МАН-ынхан өнөөдөр Эх орончдын баярын өдрийг тэмдэглэх хүрээнд “Эдийн засгийн аюулгүй байдал-Монгол Улс” эрдэм шинжилгээний бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд МҮАН-ын дарга М.Энхсайхан оролцож, илтгэл тавьсан юм. Энэ үеэр нь түүнтэй уулзая ярилцлаа.

 
МАН-ын “Эх орончдын өдөр”-т зориулсан эдийн засгийн сэдвээр өрнүүлж байгаа эрдэм шинжилгээний бага хуралд та оролцлоо. Бусад намын удирдлагаас харагдсангүй. Та энэ өдөрт тийм их ач холбогдол өгдөг хүн үү?


-ХХ зууны эхэнд Монголд анх улстөрийн нам байгуулагдсан, маш чухал өдөр. Энэ бол зөвхөн МАН тэмдэглэдэг баяр биш, өөрийгөө нам гэж тодорхойлдог бүх л намд хамаарах баяр. Тийм учраас бусад намууддаа ч баярын мэнд хүргэе.



-Та өнөөдөр төмөр замын асуудлыг хөндөж ярилаа. УИХ-аас 2010 онд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого баталчихсан, Засгийн газар тэр бодлогын хүрээнд ажиллана гэдгээ мэдэгдчихээд байхад ингэж ярих нь хэр үр дүнтэй юм бол?

-Төмөр замын асуудлаар би цуцалтгүй ярьж байгаа. Яриад байгаа асуудал нь миний хувийн асуудал биш. Монголын ирээдүйн хувь заяатай холбоотой болохоор ярихгүй байж болохгүй.
 

-Гол сэдэв төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал болж байна. Өргөн, нарийн царигийн үр өгөөжийн талаар эдийн засгийн судалгаа хийсэн зүйл байдаг уу?

-Нарийн царигтай төмөр замд хийх хөрөнгө оруулалт нь бага гарна. Тээвэрлэх хүчин чадал нь нарийн буюу олон улсын стандарт царигт илүү өндөр байдаг. Хэрэв өргөн царигтай бол бид нэг галт тэрэг явуулаад, түүнийгээ ачиж, буулгах гэсээр байтал дараагийн галт тэргээ оруулж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр энэ бол эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлж байгаа юм.

 

Өнөөдөр улс орнуудын тэмцэл эдийн засгийн тэмцлээр өрнөж байна. Бие биенээ цэрэг, танкаар эзэлдэг цаг аль эрт өнгөрсөн. Харин хэн нь эдийн засгаараа давж гарах вэ гэдгээрээ тэмцэлдэж байгаа. Энэ утгаар үзэх юм бол миний хэлээд байгаа олон улсын стандартын царигийг тавих юм бол Монголын эдийн засагт  ашигтай.

 

Бид “Чингис бонд”-ынхоо өрийг төлөх бололцоо үүснэ, Монгол улс мөнгөтэй болох хэмжээгээрээ дараа дараагийнхаа асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно. Ер нь ч бидэнд олон улсын стандартын нарийн царигтай төмөр зам тавихаас өөр сонголт байхгүй.


-Хэдийгээр та нарийн царигтай төмөр зам байх нь зөв гэж тайлбарлаж байгаа ч асуудал хариуцсан сайд нар нь шинэ төмөр замын төслийг тодорхой хэмжээгээр урагшлуулаад байх шиг?

-Хэрэв Х.Баттулга, А.Гансүх нар ийм байдлаар аашлаад байвал Монголд хохирлоос өөр юм авчрахгүй. Яахав цаана нь “Чингис бонд”-ын мөнгийг төмөр зам барьж байна гэсэн нэрийдлээр энд тэнд далан барьж, мөнгө угаах бүлэглэл байна гэж харж байна. Тиймээс үүнд  автмааргүй байна. Монголын төр засаг хийх ёстой зүйлээ хийж, гаргах ёстой зөв шийдвэрээ гаргамаар байна.


