Монгол Улс хар тамхи дамжуулагчаас хэрэглэгч болж “дэвшив”

Хар тамхины төрлийн “Флакка” гэгч бодисыг хэрэг­лэсэн урд хөршийн иргэд өөрсийгөө хянах чадвараа алдаж нэгийгээ хазаж гэмтээн махчин маягийн үйлдэл гаргасан тухай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар гарчээ. 
Тэгвэл манай улсад хар тамхины хэрэглээ ямар байгаа болон үүнээс урьд­чилан сэргийлэх талаар хол­богдох байгууллагууд хэр­хэн ажилладаг вэ гэдгийг сурвалжиллаа. 
Олон улсын судалгааны бай­гууллагаас манай улсыг 2012 онд дамжуулагч улс хэмээх ангилалд багтааж байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар хэрэглэгч улс гэсэн хэсэгт орж “дэвшсэн” байгаа тухай Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэг мэдээлжээ.  Дэлхий нийтээр мансууруулах эм, бодисыг хэрэглэхийн эсрэг тэмцэж, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа хэдий ч хэрэг­лэгчдийн тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа. Энэхүү цагаан тахлыг хүүхэд залуучууд өргөн хэрэглэх хандлагатай байдаг нь цөөхөн хүн амтай монголчуудын хувьд хөндүүр асуудал юм. 
Манай улсад хэчнээн хүн мансууруулах бодист донтсон бэ? Энэ асуултад хариулах нарийвчилсан тоо судалгаа албан ёсоор байхгүй. Харин төрийн бус байгууллагуудаас хамгийн сүүлд явуул­сан судал­гаагаар 561 хүн байгаа гэсэн тоо гаргасан байна. Ман­сууруулах бодис хэрэглэдэг нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэсэн аргачлалын дагуу авч үзвэл манай улсад 2000 гаруй хүн байгаа гэж багцаалах нь. Гэхдээ энэ тоог цагдаагийн байгууллагаас батлахгүй байна. Цагдаагийн ерөнхий газ­рын статистик судалгаагаар 2015 онд мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдсан, хэ­рэглэх орон байраар хангасан гэх 261 хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 337 болж нэмэгдсэн дүн харагдаж байна. Энэ төр­лийн гэмт хэрэг өмнөх жилүүдэд хэрхэн бүртгэгдсэн байгааг авч үзвэл 1986-2012 он хүртэл зөвхөн энэ төрлөөр эрүүгийн 67 гэмт хэрэгт 157 хүн ял шийтгүүлсэн байна.  Тэднийг насаар нь ангилж үзвэл 19-36 насны хүмүүс ихээр татагдан оржээ. Гэмт хэрэгтнүүдийн 83.1 хувь нь борлуулах зорил­гогүйгээр, хууль бусаар олж авч хадгалсан бол 16.8 хувь нь борлуулах зорилгоор авч явсан гэж ял шийтгэгдсэн судалгаа гарчээ. Тэд Хятад, Солонгос, Филиппин улсаас орж ирсэн болон манай улсад ургадаг мансууруулах үйлчилгээ бү­хий бодисуудыг хэрэглэсэн, тээ­вэр­лэсэн, бор­луулсан байна. Энэ төрлийн хэргээр ял эдэлж байгаа 10 монгол иргэнээ шилжүүлэн авчрахаар манай улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас ялтан шилжүүлэх, солилцох гэрээ байгуулж байна. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр хар тамхи тээвэрлэж, борлуулахаар явсан бол тус улсын хуулийн дагуу шийдэгдэх ёстой байдаг. 

