Монгол улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан “Үдийн цай” үндэсний хөтөлбөрийг баталж, үүнтэй холбогдуулан “Тэтгэмж, мөнгө тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 66 дугаар тогтоол гарсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн сайдын 2006 оны аравдугаар сарын 379/341 тоот хамтарсан тушаалаар баталсан билээ.

Боловсролын салбар тэр дундаа сурагчдын эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчныг хангах хамгийн том алхам бол “Үдийн цай” хөтөлбөр хэмээн амтай бүхэн магтан, сайшааж байсан нь саяхан мэт санагдаж байна. Гэтэл уг хөтөлбөр батлагдаад удаагүй араасаа олон хэл ам дагуулах болсон. "Үдийн цай" биш "Үдийн хор" болж хувирлаа хэмээн шүүмжлэл дагуулсан юм. Боловсролын яамнаас хор, хоолны ялгааг ил болгох шат дараатай ажил олныг хийж байсан ч муудсан хоол, хатсан боорцог өгөх, ямар үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нь үл мэдэгдэх ундаа, жүүс зэргийг өгдөг асуудал үүссэн. 

Монголд үнэхээр баталгаатай хүнсний бүтээгдэхүүн олоход маш хэцүү болсон гэдэг нь ганцхан үдийн цай, хүүхдийн хоол хүнсээр дуусахгүй. Хүнсний дэлгүүрээс нь авсан жимс ногоо нь муудчихсан, элдэв зүйл хийсэн хиам үйлдвэрлэсэн гээд аюулгүй хоол хүнс өнөөдөр байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл орон нутгийн сурагчдын үдийн цай хөтөлбөрт шалгалт хийжээ.   МХЕГ-ын шалгалтаар Ховд аймгийн ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хүнс нь тэжээлийн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс дээрх сургуулиудад зөрчлөө арилгах хугацаатай албан бичиг хүргүүлжээ.

Дээрх шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар явуулан, “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилтөнд үнэлгээ өгөх, үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг тооцоолох, сургуулийн бие засах газрын суултуур, гар угаагуурын тоо, стандартад нийцсэн эсэх, гарын ариун цэвэр сахих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэн зэрэгт үнэлгээ дүгнэлт өгсөн юм.

Шалгалтын явцад ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуульд үдийн цай нийлүүлж буй “Хатан түнгэл” ХХК, “Ховд скай” ХХК-уудын нийлүүлсэн тараг нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтад заасан бага үдийн цайгаар авах бүтээгдэхүүний илчлэг чанарын шаардлага хангахгүй үзүүлттэй гарсан байх юм. Түүнчлэн тусгай тоноглогдсон кабинетууд агааржуулалтын механик болон, автомат тоног төхөөрөмжгүй, хатуу хог хаягдлын цэг шаардлага хангахгүй, “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, сургуулийн цайны газраас авсан эрүүл зүйн бичил нян судлалын арчдасын шинжилгээгээр гэдэсний савханцар өндөр үзүүлттэй гарсан, унд, ахуйн халуун усаар тасралтгүй хангагдаагүй, зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх хоёр сургуульд улсын байцаагчын дүгнэлт болон хугацаатай албан бичиг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. Гэвч уг хөтөлбөр нь сургуулийн удирдлагын идэвхи санаачлага,  дотоод зохион байгуулалтаас шалтгаалан харилцан адилгүй түвшинд хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад олон хүндрэл, зөрчил дутагдал нийтлэг  гарсаар ирсэн. Энэ удаа хүүхэд хоолноосоо хордого аваагүй юм байна гэж санаагаа амраах хэрэггүй. Гэдэсний савханцар өндөр үзүүлттэй гарсан, унд, ахуйн халуун усаар тасралтгүй хангагдаагүй гэдэг нь сурагчид гэдэсний халдварт өвчинд өртөх магадлал өндөр байгааг харуулж буй.

Эдгээрээс хамгийн гол асуудал нь сурагчдын аяга, тавагны хангалт, түүний ариутгал юм. Төвлөрсөн усан хангамжгүй цайны газар аяга тавгаа гурван дамжлагаар угааж байгаа ч зориулалтын бус сав (хуванцар)-д бага хэмжээний ус хэрэглэж байгаагаас тос, бохирдолт, ариутгалын бодисыг бүрэн цэвэрлэх боломжгүй байна. Зарим сургууль үдийн цайны тогтсон цэсгүй байгаа нь “Үдийн цай” хөтөлбөрт ахиад л асуудлын хэнгэрэг нь дэгдэхээс өмнө орон даяар ерөнхий боловсролын сургуулиудад хяналт шалгалт хийгээсэй билээ.

Х.Даваа