Улс төр, бизнесийн, олны танил гээд эрхмүүд твиттэр хуудаснаа цуглаж, өөрсдийн үзэл бодлыг уралдуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч. Тиймээс нийгмийн, нийтийн, хувийн гээд улс оронд өрнөж байгаа чухал асуудлын эргэн тойронд үзэл бодлоо уралдуулдаг тэдний “жиргээ” бүрийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажилтнууд анхаарлынхаа төвд байлгах болсон. 

Гэвч тэдний оюунаа уралдуулж жиргэсэн мэтгэлцээн бүр цахим ертөнцөөс хальж, амьд хөрсөн дээр буусан зүйл өдийг хүртэл байхгүй байна. Твиттэрээр нэгдэж төрийн ордон руу салаавч гаргасан таван эрхмийг эс тооцвол шүү дээ. Харин твиттэр гээч ертөнцөөр өчигдөр залхтал “чалчсан” сэдвийг тухайн өдрийн онцлох үйл явдалтай холбон тайлбарлавал “Монгол кино” нэгтгэлийн асуудалтай холбох шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч өдөр твиттэр хуудсаар Солонгос сериалыг шүүмжлэв.

Хүн амын дийлэнх нь харийн кинонд автаж, өс хонзон, хэрүүл шуугиан үзээд байгаа юм байх. Тиймээс Солонгос улсын олон ангит киног дотоодын сувгаар гаргахгүй байх талаар “жиргэцгээв”. Гэвч хэн нь ч дотоодын кино үйлдвэрлэлийн талаар ам нээсэнгүй. Харин тэднийг ийн цэц булаалдаж байх хооронд “Монгол кино” нэгтгэлийн ахмад ажилчид тус газрын явуургүй үйл ажиллагаа болоод захирал Ж.Солонгод холбогдох хэд хэдэн хууль бус үйлдэл байгаа талаар хэвлэлийн хурал зарлав. 

Хэдийгээр ахмад ажилчид дээрх мэдээллийн дагуу хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэг үр дүнд хүрээгүй байна. Тиймээс тэд Ж.Солонгыг хуулиас дээгүүр хүн хэмээн дүгнэхэд хүрчээ. Хууль, хяналтын байгууллага нэгэнт түүнийг гэм буруугүй хэмээн тогтоосон бол бид хэн нэгнийг гүжирдэж гүтгэх утгатай зүйл бичихгүй. Гэхдээ дээрх шийдвэрийг хөрөнгөтний талд хэт үйлчилсэн хэмээн үзэж байгаа учир, шалтгааныг хүргэнэ. 

Юутай ч, дээрх жиргээнээс, ахмад ажилчдын үзэл бодлоос, өнөөгийн Монгол киноны чанар чансааг харахад, “Монгол кино” нэгтгэлийн бодлого, шийдвэр булингартсан гэдэг нь илт байна.

 Б.Ширнэн