Сэтгүүлч  мэргэжил хүнд.  Тэр ч утгаараа  цагдаа, шүүхэд дуудагддаг. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа эрүүгийн хуулинд сэтгүүлчийг өмөөрсөн заалт ч бий, буруудсан бол яллах заалт ч бий.  Хамгийн гол нь сэтгүүлчдийг яллах заалт нь хүчин төгөлдөр мөрдөгддөг шигээ хамгаалсан заалт нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Эрүүгийн хуулинд байдаг  тэр ҮХМЭЛ заалт бол 139-р зүйл.

Эрүүгийн хуулийн 139-р зүйлд  Сэтгүүлчийн хуульд нийцсэн үй ажиллагаанд саад хийвэл хуулийн  хариуцлага хүлээх талаар тусгасан байдаг.  Тодруулбал,  

139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Энэ заалт 2002 онд  Эрүүгийн хууль шинэчлэгдэж байхад орж байсан.  Гэвч  өнөөдрийг хүртэл хэн ч энэ заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээж байгаагүй.  Хариуцлага хүлээх нь битгий хэл  эрүүгийн хэрэг үүсч байсан түүхгүй. Өөрөөр хэлбэл  сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэгтэй  холбоотойгоор дарамт, шахалт ирдэг.  Үүнийг нь болиулах гэж “Миний  ажилд саад учрууллаа” гэсэн агуулга бүхий өргөдөл цагдаагийн байгууллагад өгдөг.  Гэвч цагдаа нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурортоо шилжүүлдэг. Эсвэл хэргийг прокурор нь хаадаг.  

Хууль тайлбарлах эрх  зөвхөн  Улсын дээд шүүхэд байдаг. Тэгвэл Улсын дээд шүүх энэ заалтыг  2007 оны 12-р сарын 21-ны өдөр тайлбарласан байдаг.

1.1 Хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасан “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээлэл…”   гэдэгт тухайн этгээдийн өөрт нь болон бусдад холбоотой тодорхой асуудал, сэдвийн дагуу нийтэд мэдээлэхээр сэтгүүлчээс бэлтгэсэн аливаа бүтээлийг ойлгоно.

1.2. Мөн зүйл, хэсэгт заасан “…сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа…” гэж Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг хайх, хүлээн авах, цуглуулах, боловсруулах, нийтлэх ажиллагааг хэлнэ.

1.3. Мөн зүйл, хэсэгт заасан “…саад хийсэн…” гэдэгт сэтгүүлчээс хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүргэсэн, эсхүл үндэслэл бүхий шалтгаангүйгээр хүндрэл учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Энэ нь сэтгүүлчийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, зогсоох, хяналт тогтоох, мэдээлэл олох боломжийг хаах, олсон мэдээллийг хууль бусаар хурааж авах, устгах, өөрт нь болон ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, албан тушаал бууруулах буюу ахиулах амлалт өгөх, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох буюу хаах зэргээр илэрч болно.

Сэтгүүлч болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлэх явцад тэдгээрийн эрүүл мэндэд хор уршиг учирсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирохоор давхар зүйлчилнэ.

1.4. Мөн зүйл, хэсэгт заасан “…нийтэд тараах…” гэж Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг олон нийтэд түгээхийг хэлнэ.

1.5. Мөн зүйл, хэсэгт заасан “…тараалгахгүй байх…” гэдэгт сэтгүүлчээс аливаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээхийн өмнө түүний хууль ёсны үйл ажиллагаанд бусдын зүгээс хууль бусаар аливаа саад үзүүлснийг ойлгоно.

  1. Хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасан“…албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн…”гэж сэтгүүлчийн хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах болон албаны нэр хүндээ ашиглан саад учруулсан байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг.  

Тэгвэл үүнээс өмнө хэрэгжиж байсан Эрүүгийн хуулинд  ийм заалт байгаагүй.  Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд заалт нь байгаа ч үхмэл хэвээр байгаа.  2017 онд хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуульд ч энэ заалт  тусгагдсан байгаа.  Харин одоогийнх шигээ үхмэл бус хэрэгждэг байгаасай гэдгийг сэтгүүлчид хүсч байгаа. Харин хэрэгуүүлэх   ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХийнхэн анхааралдаа авна биз ээ.