Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний зөвлөх дасгалжуулагч, самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ, Олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрахтай ярилцлаа.


 

-“Хантайшир” дэвжээнийхэн Эх нялхаст шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бэлэглэжээ. Бөхийн дэвжээнээс анх удаа сайн үйлсийн аян эхлүүллээ гэж хүмүүс ам сайтай байна. Төхөөрөмж бэлэглэх болсон тухайгаа ярихгүй юу?

- Энэ жил манай Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний 15 жилийн ой болж байна. Манай дэвжээний бөхчүүд, удирдлагууд ойн хүрээнд ямар ажлуудыг хийх талаараа нэлээд ярилцсан юм. Нийгэмд чиглэсэн ажил хийх нь зүйтэй гэсэн санаачилгыг дэвжээний бөхчүүд маань гаргасан. Ингээд чамгүй судалсны эцэст Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Мэдээгүйжүүлэх мэс заслын тасгийг сонгосон л доо. Энэ тасаг нь Монголд ганцхан байдаг юм билээ. Тус тасагт долоо хоногт 200-300 хүүхдэд төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус мэс засал хийдэг. Хүүхдэд зориулсан томоохон эмчилгээнүүдийг хийдэг тасгийн нэг байсан. Түүнчлэн жижиг гэлтгүй бүхий л тоног төхөөрөмж шаардлагатай байгааг судалж байх явцдаа мэдсэн юм. Энэхүү Мэдээгүйжүүлэх тасагт улсаас төсөв мөнгийг нь баталж тоног төхөөрөмж өгдөг ч жилд 8-10 мянга хүүхдэд мэс ажилбар хийдэг болохоор эд зүйлс элэгдэж муудах нь их байдаг талаар эмч, ажилтнууд хэлж байсан. Ингээд манай бөхийн дэвжээнээс тус тасгийн эмчилгээнд шаардлагатай амьсгалын аппарат, тэргэнцэр, баллон гэх мэт тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн. Бага ч гэлтгүй сэтгэлийн дэм болгож, эх орны минь ирээдүй болсон бяцхан үрстээ туслахыг зорилоо.

-Хүүхдүүдэд ном хандивласан гэсэн үү?

-Тийм. Манай “Хантайшир” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Ганбаатарын төгссөн сургууль болох 39 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдад ном хандивласан. Бага ангийн сурагчид унших боломжтой нийт 200-гаад ном өгсөн. Ер нь манай дэвжээнийхэн ойн хүрээндээ хүүхдийн сайн сайхны төлөө л чиглэсэн үйл ажиллагаа хийхийг зорилоо.

Түүнчлэн “Хантайшир дэвжээ 15 жилд” гэсэн сэтгүүл маань бэлэн боллоо. 2000 хувь хэвлэгдэж байгаа энэ сэтгүүлдээ дэвжээтэйгээ холбоотой, тусалж дэмжиж байсан бүхий л хүнийг оруулахыг хичээсэн.

-Бөхийн барилдаан болно гэсэн. Ямар, ямар бөхчүүд зодоглох вэ?

-Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болох юм. Ямартай ч өнөө цагт өнгөлж яваа хүчтэнүүд зодоглоно гэдэгт итгэлтэй байна. Мөн манай дэвжээний бөхчүүд барилдана.

- “Хантайшир” дэвжээ бол ууган бөхийн дэвжээний нэг. Үндэс суурийг нь улсын заан Р.Давааням гуай тавьсан гэдэг бил үү?

-Манай Говь-Алтай аймагт Хантайширын нуруу гэж сайхан уул бий. Энэ сайхан уулынхаа нэрээр нэрлэсэн дэвжээ маань 2001 онд байгуулагдаж байлаа. Манай дэвжээг улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар анх санаачилж, нутгийнхаа бөхөд элэгтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан түүхтэй юм. Улсын заан Р.Давааням бол Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат хүн шүү дээ. Хоёр хүүг нь Монголын ард түмэн андахгүй мэднэ байх. Улсын начин Д.Лхагвадорж, мэргэжлийн сумо бөхийн ёкозуно Д.Бямбадорж нар юм. “Хантайшир” бөхийн дэвжээ болоод, Говь-Алтайн бөхөд хайртай хүн болгон улсын заан Р.Даваанямд баярлахгүй байхын аргагүй. Биеийн бяраас гадна ухааны цараатай хүн байлаа шүү дээ. Тиймдээ ч аймаг тус бүр бөхийн дэвжээ, гал голомтоо бадрааж байхад “Хантайшир” бөхийн дэвжээний тулгын гурван чулууг бат нягт тавьж өгсөн юм. Одоо манай дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ ажиллаж байна.

