Галт зэвсгийг бүртгэх ажил эхэлжээ
2013/10/17
Галт зэвсэг эзэмшиж буй хүн бүр жил болгон өөрийн эзэмшлийн галт зэвсгийг харьяа цагдаагийн байгуулагийн галт зэвсэг хариуцсан байцаагчид бүртгүүлж байх үүрэгтэй. Тэгвэл энэ жилийн бүртгэл энэ сарын 15-наас ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд улс орон даяар явагдаж байгаа юм байна. Тиймээс энэ хугацаанд галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагтай аж. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж байгаа юм.
Хэрвээ бэлгэнд зэвсэг авсан, өвөг дээдэс, ах дүүсээс нь уламжлагдан хадгалагдаж ирсэн галт зэвсэг байвал иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс, үгүй бол Нийслэлийн хэв журам хамгаалах газарт очиж, гэрчилгээжүүлж болох юм байна. Албаныхан ирэх арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл ямар нэгэн бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх бодлого барина гэдгээ онцолж байлаа. Мөн гэрчилгээгүй гээд хураах зүйл байхгүй. Энэ сарын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Тэгэхээр иргэд бүртгэлгүй байгаа галт зэвсгээ энэ сарын хугацаанд бүртгэлжүүлж, гэрчилгээтэй болгох хэрэгтэй байна. Ер нь бол галт зэвсэг хууль бусаар авч явах, хадгалах, тээвэрлэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй юм. Монгол Улсын хэмжээнд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.
Х.Даваа