Германы загварын агентлагт гэрээгээр ажиллаж, дэлхийд алдартай моделиудтай мөр зэрэгцэн гунхаж явсан бахархам түүхтэй Г.Уранцэцэг эх орондоо ирээд Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг болсон бөгөөд 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртсэн билээ. Түүнийг нэг хэсэг “Эрүү” гэх содон хоч дагах болсон юм.

Загварын ертөнцөд өвөрмөц дүр төрх, урт хөл, техникийн чадвараараа эрс ялгарч чаддаг тэрбээр томоохон шийдвэр гаргаж Солонгосын Ганнам дүүргийн Шинсадунд байрладаг гоо сайхны нэгэн эмнэлгийн амьд сурталчилгаа болж, өөрийнхөө нүүр царайгаа эрс өөрчилсөн. Түүнийг эх орондоо ирэхэд хэн ч таниагүй гэдэг. Үүний дараа тэрбээр “Эрүү” хочноосоо салсан түүхтэй.

Харин саяхан түүнийг “Эрүүгээ тайруулсан топ модель Г.Урнаагийн шүд нь суларч эхэлсэн” гэх мэдээлэл гарах болсон юм.

Тэгвэл энэ тухай топ модель бүсгүй ийн хариуллаа. “Намайг талх хүртэл идэж чадахаа больж, эрүү нь салж унах гэж байгаа мэтээр ярьж бичсэн байна лээ. Үнэндээ бол би эрүүл саруул, ажил төрлөө хэний ч дор орохооргүй хийж явна” гэж албан ёсоор хариу өгсөнийг "Мобайль ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана