-ТУС ЯАМНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 8.3 ХУВЬТАЙ БАЙНА-

​Байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж буй Эдийн засгийн хөгжлийн яа­мыг өдгөө татан буулгах цаг ирсэн бололтой. Тус яам одоогоос жилийн гаруйн тэр­тээ Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновч­той бодлогыг төлөвлөх, хэрэг­жүүлэх замаар хүн амын амьжиргааны төвшинг тогтвортой дээшлүүлэхийг эр­хэм зорилгоо болгон бай­гуу­лагдаж байсан цаг саяхан.

Ин­гэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөг­жүүлэх бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл хөрөнгө оруулалт худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулах үүргийг хүлээсэн. Гэвч өдгөө Н.Батбаяр сайдаар ахлуулсан тус яамныхан энэ үүргээ умарт­сан байна.

Өөрөөр хэлбэл тус яамны сайд болон албан хаагчид дэмий шахуу сууж, улсын мөнгөнөөс “хум­салдаг” гэдгийг тогтоосон. Тодруулбал УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооноос өөрийн харьяалалд багтдаг яамдаас энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн чиглэлийн биелэлтээр аудитын шалгалт авсан. Уг шалгалтад Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхайн, Барилга хот байгуулалтын, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Зам тээврийн, Эрчим хүчний  гэсэн зургаан яам хамрагдсан. Эдгээрээс “баян ходоод” буюу хамгийн хангалтгүй гүйцэтгэлтэй яамаар Эдийн засгийн хөгжлийн яам шалгарсан байгаа юм. Тус яам нь бүхэл бүтэн жилийн хугацаанд хийж төлөвлөсөн ажил нь өнгөрсөн сарын байдлаар ердөө 8.3-хан хувьтай байж. Харин бусад яамыг Эдийн засгийн хөгжлийн яамтай харьцуулбал бас ч гэж дажгүй. Уул уурхайн яам 50 хувь, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 56.8 хувь, Зам, тээврийн яам 40 хувь, Барилга хот байгуулалтын яам 38.2 хувь, Эрчим хүчний яам 56.2 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дүн гарсан. Үүнд УИХ-ын Эдийн засгий байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Яамд энэ оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээ, ажлуудаа хийх ямар ч боломжгүй байсан юм шиг харагдаж байна” хэмээн хэлж байсан. Мөн тэрбээр “Яамд ийнхүү хангалтгүй ажилласан нь төвөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагыг бий болсон. Оюутолгой, Тавантолгойтой холбоотой хэрэг огтхон ч биш. Гол асуудал нь холбогдох яамдад байна. Яамд эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтууд нь  алсын хараагүй, өнөө маргаашаа харсан бодлоготой байна” хэмээн ундууцаж байсан санагдана.

Уг нь яамд, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн яам улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг алсын хараатай харж, зангидаж байх үүрэгтэй. “Үүнийг тэг, ингэ” гэж бусад яамдаа үлгэр жишээ болж явах ёстой. Гэтэл өнөөдөр жилийн гүйцэтгэл 8.3 хувьтай явж байгаа нь татан буулгах хэрэгтэйг харуулж байгаа хэрэг биш гэж үү. Өдийгөөс жилийн гаруйн тэртээ Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог яам болгон өөрчилж, сайдаар нь Н.Батбаярыг тавьсны гавьяа өнөөдөр харагдаж байна уу гэвэл үгүй. Яах вэ Сангийн сайдын эзгүйд  УИХ-ын гишүүдийн асуултад хариулах нэг төрлийн “замен” гэлтэй.

Монгол Улсад Сангийн, Эдийн засгийн гэх хоёр яам үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хоёр яам сайдаасаа авахуулаад бодлого, чиглэл, хэрэгжүүлэх ажил тэс өөр. Гэвч энэ хоёр яамны ажил үүргийн хувиар үнэхээр ойлгомжгүй, алдагдчихсан байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн талаар хэлэлцэхэд “Сангийн сайд эзгүй байгаа юм чинь Эдийн засгийн хөгжлийн сайд хариул” гэх жишээтэй. Үүнээс харахад хоёр яам нэг үйл ажиллагаатай юм шиг харагдаж байгаа юм.   Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ам.долларын ханш чангарсан, гадны хөрөнгө оруулалт багассан гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өнөөгийн нийгэм туйлдах шахаад байгаа. Энэ бүгдийг Эдийн засгийн хөгжлийн яам эртнээс харж, бодлогоор “эмчлэх” ёстой. Үүрэг нь ч ийм. Гэтэл энэ оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл 8.3 хувьтай буйг тус яамны дэд сайд О.Чулуунбат маш “эвгүй” тайлбарласан. Түүний хэлснээр макро эдийн засгийн үзүүлэлт, ДНБ-ийг 18.9 хувиар өснө хэмээн тооцоолж байсан гэнэ. Гэтэл өнөөдөр тус яамныхны тооцоолсноор бололгүй 10 гаруй хувьтай явж байгаа гэсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг 3-4 тэрбум ам.доллараар тооцоолсон ч 1.5 тэрбум ам.доллартай явж байгааг дуулгасан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн яамныхны тооцоо судалгаа өдгөө бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй гэдэг утга санааг Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн хэлсэн. Тэгэхээр тус яамныхны тооцож боловсруулсан бодлого бас л анхнаасаа байгаа оносонгүй.

 

Ж.Баттуул