Өрсөлдөгчөө унагаах “УЛС ТӨРИЙН ТОХОХ МЭХ”
2016/10/20
Сонгууль болгоноор нэг хүн, түүнд хамаатай хэрэг гээч зүйлийг ярьдаг боллоо, манай улс. Хэн эрх барьж байгаа нам нь, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, тэднийг томилдог субьект, ер нь тэгээд төрд хамаарагдаж байгаа бүх байгууллага, албан тушаалтан нэг амаар нэг хүн рүү чичилдэг болов.
Ийнхүү чичлүүлж буй нэг хүн хэн бэ гэдгийг нийтээрээ мэдэж байгаа байх. Нэрийг нь ч бараг асуултгүй биз. Тэр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль ч мөн адил түүн рүү чичилж буруутгасан элдэв мэдээлэлтэйгээр өрнөлөө. “Г.Шийдэгдамба, Н.Энхбаяр нарын хэргийг хамтатган шалгах гэнэ” гэсэн мэдээ орон нутгийн ИТХ-ын сонгуулийг угтан тарсан. АН-ын үед 2016 оны УИХ-ын сонгуулийг угтан Г.Шийдэгдамбыг баривчилж, авлигын хэрэг тулгаж, Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгүүлэхээр шахаж, дарамталж байна гэсэн мэдээлэл дуулдаж байсан. АН-ын зүгээс хүчтэй өрсөлдөгч болох МАХН, түүний даргыг сонгуульд оролцуулахгүйн тулд хийсэн мэх нь тэр.
Тэгвэл одоо АН хүчгүйдэж, МАН эрх барьж буй үе. Тэгвэл МАН эрх ашгаа гүйцэлдүүлж, Н.Энхбаярыг улс төрөөс холдуулахын тулд Г.Шийлэгдамбын гэх асуудлыг Н.Энхбаяр руу гулсуулан “тохох мэх” гээчийг санаачилсан бололтой. Тэр нь 2016 оны орон нутгийн ИТХ-ын сонгуулиар ийнхүү илэрлээ. Цаашилбал, хоёрхон сарын дараа гэхэд л шууд эхлэх ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ыг, түүний даргыг нэр дэвшүүлэхгүй байх арга нь тодорхой боллоо.
Ер нь бол Н.Энхбаяр гэдэг хүн рүү чиглэсэн хар ажиллагаа, улс төрийн өрсөлдөгч нарынх сонирхол аль эрт 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс мэдэгдсэн. Учир нь тэр сонгууийг угтан Н.Энхбаярыг газар доогуур ортол муулах кампанит ажил өрнөсөн. Ямар сайндаа Н.Энхбаяр тухайн үед Хэвлэлийн хүрээлэнд хийсэн нэгэн хэвлэлийн хурал дээр “Байтлаа хаа нэг газар байшин шатсан ч би хамаатай юм шиг над дээр тохож, буруутгах ажиллагаа явж байна” гэж хэлж байхав. Тухайн өдөр “Ийст” хэмээх худалдааны төв шатсантай холбогдуулж бага зэрэг хошигнож хэлсэн боловч тэр үнэн л үг. Үүнийг жаахан юмны учрыг олдог, үйл явдлын учир шалтгааныг хайдаг, эргэцүүлж тунгаадаг, аливааг том зургаар харахын хичээдэг хүмүүс бол ойлгож байгаа байх, мэдэж ч байгаа байх.
Түүний дараа 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Н.Энхбаяр л болохгүй хүн гэсэн хар пиарыг нийгэмд цацаад л байсан. Шалгах ёстой, шоронд хийх хэрэгтэй гэж ярьж, бичих нь улам ширүүссэн. Тэгж байгаад нэг л өдөр баривчлах тактик ийнхүү явагдсаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 500 гаруй цагдаагийн хүчээр түүнийг баривчилж шоронд хийснээр илэрсэн. МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон ч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэлгүй СЕХ хассан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч түүнийг оролцуулахгүйн тулд баривчилж хорьсон. Асуудал хаанаас эхэлж яаж явсаар хаа хүрч зангилаа нь тайлагдав гэж харвал ийм дараалал харагдаж байгаа юм.
Энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын сонгууль ингэсхийгээд өндөрлөх биз. Гэхдээ МАН, АТГ болон улстөржсөн хуулийн байгууллагууд Н.Энхбаяр руу сумаа тавьж, нумаа нуусан ийм л сонгууль боллоо. Одоо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг оролцуулахгүйн тулд Г.Шийлэгдамбын асуудалд хамаатай гэх шинэ хэргүүдийг түүнд тохож нэр дэвших эрхийг нь боомилох бололтой.
Зочин · 2016/10/21
МАНАН-н гэмт бүлэглэл тэр тусмаа Элбэгдорж С.Баяр М.Энхболд нарын хорт явуулгаар дэглэгдэж байгаа гүтгэн гүжирдэх үйл. Энхбаярыг ялж гарч ирэхгүйгээ мэдээд гэмтэн болгож өрсөлдөх эрхийг нь булаан авцгааж байна хулгайч нар.
Зочин · 2016/10/20
Харин Н. Энхбаяр л хэрэг хийчихээд түүнээсээ айгаад шалгуулахгүй хэвлэл мэдээллээр тархи угаагаад байгаа юм шиг харагдаад байдаг юм. Очоод л шалгуулчих л даа. Гэмгүй юм бол?
Шудрага бай. · 2016/10/20
Үнэхээр шудрага юм бол Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд шударгаар өрсөлдүүлээч. Энхбаяраас айсандаа түүнийг хэлмэгдүүлж байна шүү дээ. Монголд гарч байгаа бүх гэмт хэрэгийг нэг хүнрүү чихэж хэлмэгдүүлж байгааг чинь ард түмэн эсэргүүцээд байгаа шүү. Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоож сонгуульд оролцуул