100-аад жилийн түүхийг бүтээж ирсэн МҮЭХ-г тойрсон асуудал нийгэмд "элбэгшиж" байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас хүчтэй өрсөлдөгчдийн дундаас үнэмлэхүй ялалт байгуулж төрийн түшээгээр заларсан нь МҮЭ-ийг социализмын үлдэгдэл, хоцрогдсон хэмээн үзэж байсан улс төрчдийг амаа барьж харамсахад хүргэжээ гэмээр үйл явдлууд өрнөж байна.

Үүний нэг нь УИХ-ын гишүүний хувьд МҮЭХ-ны өрөнхийлөгчийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцээс гаргасан, Цэцэд Ши.Батбаярын хүү "Манука"ХХК-ийн захирал Бямбадорж хүсэлт гаргасан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Үндсэн хуулийн Цэцээс уг асуудлыг Цэцийн асуудал биш гэж буцааснаа нэг л мэдэхнээ дээрх дүгнэлтийг гаргасан гэж байх юм.

Одончимэд, Батбаяр нарыг УИХ-ын гишүүний зэрэгцээ төрийн бус байгууллагын тэргүүн, ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тэдэнд ийм шаардлагыг хаанаас хэн ч тавьж байгаагүй зэрэг нь С.Ганбаатарыг МҮЭХ-ноос мултлах өөр шаардлага гарч дээ гэх олон нийтийн таамаглалыг баталгаажуулах мэт. Уг нь Үндсэн хуулийн Цэц хамгийн "толгой" гэх тодотголтой хуульчдаас бүрддэг гэдэг.

Яагаад гэдэг нь тодорхойгүй ч манай хэлэлцэх асуудал биш гэснээ хэлэлцээд дүгнэлт гаргахыг бодоход "будилав" бололтой. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үе МҮЭХ-г ганхуулсан. Гэхдээ энэ айл ганхахдаа ч мандахдаа ч "битүүхэн" анир багатай. Дээрх үйл явдал ҮЭ-д зургаан жилийн өмнө иргэний хөдөлгөөнөөс С.Ганбаатар орж ирсэн нь олон нийтийн төдийгүй улс төрчдийн хандлагыг ҮЭ-д татах болсны нэг нотолгоо ч гэж болох юм.

ҮЭ-ийн зарим нөхдүүд ч телевизээр их яривал түүний амжилтад хүрч болох мэтээр ойлгож телевизүүдээр "гүйдэлтэй" болж байгаа. ҮЭ-ийн алдагдсан эрх болох хөдөлмөрийн улсын байцаагчийн эрхийг 47 идэвхтэндээ олгуулж, хөдөлмөрийн харилцаанд төрийн хяналтыг ҮЭ тавих томоохон боломжийг бий болголоо.

Түүнчлэн МҮЭ-ийн хууль бусаар алдагдсан өмчийг эргүүлж гишүүддээ авч өгнө гэсэн амандаа хүрч "МҮЭХ-ны төв зөвлөлийн 600 метр кв талбай бүхий "Б" корпусыг "Манука"ХХК хууль бус өмчлөлөө чөлөөлж өгнө үү" гэж шүүхэд хандсан. Энэ корпус нь МҮЭХ-ны өмч мөн гэдгийг шат шатны шүүх тогтоож 2009 оноос хойш ашигласан түрээсийн өглөгөө МҮЭХ-д төлөх шийдвэрийг гаргасан зэрэг нь Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөс мултрахад хүргэсэн гэх яриа ч байна. Энэ талаар өөртэй нь ярилцсан юм.


-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцдэггүй асуудлыг хэлэлцүүлж дүгнэлт гаргахад хүргэсэн болохоор. Та ч мундаг юм аа?

-/Инээв/ Юутай ч Цэц манай хэлэлцэх асуудал биш гэж буцааснаа хэлэлцээд л УИХ-ын гишүүн МҮЭХ-ны ерөнхийлөгчийг хавсран гүйцэтгэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан юм байна лээ. Огцор гээд байхад суудалдаа шигдээд байгаа дарга нарыг хараад яасан арчаагүй юм бэ гэж ой гутдаг байлаа. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өг гэж байхад тэдэн шиг зууралдаад яахав гэж бодож байгаа.

Гэхдээ МҮЭХ бол удирдагчаа өөрөө сонгодог өөрийн гэсэн хууль, дүрэмтэй, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс энэ сарын 28-нд хуралдах ерөнхий зөвлөлийн хурлаараа энэ асуудлыг хамт олон маань хэлэлцэнэ.



-Улс төрийн намууд сонгогчдын саналыг авах цул хүчийг С.Ганбаатарт алдсан байна гэж харамсаад таныг ҮЭ-ээс мултлах арга хайгаад байна уу?

-ҮЭ-ийн өмчийг хууль бусаар авснаа эргүүлж өгөх болсон хүний бухимдал, намчирхсан улс төрчдийн "ҮЭ улам хүчтэй болох нь" гэсэн айдас зэрэг нь нийлээд Цэцэд хандсан, нөлөөлсөн. Миний хийж байгаа ажил, тэмцэл бүхэн ҮЭ-ийн мянга мянган гишүүд, ард түмний төлөө байдаг. Тиймээс тэд хийж байгаа ажил, тэмцэл маань ямар зорилготой, ямар үр дүнд хүрэх юм.

