Монгол банкнаас ханшийн өсөлтийн талаар ийн тайлбар хийжээ
2016/10/24
Улсын Их Хурлын
гишүүн Т.Аюурсайханаас Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид
бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн
тогтвортой, үр дүн бүхий шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар
Монголбанкны Ерөнхийлөгчид тавьсан асуулгын хариу ирүүлжээ.
Монгол банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үйл
ажиллагаандаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь чөлөөтэй, зах зээлийн
зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр бодитой тогтдог байх зарчмыг
баримталдаг бөгөөд ханшийн огцом хэлбэлзэл үүссэн нөхцөлд хэлбэлзлийг бууруулах
арга хэмжээний хүрээнд валютын захын ажиллагаанд тухай бүр нь зохих түвшинд
оролцож байна.
2016 оны 6 дугаар сард гадаад төлбөр тооцоогоор банкны
системээс ихээхэн хэмжээний валютын урсгал гарснаас үүдэн валютын зах дээр
эрэлт нэмэгдэж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч эхэлсэн юм.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, төгрөгт итгэх итгэл,
төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн суурийг бэхжүүлж
дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан
Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2016 оны 8 сарын 18-ны өдрийн шийдвэрээр
бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийн эрчимтэй уналтыг
зогсоож, санхүүгийн салбарт тогтвортой байдал үүсэхээс ам.доллартай харьцах
ханш аажим суларч байна.
Таны агуулгад дурдагдсан валютын ханшийн өсөлтийг таслан
зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх арга
хэмжээний тодорхой саналыг судлан үзээд дор дурдсан үндэслэл бүхий дараах
тайлбарыг хүргүүлж байна.
Үүнд:
- “Гадаад валютын
орлого олдгоос бусад аж ахуй эрхлэгч, иргэд банк болон банк бус санхүүгийн
байгууллагад гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох нь” эдийн засаг
хүндрэлтэй, санхүүгийн салбар эмзэг байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсаас
хөрөнгө зугтах эрсдэлийг үүсгэж болзошгүй.
Иргэн, хуулийн этгээдэд гадаад валютын
хадгаламж эзэмшихэд нь аливаа хязгаарлалт тавихгүй байх нь төгрөгийн гадаад
валюттай харьцах ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр чөлөөтэй, уян
хатан тогтож байх ханшийн тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм. Валютын
зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар байнга болон түр
оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны
банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад
валютын данстай байж болно. Иймд иргэн, хуулийн этгээдэд гадаад валютын
хадгаламж эзэмшихийг хориглох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Улсын Их
Хурлын бүрэн эрхэд хамаарна.
- “Банк бус
санхүүгийн байгууллага гадаад валютын зээл олгодог явдлыг таслан зогсоох”,
Санхүүгийн зохицуулах хороо нь банк
бус санхүүгийн салбарыг хариуцахаар хуульчлагдсан. Банк бус санхүүгийн үйл
ажиллагааны тухай хуулийн дагуу банк бус санхүүгийн байгууллага нь гадаад
валютаар зээл олгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон
тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг.
- “Төрийн алдаатай
бодлогын хор хохирлыг иргэд, аж ахуй эрхлэгчдээр үүрүүлэх явдлыг таслан
зогсоож, гадаад валютын зээлтэй байгаа нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн
зээлийг төгрөг рүү шилжүүлэх”.
Гадаад валютаар зээл авсан иргэн,
хуулийн этгээдийн хувьд банкуудаас санал болгож буй гадаад валютын своп, форвард,
опшин зэрэг санхүүгийн хэрэгслүүдээс сонгон авч гадаад валютын эрсдэлээ удирдах
боломж нээлттэй.
Монголбанк банкны салбар, мөн
зээлдэгчдийг гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны өөрийн
хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийн тооцоололд ханшийн эрсдэлтэй иргэд, аж
ахуйн нэгжид олгосон гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 20%-иар нэмэгдүүлж,
120%-иар жигнэж байх зохицуулалтыг “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны
шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тусган хэрэгжүүлж
байна.
- “Иргэд аж ахуйн
нэгж онцгойлон гадаад валютын зээл хүсээгүй бол арилжааны банкуудын зүгээс
гадаад валютын зээлийг тулган олгодог явдлыг таслан зогсоох”,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн
мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21
дүгээр зүйлийн 2-т заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчтэй зээлийн хүү, хугацаа
болон бусад нөхцөлийн талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ
байгуулж зээлийн данс нээх, зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Иргэд, аж
ахуйн нэгжид гадаад валютын зээлийг тулган олгох нь хууль зөрчсөн үйл ажиллагаа
тул хэрэв ийм тохиолдол байгаа бол холбогдох хуулийн байгууллагад асуудлыг
тавьж шалгуулах нь зүйтэй юм хэмээн асуулгын хариу илгээжээ.