Ипотекийг хаанаас, хэн санхүүжүүлэх вэ?
2016/10/12
Найман хувийн ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудал нэлээд бүрхэг байгаа юм. Мэдээллүүдээс үзэхэд эрх баригчид уг санхүүжилтийн асуудлаар Хятад, Японоос тусламж хүссэн ч, нааштай хариу одоогоор аваагүй байгаа бололтой.
Сангийн сайд хэлэхдээ “Санхүүжилтийг он дуустал Монголбанк хариуцаад явж байгаа. Оны дараа Засгийн газар, Монголбанк хамтраад дараагийн санхүүжилтийн эх үүсвэрийг олгох шаардлага байгаа” гэсэн Монголбанкны зүгээс“Ипотекийн зээл эргэн төлөлт сайтай учраас эх үүсвэрт асуудал гарахгүй байх” гэсэн ч, салбарын сайдын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ арилжааны банкуудыг найман хувийн зээлэнд мөнгөө гаргах ёстой гэх үгийг хэлсэн нь бас асуудал дагуулаад байгаа. Учир нь ХХБ-ны захирал хэлэхдээ “8 хувийн ипотекийн зээлэн дээр арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулах ямар ч боломжгүй. Найман хувь өөрөө бид нарын татаж байгаа эх үүсвэрийн маань зардлаас доогуур дүн болчихоод байна. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг яг одоогийн хэрэгжиж буй хэлбэрээр нь явуулахаас өөр гарц байхгүй. Өнөөдөр засгийн газар хэзээ хөтөлбөрөө эхлүүлэх нь тодорхой байгаа нөхцөлд өөрөөсөө алдагдал үүсгэж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй.
Ийм хүлээлт үүсгэж болохгүй. Тийм учраас банкууд найман хувийн зээлээ зогсоосон байгаа.” гэсэн. Тэгэхээр засгийн хувьд ямар ч байсан ипотекийг санхүүжүүлэх асуудал дээр ойрын хугацаанд арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.
Эх сурвалж: Шуурхай.мн