Ямар бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг мэдэж байх ёстойн дээр та асуусан учраас би энэ тухай ярьж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа зургаан жилийн хугацаанд хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар, дэд хороо гэдэг бүтцийг бий болголоо. Товчоор хэлбэл, ажлаасаа үндэслэлгүй халагдчихаад өмгөөлөгчийн хөлс төлөх төлбөрийн чадваргүй ажилтан хүн хуулийн хүрээнд үнэ төлбөргүй богино хугацаанд өмгөөлүүлэх боломж бий боллоо.

Засгийн газрыг хэлэлцээрийн ширээнд суулгах тэмцлийн арга барилд ҮЭ-ийнхэн маань дадлагажиж байна. Энэ бүхэн гишүүдээрээ тойрон хүрээлүүлж ҮЭ илүү бяр сууж байна гэж айсан улс төрчдийн оролцоо байгаа.


-Цэцэд ҮЭ-ийнхэн хандсан гэж үү?

-Миний хамт олон намайг хялайж харахгүй ээ. Тэд намайг өөрсдийн удирдагч гэж хүлээн зөвшөөрдөг. Харин манайд ажиллаж байсан хүн, өөрийн хүүхдийн нэр дээр МҮЭХ-ны төв зөвлөлийн байрны "Б" корпусыг хууль бусаар худалдан авч, эзэмшиж байсныг дөрвөн жил шүүхээр явсны үр дүнд 2012 онд "МҮЭХ-ны өмч мөн" гэдгийг шат шатны шүүх тогтоолоо.

Тиймээс хууль бусаар ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө өгөөд байрыг маань чөлөөл өө гэхээр л бухимдаж, бухимдлаа Үндсэн хуулийн Цэцэд гаргаж бас нөлөөлжээ. Энэ хүний нэрийг би хэвлэл мэдээллээр олон нийтэд одоо зарлах нь утгагүй. Ийм хууль бусаар олон мянган гишүүдийн маань өмчийг завшсан тохиолдол бас бий. Гэхдээ би МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгсөн ч надад итгэл үзүүлсэн мянга мянган гишүүддээ өмчийг нь авч өгөх тэмцлээ зогсоохгүй.


-Тэгвэл улс төрчид ҮЭ-ийг ашиглах санаархал байна даа?

-Санаархал, хийрхэл, шунал байлаа ч ҮЭ-ийн байгууллага бол хэн сарваганасныг татаад авдаг хамт олон биш. Цаг ямагт их мөрөн адил дөлгөөн атлаа аливааг авах гээхийн ухаанаар шийдэхдээ хэнийг ч дагуулахгүй агуу хүмүүс шүү дээ. Би МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллаж байна. Миний хувьд хамгийн аз дуудсан он жилүүд байлаа. Энэ хамт олноос их зүйлийг суралцсан. Халуун хамт олноороо би цаг ямагт бахархдаг.

МҮЭХ-г төрийн бус байгууллага гэдэг ч үнэн хэрэгтээ бол төрийн, засгийн байгууллага юм шүү дээ. Төрийг хийх ёстой ажлаа цалгардуулсан бол, орхигдуулсан бол сануулж шахаж шаардаж, мянга мянга хөдөлмөрчдөө төлөөлж Засгийн газартай, өмчийн эзэнтэй хэлэлцэж ярилцдаг. Хэлэлцээрийн ширээнд сууж хэлэлцэнэ гэдэг бол хамтын ажлын хамгийн сонгодог хэлбэр.


-Та ингэж хэлдэг ч Засгийн газар хамтын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. ҮЭ араас нь сануулж шаардаж байгаа нь хийх ажилгүй аргаа ядсан мэт харагдах ч тохиолдол бий. Та УИХ-ын гишүүдэд нийгмийн түншлэлээр хичээл заана гэж байсан даа. Зааж байна уу. Тэд хэр суралцаж байна?

-Зааж байгаа. Бас тэднээсээ суралцаж байгаа. Таны хэлж байгаа бол хариуцлагын асуудал. Гэхдээ ҮЭ-ийн дуу хоолойг төрийн түшээд сонсож хэлэлцэж шийдвэр гаргаж байна гэдэг том алхам. Мянган бээрийн аялал нэгээс эхэлдэг шүү дээ.


-ҮЭ-ийн Тэргүүлэгчид таны саналыг их гацаадаг байсан даа? ҮЭ-д анх орж ирж байсан үеэ дурсвал?

-Өнгөц харвал тийм шүү. Гэхдээ үнэн хэрэгтээ би л хамт олондоо асуудлыг бүрэн гүйцэд ойлгуулж чадаагүй байсных. Одоо бид "уг саналаас илүү сайн санал байгаа бол гаргаад ир. Илүү сайжруулах саналаа хэлэх" гэдэг зарчимтай учраас илүү сайн хамтарч ажиллаж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүд надад асар их туршлага, олны хайр хүндлэл өгсөн болохоор түмнийхээ итгэлийг даах ухаанд минь хязгаар гэж байх ёсгүй шүү гэж өөртөө захидаг даа.


Д.Энхтэгш

Эх сурвалж: “Хөдөлмөр”