Монгол ажилтны давуу тал нь дасан зохицох чадвартай, зорьсон зүйлээ богино хугацаанд бүтээхийг эрмэлздэг.

Монгол ажилтан гэж хэн болох, хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн өсгөх талаар “NPC Мандал” компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхжаргалтай ярилцлаа. Шинэ зууны хүний нөөц нь бүтээмжийг тодорхойлогч байх ёстой гэдгийг тэрбээр онцлов.

-Аж ахуйн нэгжүүд бүтээмжээ өсгөхийн тулд чамгүй зардал гаргадаг болжээ. Үүний үр өгөөж нь ямар байна вэ? 
-Монгол Улс гурван сая гаруй хүнтэй. Үүний 20 хувь нь ажил эрхэлж, татвар төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн таван хүнийг тэжээдэг гэсэн үг. Тиймээс тухайн нэг хүнд ногдох дарамт, ачаалал их. Тэр хэрээр мэдлэг, ур чадвар дутаж байна.

1.8 их наяд төгрөгийг хүний нөөцөд зарцуулдаг

Улсын хэмжээнд 1.8 их наяд төгрөгийг цалин урамшуулал зэрэг хүний нөөцөд зарцуулдаг. Гэхдээ үүний ердөө гурван хувь нь хүний нөөц хөгжүүлэхэд ногдож байна. Мөн энэ гурван хувийг 100 гэж тооцвол 80 хувь нь үр ашиггүй урсдаг. Байгууллагын удирдлагууд ганц, хоёр удаагийн сургалтаар хүний нөөцөө хөгжүүлнэ гэж үздэг. Гэтэл лекц, сургалт нь хүнд ур чадвар суулгадаггүй, сэдэлжүүлээд л өнгөрдөг.

Тиймээс манай компани сүүлийн гурван жил 40 гаруй байгууллагын 3000 орчим ажилтанд сэтгэл зүйн судалгаа хийлээ. Монгол ажилтан бүтээмжтэй ажиллахад юу саад болж буйг судалсан юм. 3000 орчим хүнээс судалгаа авахад дөрвөн хүн тутмын нэг нь бүтээмжгүй болох нь тогтоогдсон. Сул цалин аваад хангалттай бүтээмжтэй ажилладаггүй хүн гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд ийм ажилтны тоо өсөж байна.

-Монгол ажилтны онцлог нь юу вэ? 
-Монгол ажилтанд давуу талууд бий. Тухайлбал, дасан зохицох чадвар сайтай. Зорьсон зүйлээ санаачилж, тууштай хийдэг. Богино хугацаанд бүтээхийг эрмэлздэг. Харин сул тал нь бүтээмжийг ойлгодоггүй.

Бүтээмжийн алдагдал нь санхүүгийн алдагдалд хүргэдэг. Учир нь байгууллагын зардлын 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлдэг. Гэтэл тэр нь ашиггүй үрэгдээд байна. Тиймээс бүтээмжийг өөр өнцгөөс харах хэрэгтэй болж байна. Өмнө нь бүтээмжийг бид зөвхөн техник ур чадвараар хэмждэг байлаа. Тухайлбал, гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах чадвар гэх мэт. Гэтэл эдгээр чадвар үнэндээ бүтээмжид хүчтэй нөлөөлдөггүй. Харин сэтгэл зүйн ур чадвар хамгийн чухал болох нь судалгаагаар тогтоогдсон.

Сэтгэл зүйн ур чадварт таван зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, зорилгын биелэлт. Тухайн ажилтан зорилго тавьж, түүнийгээ биелүүлж чадаж байна уу. Хоёрдугаарт, харилцааны чадвар. Харилцааны чадвар нь ойлголцолд хүргэх ёстой. Мөн баг бүрдүүлэлт, эрч хүч, мэргэших гэсэн хүчин зүйл чухал нөлөөтэй.

-Таны хэлсэн таван хүчин зүйлд үндэслээд сайн ажилтан олж чадах уу? 
-Чадна. Нэг сонирхолтой дүн бий. Монголын хоёр ажилтан тутмын нэг нь таван жилийн дараа дарга болно гэсэн бодолтой. Хоёр хүн тутмын нэг нь дарга болчихоор хэн ажил хийх вэ. Нөгөө т алаас т үүндээ х үрэх төлөвлөгөөгөө боловсруулаагүй байдаг. Монгол ажилтнуудын дийлэнх нь стресс ихтэй. Ур чадвар сул. Багт дасан зохицох чадвар муутай байгаа ийм нөхцөлд яаж дарга болох билээ.

Хүний нөөцөө бэлдэхгүйгээр компаниуд эдийн засгийн ашигт ажиллагааны талаар яриад ч хэрэггүй. Хүндээ зөв хөрөнгө оруулалт хийх нь чухал. Ганц, нэг удаагийн сургалтыг хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй. Энэ нь дор хаяж 3-4 сарын цогц хөтөлбөр байх нь зүйтэй. Учир нь хүнд ур чадвар эзэмших хугацаа хэрэгтэй байдаг. Монголд бүтээмж нэмэгдүүлэх боломж байгаа. Гол нь удирдлагууд үүнийг олж харж, ур чадварын стандартуудыг бий болгож чадвал эдийн засаг сэргэх бүрэн боломжтой.

-Тэгвэл шинэ ажилтанд ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ? 
-Шинэ ажилтан авахаасаа өмнө системээ бэлдэх хэрэгтэй. Одоо байгууллагуудын хүний нөөцийн функц сул, харин санхүүгийн салбар нь хамгийн өндөр эрх мэдэлтэй байна. Гэтэл амжилттай яваа бизнесийн баруун талд санхүүгийн бодлого, зүүн талд нь хүний нөөцийнх байдаг. Энэ хоёр тэнцүү байснаар байгууллагад үр дүнгээ өгнө.

Одоо бол манайд хүний нөөцийн бодлого сул. Алба хэлтэс нь нөлөө багатай. Шийдвэр гаргалтад оролцож чаддаггүй. Гэтэл шинэ зууны хүний нөөцийн үүрэг нь зөвхөн үйл явц буюу хөдөлмөрийн харилцааг зохицуулж, бичиг цаасны ажил хийх биш. Бүтээмжийг тодорхойлох ёстой. Бүтээмжийн системийг бий болгогч, байгууллагын стратегийн түнш гэж үзэж байна. Тиймээс юун түрүүнд тухайн байгууллага бүтээмжтэй ажилтан гэж хэн болохыг тодорхойлох учиртай.  

  • Байгууллагын зардлын 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлдэг.
  • Сэтгэл зүйн ур чадвар бүтээмжид хамгийн чухал болох нь судалгаагаар нотлогдсон.
  • Шинэ зууны хүний нөөц нь бүтээмжийг тодорхойлогч байх ёстой.

Г.Илч

Засгийн газрын мэдээ сонин