Хар тамхины хар мөр
Мансууруулах бодис хэт­рүүлэн хэрэглэснээр амиа алдаж ч болно. Амиа алдах ийм эрсдэл байгааг залуус ойлгохгүй зугаа цэнгэл төдийгөөр ойл­госноос он гарсаар насанд хүрээгүй дөрван хүүхэд амиа алдсан харамсалтай явдал гар­чихаад байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний тө­вийн их эмч С.Мөнхтуяагийн хэлснээр хүүхэд залуус олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интер­нэтээс энэ төрлийн мэ­дээлэл авснаа сэтгэл заслын эмчилгээний үеэр ярьдаг байна. Интернэтээс энэ төр­лийн мэдээлэл авсан өсвөр нас­ныхан шохоорхож, нэгийгээ даган дуурайж эсвэл  бусдын ятгалгаар болон олуулаа дар­виж мансууруулах бодис хэрэг­лэдэг. Хар тамхи эрүүл мэнд бие бялдрын хувьд донтох эмгэг буюу хараат байдлын аюултай өвчин үүсгэдэг. Буруу хэрэглэсэн, хэтрүүлсэн тун үхэлд хүргэнэ. Мөн тариур хэрэглэдэг байлаа гэхэд бохир зүүнээс нь элэгний үрэвсэл, тэр ч бүү хэл ХДХВ-ийн халдвар авах магадлал ч өндөр байдгийг С.Мөнхтуяа эмч хэлж байна.
Эрүүл мэндээс гадна хар тамхинд нэгэнт донтсон бол худалдан авах мөнгө олохын тулд хулгай болон дээр­мийн гэмт хэрэг үйлдэх эрсдэл нэмэгд­дэг. Ийнхүү нэг удаагийн шохоорхлоос  эмгэг донтон болж,  эрүүгийн гэмт хэрэгтэн бо­лох эрсдэл байгааг анхааруулах хэрэгтэй юм.

Хуулийг чангатгах хэрэгтэй юу
Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны кон­венцид 1990 онд, сэтгэцэд нө­лөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд нэгдсэн бол Мансууруулах болон сэт­гэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг Нэгд­сэн Үндэсний байгууллагын 1988 оны конвен­цид 2001 онд тус тус нэгджээ.
Манай улсад хэрэгждэг  мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй хол­боотой хууль гэвэл 2000 онд хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримт­лалыг батлах тухай 2010 оны 48-р тогтоолд “Иргэдийг үндэс­тэн дамжсан гэмт хэргээс хамгаалах бодлого”-ыг тусгасан байдаг.  2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталсан. Мөн эрүү­гийн хуулийн “Нийгмийн аюул­гүй байдал хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” бүлэгт энэ тухай заасан байдаг. Үүнээс гадна гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх болон гэр бүлийн тухай, хүүхдийг гэмт хэргээс хамгаалах тухай хуульд заасан байгаа. 
Манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хад­галах, өөрөө хэрэглэх, бусдад ху­далдах, хууль бусаар хил нэвт­­рүүлэх гээд бүхий л төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог. Үүнийг манай хуу­лийн салбарынхан хүнд гэж үздэг байна. Учир нь олон улсын хэмжээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бодисуудын жагсаалт тус­даа байдаг аж. Тиймээс ОХУ, Португал, Голланд, Герман зэрэг оронд ялын бодлого илүү уян хатан байд­гийг судал­жээ. Тухайлбал, захир­гаа­ны журмаар торгох, албадан ажил хийлгэх зэрэг ял шийтгэл оног­­дуулдаг. Тэгвэл БНХАУ, Тай­ланд, Малайз зэрэг орнууд мансууруулах бодистой хол­боо­той гэмт хэрэгт хатуу хууль­­­тайд тооцогддог. Хүний эрхийн үндэсний комиссоос дурд­сан нэг жишээгээр 2003 онд гуравхан сарын хугацаанд Тайланд улсад 2300 хүнийг цаазаар авч байсан тохиолдол байдаг аж.
ХЭҮК-оос Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийг шийд­вэрлэхдээ “Энэ бодисыг хэдэн төгрөгөөр борлуулж, ямар ашиг олох гэж байна” гэдгийг л хууль шүүхийн практикт авч хэрэглэж байна. Тэрнээс хэдэн грамм нь үлэмж хэмжээтэй, хэд нь онц ноцтой болох,   ямар хэмжээтэй байвал өөрийн хэрэг­лээнд орох вэ зэргийг нарийв­чилсан хэрэглээний стан­дарт байхгүй учир нийтлэг хэмжээгээр нь 10-15 жилийн ял өгч байна. Ер нь ялын бодлогын хувьд хатуу зөөлөн гэж ярихаа­саа илүүтэй үйлдэлтэй нь хэр зэрэг зохицож байгааг нь харах хэрэгтэй гэсэн саналаа Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа юм байна. 
Энэ төрлийн бодисыг хя­наж шалгадаг хилийн хя­налт, мэргэжлийн хяналтын бай­гуул­­лагынхан болон олон ний­тэд энэ тухай мэдээлэл өгдөг хэвлэл мэ­дээллийн сэт­гүүлчдийг ч сур­галтад хам­руулах шаардлага тулгараад бай­гаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн тухай сэтгүүлчид мэдээлэхдээ, өсвөр насныханд бараг хичээл болохуйцаар үйл явцыг нарийвчлан дүрслэн бичсэн байдаг тухай мөрдөн байцаагчид хэлж байна. 

