-Энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын овжин зан ажлаа аваад удаагүй байгаа, салбараа "мэдэхгүй" Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан ч байж мэдэх дүр зураг харагдаж байна-

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хоёр хоногийн өмнө уулзахдаа урд нь огт яригдаж байгаагүй сэдвийг хөндсөн нь иргэд гэхээсээ илүүтэй барилгын салбар болон банк санхүүгийн байгууллагын хооронд чимээгүй "дайн"-ыг зарлав бололтой. Хэдийгээр тэдний уулзсан зорилго нэг үзүүрт чиглэж байсан ч ярилцсан сэдэв нь барилгын салбарт ашигтай ч банкуудад эрсдэлтэй байж мэдэх дүр зураг харагдаж эхэллээ. 

Энэ бол орон сууцтай болохыг хүссэн иргэдийн "эмзэг" сэдэв болсон арилжааны банкуудын зээлдэгчдэд тавьдаг "Та урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон вэ” гэх байцаалт маягийн асуултыг халах тухай аман яриа юм. Хэдийгээр тэдний хэн нь ч тэрхүү аман яриагаа ажил хэрэг болгох тухай бодоогүй байж болох ч цаад утгаар нь харвал ажлаа хүлээж аваад удаагүй, салбараа "мэдэхгүй” шахам таваргаж яваа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хэзээний хашир, туршлагатай улстөрчдийн нэг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барьц алдуулсан ч байж мэдэхээр байна. 
Учир нь, тэдний хөндсөн дээрх асуудал бол барилгын салбарт нэн ашигтай санал юм. Нөгөөтэйгүүр ганц Г.Мөнхбаяр сайд гэлтгүй өөр хэн ч байсан салбартаа ашигтай л зүйлийг олж харж, боломжийг алдалгүй барьж авахыг оролдоно уу гэхээс өөрт хамаагүй "санхүү" мэтийн асуудал хийгээд цаашид гарах үр дагаврыг тооцох эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хоёрын хариуцсан ажил, үүргээс харахад зорьсон зорилго нэг ч, хүрэх арга зам болон өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр хоорондоо адилгүй юм. Харин Монголбанкны хувьд арилжааны банкууд болон зээлдэгчдийнхээ эрсдлийг тооцох нь гарцаагүй. Хэдийгээр тохилог, дулаахан орон сууцад амьдрахыг хүссэн иргэд урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлсэн нь банкуудад "сонирхол"-той сэдэв, тэрүүхэн агшинд зээлийн эдийн засагчид мөрдөн байцаагчийн дүрд хувирч байрны урьдчилгаагаа төлөхөөр ирсэн иргэдэд хаанаас яаж, ямар замаар бүрдүүлснийг нь тодотгож, олон асуултыг тавьж залхаадаг ч хэрэв мань хоёрын ярилцсан зүйл хөрсөнд бууж, арилжааны банкны ажилтан ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус "Хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу" гэж нүүрийг нь улалзуулахгүй болчихвол иргэдийн нуруун дээрх ачаа хоёр дахин нэмэгдэх төдийгүй арилжааны банкууд өөрсдөө ч эрсдэлд орох нь тодорхой юм. 

 Тухайн үед үүнийгээ тооцоолоогүй барьц "алдсан" Монголбанкны зүгээс өчигдөр ийм тайлбарыг өгч байна. Тэд "Ипотекийн найман хувийн зээлийг удахгүй үргэлжлүүлнэ. Гэхдээ таван хувьд оруулах боломжгүй. Санхүүгийн эх үүсвэр ч байхгүй. Харин өнөөдөр мөрдөж байгаа журамд орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг зээлээр хангах боломжгүй. Хэрэв ингэхийн бол зээлдэгчийг давхар зээлийн дарамтад оруулах эрсдэлтэй. Тодруулбал, тухайн иргэн урьдчилгаа 30 хувиа зээлээр авна. Тэгсэн хэрнээ үлдсэн 70 хувиа ипотекийн зээлд хамрагдах болчихоор 100 хувь зээл болно. Гэтэл иргэдийн орлого ямар байгаа билээ. Зээлээ төлж чадахгүй болно. Хэрэв зээл төлөгдөхгүй болчихвол чанаргүй зээл нэмэгдэнэ. Санхүүгийн тогтвортой байдал доголдох зэрэг олон эрсдэлтэй" гэх тайлбарыг өгч байгаа бол Барилга, хот байгуулалтын яам ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Монголбанкнаас эсрэг байр суурьтай байгаа аж. Тэгэхээр энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг болох Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр овжин зангаа ашиглаж ажлаа аваад удаагүй байгаа, салбараа "мэдэхгүй" Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.


Эх сурвалж: