаггүй, тосгодод нь хэдэн мянган хүүхэд, хөгшид өлсгөлөнгөөр үхэж байгааг мэддэггүй, хөмөрсөн тогоонд буй мэт улс орон болно. Монголын ард түмэн үүнийг лав хүсээгүй.

Хэвлэлийн хүрээлэнгээс ихэд дэмждэг ОНМХ гээч нь үлдэх юм болов уу. Иймдээ хүрсэн бол энэ хоёрыг зэрэгцүүлж байлгах талаас нь тэр гадны байгууллагууд бодооч. Ингэж гуйж байгаа нь өөрөө шившиг л дээ. Ардчилсан Монгол гэдэг хэрнээ мөнгөтэй, ямар бодлоготой нь нууц байгууллагуудаас, тэдний гар хөл бологчдоос “Чөлөөт хэвлэлийг минь үлдээгээд өгөөч” гэж гуйж, бичиж суудаг. Энэ бүгдийн эцэст ганц л логик бий. Монголын ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл уствал ардчилал устана. Ардчилал уствал Монголын тусгаар тогтнол устана. Тусгаар тогтнол уствал Монголын нутаг дэвсгэр байхгүй болно. Ингэх нь хэнд ашигтай гэвэл магадгүй Германыг зовоосон Сирийн дүрвэгсдэд байх. Аль эсвэл Олон улсын төсөл хөтөлбөрөөр баяжаад сууж байдаг сэтгүүл зүйн хэдэн хүнд үү.

Дахин хэлье. Өнөөдөр Монголын хамгийн эмзэг цэг болсон чөлөөт, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг байн байн оролдох нь, эздийг нь Монголын хамгийн заналт дайсан, болохгүй бүгдийн эх үүсвэр хэмээн үзэх нь, үүнийгээ нийгмийн сэтгэл зүйд ойлгуулахын тулд дахин давтан оролдож байгаа нь хаанахын, хэний бодлого, бас мөнгө вэ гэдгийг хүн бүр бодох цаг болжээ. Энэ бол хийрхэл биш шүү.

П.Хашчулуун