Ч.Мөнхцэцэг гэх эмэгтэй хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь түүний нөхөр, хүү хоёр хятадын хөрөнгө оруулалттай “Тод чоно” ХХК-д ажилладаг бөгөөд тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрддөггүй аж.  Мөн Монгол ажилчдын эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар хэлсэн юм. Түүний нөхөр нь  тус компанид орчуулагч, хүү нь жолоочоор ажилладаг бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл бус хүнсээр ажилчдынхаа хоолыг хийдгээс үүдэн нөхөр, хүү хоёр нь өвдөөд байгаа гэнэ.
Уг асуудлаар Мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулж улмаар шаардлага хангахгүй хүнсээр хоол хийж байсан, гал тогоо нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүргэжээ. Мөн энэ үеэр тэрбээр “Тод чоно ХК-ны хувьд Вэн хэмээх хятад иргэний нэр дээр байдаг боловч компаний нэрээ Сун Цай, Цай Жин нарт түрээслэдэг байна. Энэ хоёр хүний хувьд монголд ганц зоосны орлого оруулахгүй гэсэн уриатай ажилладаг бөгөөд барилгын бүх материал, жижиг хэрэгсэл гээд бүгдийг өөрсдийн танил хятадуудаас авдаг. Тэдний барьж буй барилгууд чанарын шаардлага хангахгүй, муу материалаар баригддаг” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн тус барилгын компани нь найман хятад, таван монгол ажилчинтай гэнэ.  Ажилчдынх нь хоолны хувьд хоол биш хор учраас ийнхүү нөхөр, хүү хоёр нь хордсон гэдгийг тэрээр онцолсон бөгөөд хятад ажилчдын хувьд ч гэсэн жилд хоёроос гурваараа ходоод нь цоорсон гэх шалтгаанаар нутаг буцдаг талаар орчуулагч нөхөр нь хэлжээ.
Хятадын хөрөнгө оруулалттай компанид манай улсын хууль тогтоомж үйлчлэхгүй байгааг тэрээр авлигатай холбон тайлбарлаж байлаа.

Түүний нөхөр дээрх барилгын компанид 7 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар группд орсон ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүйгээс болж 60 хувиар тогтоосон байна. Тэрбээр тус компанийн буруутай үйл ажиллагааг шалгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм.

Х.Даваа