-МАХН-ын Бага чуулган өндөрлөлөө. Өмнө нь Та МАХН-ын МАН-тай нэгдэх эсэх тухай асуудлаас хамаараад МҮАН-ын Бүгд их хурлыг хийх цаг хугацааг товлож чадахгүй байна гэж байсан.  Гэтэл МАХН-ынхан Бага хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг нэрлэчихлээ. Үүнийг та хэрхэн хүлээн авч байна вэ?

-МАН, МАХН хоёр нэгдье гэсэн санаачилга өрнүүлж байгаа хүмүүс байгаа боловч амьдрал дээр нэгдэл хурдан явагдахгүй нь ойлгомжтой боллоо. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийн нэрсийг гаргасан байсан. Гэхдээ МҮАН, МАХН гэсэн намууд нэгдэж байж “Шударга ёс” эвслийг байгуулсан.

 

Энэ эвсэл Засгийн газрыг байгуулахдаа АН-тай гэрээ хийсэн. Гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дундаасаа нэг л нэр дэвшигчтэй байна гэсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээний заалтыг яах вэ гэдэг асуудал нээлттэй үлдэж байна. Бид гэрээ хийвэл хийсэн шиг хийдэг байхгүй бол улс төрийг хуурч молигоддог замаар яваад байвал хол алхаж чадахгүй.


-Таны хувьд МҮАН болон “Шударга ёс” эвслийг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол бий юү?

-Үүнийг би дангаараа хариулж болохгүй. Миний баримталж байгаа шийдвэр бол хэрэв бид АН-тай хамтарч байгаа бол дундаасаа нэг л хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх ёстой гэж үздэг.


-МҮАН-ын Бүгд Их хурал хэзээ болох бол?

-Бүгд хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Ер нь улс төрийн бүх асуудал тодорхой болоогүй байна.


-“Эрдэнэс тавантолгой” компанийн “Чалько”-оай байгуулсан гэрээ үнэхээр ашиггүй гэрээ байсан уу. Эрх баригчдын хувьд тус гэрээг Монгол Улсад маш ашиггүй гэрээ байгуулсан байсан гэж мэдэгддэг. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хоёр тал харилцан ашигтай гэж үзэн итгэл үнэмшилтэйгээр хоёр талаас гарын үсэг зурсан байлгүй. Түүнээс биш нэг нь нөгөөгийнхөө толгойд нь буу тулгачихаад гарын үсэг зураагүй байлгүй дээ. Тийм учраас эхлээд гэрээ хийсэн хүмүүс түүнийгээ хамгаалдаг байх ёстой. Гэрээ байгуулсан хүмүүсийн байр суурь ерөөсөө сонсогдсонгүй өнгөрсөн хугацаанд.

 

Хоёрдугаарт, “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлага гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг нөгөө талтай ярьж болно. Түүнийгээ соёлтой илэрхийлэх ёстой. Түүнээс сэлэм гаргаад цавчаад байх нь олон улсын харилцаанд байж боломгүй асуудал.


-Гэрээг байгуулахдаа нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдан борлуулахаар тусгасан юм билээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буувал дээрх 70 ам.долларын ханш дахиад буурна. Тэгэхээр энэ нь Монголд үнэхээр хохиролтой гэрээ биш гэж үү?

-Аливаа асуудалд судалгаагүй ханддагийг л харуулж байгаа юм. Бодвол манай талаас гэрээ байгуулахдаа нүүрсний үнэ уначихна гэж бодоогүй байх. Гэтэл дэлхий ертөнцөд юу болж байна, байдал яаж өөрчлөгдөж байна вэ. Судлаагүй хандсаны л гай. Тийм болохоор одоогийн “Эрдэнэс тавантолгой” компанийнхан түншилж байгаа талтайгаа дахиад өдөөд ярихад буруу юм байхгүй гэж бодож байна.