-Алтай нутгийн нэгэн хүчтэн бол Шаравын Батсуурь аварга даа?

-Ардын хувьсгалын жилүүдэд Монгол Улсын дархан аварга цолтой бөх долоо төрсөн байдаг юм. Түүний нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Шаравын Батсуурь аварга. Г.Батсуурь аварга 1947 оны улсын наадамд Г.Цоодолоор ес давж түрүүлж арслан, 1948 онд мөн Г.Цоодолоор ес даван түрүүлж аварга, 1957 онд Б.Түвдэндорж аваргаар найм давж үзүүрлэн даян аварга, 1963 онд Д.Жадамбаа начингаар зургаа давж дархан аварга цол хүртэж байсан түүхтэй. Тэрээр 1949 оны баяр наадмаар үзүүр түрүүнд Баянхонгор аймгийн П.Аюушийг даваагүй юм билээ. Түүнийхээ төлөө олон жил хэлмэгдэж, ид барилдах үедээ гундуухан явсан гэдэг. П.Аюуш, Ш.Батсуурь гуай нар нэг айлын хүргэн байсан юм. Маршал Чойбалсан “Ах, дүүгээрээ нийлж наадам будилууллаа” гэж ихэд уурлан дэслэгч цолыг нь хураан, говьд гурван жил ажиллуулах тушаал уншчихсан гэдэг. Ухаандаа яг ч хуйвалдаад бууж өгөөгүй л юм билээ. Би 1970-аад оны сүүлчээр “Алдар” нийгэмлэгт байх үедээ анх бэлтгэлд гарч байлаа. Манай “Алдар” нийгэмлэг ахмад цолтой, аваргууд олонтой байсан. Түүн дотор Ш.Батсуурь аварга, Ч.Бээжин аварга, Д.Хадбаатар аварга, Д.Жамц арслан гээд сайхан, сайхан бөхчүүд байсан шүү. Тэр үед бид цэргийн том палатканд хөнжил, гудсаа тавиад, хоолоо өөрсдөө хийн, бэлтгэлээ базаадаг байв. Тэр сайхан үе саяхан мэт л санагдаж байна.

-Та начин цол хүртэж байсан тухайгаа дурсаач?

-Би 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадамд тав давж начин цол хүртсэн. Тухайн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, улсын заан Ё.Ишгэнээр тав давж байсан. Тэр даншиг наадамд Б.Бат-Эрдэнэ түрүүлж дархан аварга цол хүртэж байсан.

-Энэ жилийн баяр наадмаар танай дэвжээнийхэн хэр өнгөтэй байв?

-Манай дэвжээний бөхчүүд “Мөнхийн үсэг” ХХК-ийн шинэ спортын зааланд бэлтгэл хийж байна. Манайд 150-200 бөх хичээллэдэг. Үүнээс тогтмол хичээллэдэг нь 60-аад бөх байна. Зундаа Тэрэлжийн ойр “Мандал” амралтын газарт гал болон бэлтгэлээ базаадаг. Бараг арваад жил энэ амралтын газар гал болж гарч байгаа юм байна шүү. Би өнгөрсөн хавар хүртэл дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагчийг хийж байсан. Одоо манай Багахүү начин ерөнхий дасгалжуулагчийн албыг хашиж байна. Би зөвлөх дасгалжуулагч, менежерийн үүргийг гүйцэтгээд явж байна даа. Манай дэвжээнийхэн дажгүй сайхан барилдсан. Хоёр бөх шөвгөрлөө. Аймаг, сумын цолтой бөхчүүд ч цөөнгүй төрлөө. Цаашид шавь нар минь улам хичээж цолоо ахиулна гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэл сургуулилт тогтмол, сайн хийгдэж байгаа.

О.Ариунцэцэг