"Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ гэж нэрлэдэг. Гэхдээ яагаад ингэж нэрлээд байгааг нэг их чухалчилж ойлгохыг хүсдэггүй байлаа. Татвараа төлөөд л түүнээс нь төсөв бүрдээд байдаг учраас л саалийн үнээ гэдэг байх гэсэн бүрхэг ойлголттой явж.

 Тэгсэн төсөв бүрдүүлж, татвар төлөхөөс гадна олж буй ашгаасаа төрийн түшээд, тэдний төрөл садан, ах дүүсийн компаниудаас хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдан авалт хийж, тэтгэсээр ирсэн байгаа юм. Уг чанартаа үүнийг л "саалийн үнээний дэлэнг шувтрах” гэж тайлбарладаг байх юм.

 

Манай түшээд тэдний ах дүүсийн компани юу үйлдвэрлэдэг, хаанаас ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байх нь чухал бус. Гол нь хаана хэнд нийлүүлэх вэ гэдэг нь л чухал.

 

 

"Эрдэнэт” үйлдвэр бол сүүний чиглэлийн үнээ. Дэлэн нь сэрийж, сүү нь цацарсан алаг үнээ байна гээд та бүгд төсөөлчих. Өдөр бүр саальд гарч саасан сүүгээ зарж, олсон орлогоор гэр бүлд хэрэгтэй хүнс, бараа, бүтээгдэхүүн авдаг гэж бодьё л доо. Гэтэл манай үнээг сааж буй саальчид сүүнийхээ мөнгөөр шал хэрэггүй зүйлс худалдаж авсаар өнөөдрийг хүрч. Маш том үйлдвэр. Олон ч ажилчинтай. Гэхдээ 5 сая гаруй төгрөгийн үнэтэй бэлгэвч худалдаж аваад агуулахдаа хадгалж байсныг сонсоод гайхах багадана. ГОК-ынхныг бие биедээ бэлгийн замын өвчин халдаагаад, хүүхнүүдээ жирэмслүүлээд байж болохгүй шүү гэсэн дээ бэлгэвч аваагүй хэрэг. Зүгээр л хэн нэгэн дарга, түүний хамаатны хилийн цаанаас олж ирсэн "хог”-ийг "Эрдэнэт” үйлдвэрт шахчихсан нь тэр л дээ.

 

Өө тэгээд үзгэн балны запас уул овоо шиг, хугацаа нь дууссан принтер, түүний хор хөглөрч, хивс хивсэнцэр хулганы хоол болоод л хэвтэж байсан тухай мэдээллүүдийг хангалттай уншиж, хайран хөрөнгө хэмээн халагдаж суусан минь энүүхэнд.

 

Тэгсэн энэ тэнэглэл ингээд дууссангүй. Цааш үргэлжилсээр... 56 сая төгрөгийн үнэтэй массажны сандал, 15 сая төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэх аппарат, 7.6 саяын үнэтэй шаазан аяга, 51.2 сая төгрөгийн үнэтэй чулуун арслангийн баримал, 60 мянган ам.доллараар машинуудынхаа дугуйг сольж тансаглаж байна гэнэ. Олон мянган ширхэг бэлгэвчээ яаж устгасан бол гэж гол харлаж суухад юун шаазан аяга, юун ус цэвэршүүлэгч, юун массажны сандал вэ энэ чинь одоо. Яасан ч шахаж, шахуулж ханадаггүй улс вэ.

 

 

Ингээд бодсон тарган алаг үнээ маань турж эцээд туйлдсан ч дэлэнгээ шувтруулсаар зогсох дүр зураг харагдаж байна. Гол нь сүүг нь зарж олсон мөнгөөр өвс, тэжээл юу ч авахгүй, саальчны гэр өлмөн зөлмөн хэрнээ хөршийнх өрөө бүртээ лед зурагт өлгөж, интернетгүй атлаа хүүхэд бүр нь таблетаар гангарч байгаагаас ялгаагүй... /Хөрш бол саальчинд хог шахаж гаршсан наймаачин/

 

 

"Саалийн үнээ” өнхөрч унасны дараа, "Эрдэнэт”-ийн нөөц шавхагдаж дуусмагц л шахаа дуусах биз дээ. Түүнээс өмнө "Эрдэнэт" үйлдвэрийн толгойд хэн ч очсон шахуулсаар, төрийн түшээдийн ах дүүс шахсаар л байх биз дээ. 

 

 

Шар хүү

 undesten.mn