Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар Монголын төсвийн дарамтыг багасгах зээлийн асуудлыг Олон улсын валютын сантай /ОУВС/ хэлэлцэхээр энэ сарын эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорьжээ.
 
Монгол Улс ОУВС-д ямар хүсэлт гаргасан тухай мэдээлэл олон нийтэд ил болоогүй хэдий ч 1.5тэрбум долларын зээл авах талаар хэлэлцээ өрнөсөн байх гэж таамаглаж байна. ОУВС одоогийн байдлаар Монголын хүсэлтийг хянаж байгаа бөгөөд дахин үнэлгээ хийхийн тулд Монгол руу техникийн багаа илгээх юм.
 
Гэвч ОУВС-гаас тусламж авахыг эсэргүүцэх хүмүүс Монголын Засгийн газрын дотор байсаар байна. Тэдний үзэж байгаагаар, ОУВС-гаас санхүүжилт авбал дэндүү их шаардлага, хязгаарлалтыг биелүүлэх хэрэгтэй болно, харин үүний оронд Хятадаас тусламж авах нь илүү хялбар, өртөг багатай байх ажээ. Гэтэл эдгээр хүмүүс Хятадын тусламж мөн л дэндүү өндөр шаардлага дагуулдаг гэдгийг ухаараагүй бололтой. Хятадын тусламжийн шаардлага нь тодорхойгүй, илүү нууцлагдмал байдаг бөгөөд энэ нь Монголын эдийн засаг, геополитикийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлөх юм.
 
Энэ онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байна. Харин нийт өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 200 орчим хувьтай тэнцжээ. Тус улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ийм их хэмжээний өр тавьсан байна.
 
Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай байдаг бөгөөд 2012 онд түүхий эдийн үнэ унаж эхэлснээр 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан тус улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон байна. Энэ уналт тус улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг хумижээ.
 
Монголын дунд болон урт хугацааны өрийг удирдах илүү их боломжтой. Ирэх жилүүдэд түүхий эдийн ханш сэргэж эхэлбэл Монгол руу орох хөрөнгийн урсгал эрчимтэй нэмэгдэнэ. Зөвхөн энэ онд гэхэд нүүрсний үнэ 150 хувиар өсч, зэсийн үнэ тогтворжсон. Үүний зэрэгцээ Монголын хамгийн том зэсийн орд болох “Оюутолгой”-н далд уурхайг барих таван тэрбум долларын төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ төсөл нь удахгүй Монголын эдийн засгийг сэргээж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ асар их хэмжээний орлогыг бүрдүүлэх юм. 2018 он гэхэд Монголын ДНБ-ий өсөлт 7 хувьд хүрч, 2019 онд энэ хэмжээ хоёр оронтой тоонд хүрнэ гэж шинжээчид таамаглажээ.
 
Харин ойрын хугацаанд Монголын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал томоохон асуудал болоод байна.  2016 болон 2017 онд эдийн засгийн өсөлт гарахгүй. Үүнээс гадна Монголын Засгийн газрын тавьсан өрийн заримыг төлөх хугацаа удахгүй болно. Тухайлбал, 2017 он гуравдугаар сард буюу таван сарын дараа Монгол Улс Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан бондыг эзэмшигчдэд 580 сая доллар, 2018 оны тавдугаар сард Чингис бондыг эзэмшигчдэд 500 сая доллар төлөх ёстой.
Монголд юу хэрэгтэй вэ гэхээр, ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах санхүүжилт хэрэгтэй байна.
 
Харин Хятадын санхүүжилт үүнээс илүү чухал юм. Хэд хэдэн мэдээлэлд Хятад улс дөрвөн тэрбум долларын тусламж үзүүлж магадгүй гэсэн байна. Ийм өр нь Хятадаас Монголыг чиглэсэн улс төр, худалдааны бодлогод томоохон хөшүүрэг болж магадгүй бөгөөд энэ нь Азийн зарим хэсэг болон Африк даяарх хязгааргүй зах зээлд Хятадын давуу талыг улам бататгах юм. Энэ хөшүүргийг хятадууд давуу талаа болгон ашиглахаас татгалзахгүй.
 
Үнэндээ Хятадын энэ тусламж нь тус улсын “Бүс ба зам” бодлоготой холбоотой юм. Энэ бодлогын хүрээнд тус улс Азид худалдаа, стратегийн ашиг сонирхлоо ахиулах зорилготой байгаа. Монголын хувьд Хятадын олгосон ямар ч санхүүжилтийг тус улсын эдийн засагт шаардлагатай байгаа тээврийн коридор зэрэг дэд бүтцийг санхүүжүүлэхэд ашиглах бөгөөд эдгээр дэд бүтцийг байгуулахад Хятадын компаниуд оролцох ёстой болно.
 
Үүнийг БНХАУ давуу талаа болгон ашиглаж, өөрсдийн компаниудыг Монголын ашигт малтмалын салбарт хөнгөлөлттэй нөхцлөөрр нэвтрүүлэх боломжийг бий болгох юм. Үүнээс гадна Монголын гуравдагч хөршийн бодлогыг сулруулж, тус улсын АНУ, Европтой харилцах харилцааг нь хязгаарлахын тулд Хятад улс энэ хөшүүргээ ашиглаж магадгүй юм.
 
Нөгөөтэйгүүр ОУВС-гийн санхүүжилт нь ямар нэгэн асуудал үүсгэлгүйгээр Монголын хэрэгцээг хангах боломжтой. 1.5 тэрбум долларын санхүүжилт олговол энэ нь ирэх хоёр жилийн хугацаанд Монголын төсвийн дарамтыг арилгана. Энэ санхүүжилт нь зарим нэг шаардлагыг дагуулах нь ойлгомжтой. Ялангуяа зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг ОУВС шаардана. Энэ шаардлага нь Монголын хувьд хүндхэн алхам байх бөгөөд Монголын ард иргэдийн төдийлөн мэдэхгүй хүндхэн арга хэмжээ авах үед үүний буруутан нь ОУВС болж хувирах юм.
 
Харин хөрөнгө оруулагчдын, ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, ЕСБХБ зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг сэргээхэд ОУВС-гийн санхүүжилт илүү тус дөхөм болох юм. Дээрх олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид Хятадаас тусламж авах нь Монголд үйл ажиллагаа явуулдаг бусад орнуудын аж ахуйн нэгж болон байгууллагуудыг хүнд байдалд оруулна гэж үзэж байна.
 
ОУВС-гийн санхүүжилт нь тусламжийн үндсэн хэлбэр бөгөөд Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд нэмэлт санхүүжилт олгох учир ийм шийдлийг хэрэгжүүлснээр Монголд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм. Төрөлжсөн санхүүжилтийн энэ шийдэлд Хятад улс ямар нэгэн хязгаарлагдмал хүрээнд оролцож магадгүй.
 
Харин Монгол Улс Ази, Африкийн зарим орнуудын гаргасантай адил алдаа гаргахгүйг хүсч байгаа бол ОУВС-гийн зээлийг эдийн засгийн хямралаас гарах хүчин чармайлтынхаа гол чиглэл болгох хэрэгтэй гэж “Schulze Global” хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Александр Бернард бичжээ.