Албан мэдээлэл 

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2016 оны аравдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын гурван иргэн “Чингис Соосэ” их сургуулийн орчимд хар тамхи мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу “Мөс” гэх бодисыг  хууль бусаар олж авч бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрх нэр бүхий этгээдүүд нь ашиг орлого олох зорилгоор мансууруулах бодисыг хууль бусаар зарж борлуулж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс тэдний нэгийг буюу иргэн Б-г ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна. 
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Иргэний  агаарын тээврийн цагдаагийн хэлтэс Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлээд шалгаж байна.  2016 оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн А,  Д нар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи мансууруулах бодисын төрөл болох “Мөс” гэх бодисыг их хэмжээгээр хилээр оруулж ирснийг илрүүлсэн.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: 
-Монгол Улсын 100 орчим иргэн гадаадад шалгагдан хоригдож байгаагийн дийлэнх нь БНХАУ-д байна. Эдгээр иргэдийн олонхи нь хар тамхины хэргээр шалгагдаж ял эдэлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд тухайн улсад гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн үед нэмэгдсэн. 


Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн: 
-Манай улсад дэлхий дээр хэрэг­лэгддэг бүх төрлийн мансууруулах бодисууд орж ирсэн байна. Ерөнхийдөө сүүлийн үед “Мөс” хэрэглэж донтсон хүмүүс их байна. Мөн яг юу хэрэглэж байгаагаа мэдэхгүй хүмүүс ч их байна. Тухайн бодисынхоо нэр, найрлага зэргийг мэдэхгүй, нунтаг цагаан зүйл хэрэглэсэн гэдэг. Тэр нь юу ч байж болно. 2010 онд хар тамхины хэрэглээ, зах зээлийн талаар хийсэн том судалгаа бий. Тэр судалгаагаар дэлхий дээрх хар тамхины бүх төрөл манай улсад ороод ирсэн байдаг. Нийт хэрэглэгчдийн 36 хувь нь өвсний ургамал каннабис хэрэглэдэг, 18 хувь нь экстайз хэрэглэдэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар найман төрлийн мансууруулах бодис хэрэглэж байна. Тухайлбал, морфин, геройн, мөс, каннабис, мими зэрэг төрлийг их хэрэглэж байна. Энэ мими гэдэг бодисыг уул уурхайн салбарт уурхайчид их хэрэглэж байгаа. Энэ нунтгийг шөнөжин ажиллах зориулалтаар хэрэглэдэг тохиолдол их  байна. Сүүлд “Флакка” гээд бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ бодис бол хүмүүсийг зомби мэт болгодог. Манай дээр ирсэн хүмүүсийн юу хэрэглэж байгааг тестээр шалгаж үздэг. Хэрэглэгчийн шээс болон шүлсээр тест авч тогтоож өгч болдог.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Оюун:
-Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хэргүүдийн дунд “Флакка” гэх төрийн мансууруулах бодис хэрэглэсэн, борлуулсан, хилээр орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна. 


Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн Б.Саруултуяа: 
-Мансууруулах бодис сэтгэцэд нөлөө­лөх эм бодисоос урьдчилан сэргийлэх яриа таниулгыг ерөнхий боловсролын сургуулиудын судалгаанд үндэслээд нийт 15 сургуульд явуулсан байна. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэрлэж мансуурах тохиолдол их гарч байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд цагдаагийн байгууллагад 20 тохиолдол бүртгэгдэж хүний амь нас хохирсон дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. 
Газ буюу ахуйн хийг хүний амь насанд аюултай, маш хортой бодис гэдгийг хүүхдүүд төдийлөн ойлгохгүй байна. Түүнээс гадна хориглосон заалт байсаар байтал хүнсний дэлгүүрүүд борлуулж байгаа.