Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ. Тийм тохиол энд дэргэд минь, хажууханд минь байна. Гайхамшиг бидний дэргэд байдаг. Монгол гэсэн юм болгон, эд эс бүхний учрал ерөөл болгон бас л гайхамшиг.

Ийм нэгэн ерөөл учралыг зөгнөхийн учир ийм буюу. Энэ дэлхийн хаана ч явсан монгол хүн, монгол адгуус л эх нутгаа санан тэмцэж, төрсөн газар шороондоо ясаа тавихыг эрмэлздэг билээ. Тиймийн учир Солонгос оронд бэлгэнд очиж, хан­гүг эзний төмөр жүчээнд хашигдсан халтар азаргыг гуруйлмаар санагдчихлаа. Монгол морины тухай гайхам түүхийг сонсож, мэдэрч өссөн монгол хүний хувьд халтар азарганы тухай дуулаад самсаа минь шархирсан юм. Сайн морины тухай домог, тууль, дуу, шүлэг найраглал олон. Найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалыг мэдэхгүй миний үеийнхэн, сэтгүүлч Д.Золбаярын “Хос шаргын тууль”-ийг уншаагүй энэ цагийнхан, дуучин А.Хосбаярын дуулсан “Гүйгүүл морин” дуунд дургүй хүн гэж үгүй л болов уу. Энэ бүхнийг нуршихын учрыг өгүүлсү.

Одоогоос 18 жилийн тэртээ нэгэн монгол залуу солонгос найздаа адуу бэлэглэжээ. Аз, эзийн алин болохыг тэр үед монгол залуу яахан мэдээ аж. Монгол хүний уужуу ухаанаар найздаа ганц даага бэлэглээ л биз. Хурдан удмын гүү үржүүлж, уралдуулж зугаацдаг хангүг ноёнд халх нутгийн халтар даага бэлэг бэлгийн дээд санагдсан нь мэдээж. Цагийн эрхээр халтар даага шүдлэн хязаалан, бүр нас бие гүйцсэн азарга болтлоо торнижээ. Хүний нутгийн зэврүүн агаараар эрхгүй амьсгалж, хүйтэн цементэн дээр хэдэн арван жилийг үдсэн тэр адгуус миний нутгийнх, миний Монголынх гэж бодохоор гуниг төрөөд байна. Мал адгуус ч гэлээ нутгаа тэмцдэг нь ганцхан монгол цусанд л байдаг чанар.  Тив алгасан, тэнгис далай гаталлаа ч монгол нутгийнхаа зүг харж үүрсдэг монгол адуу гэдэг гайхамшигтай амьтан. Дайны жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт холбоот улсад олон агт бэлэглэж, адуу малаа сүрэг сүргээр нь тууж хилийн дээс алхуулж, галт тэрэг, онгоцонд ачиж байсан түүх саяхных Монгол адуу тэнгэрээр, газраар хилийн дээс алхах яг л тэр агшинд эргэж заавал нэг үүрсэн янцгааж байсан юм гэнэ билээ. Далайн чинад дахь Вьетнамаас хоёр ч далайг гатлан эх нутгаа тэмцэн ирсэн монгол адууны тухай домог мэт яриа өдгөө ч хуучраагүй байна. Солонгосын Жэжү арал дээр 18 жил хашигдсан халтар азарга одоо ч монгол нутгийнхаа зүг харан янцгааж, монгол хүний гуруйлахыг сонсон уярч,  үүрссээр байгаа гэнэ билээ. Талын салхинаас өөрийг нуруундаа хүргэж үзээгүй хангал халтар азарга морь болтлоо хагсарч, мод болтлоо хөшөөд байгаа аж. Хааш хаашаа гурван метр хүрэхтэй үгүйтэй жүчээнд ижил сүрэг, эх нутгаа мөрөөдөн зогсоно гэдэг юутай уйтай. Харь оронд хүний эрхэнд нутгаа санан санан гансарна гэдэг юутай харамсалтай. Хэдий тэр адгуус ч гэлээ хүнээс ухаантай адуу. Үр төлөө гишгэдэггүй, хүний нутгийн гүүг хураадаггүй, эзнээ явгалдаггүй тийм ухаантай адгуус. Моринд хайртай монгол залуус хандив мөнгө цуглуулж, халтар азаргыг эзнээс нь 250 сая төгрөгөөр худалдан авч, эх оронд нь авчрахаар санаа шулуудаад байгаа ажээ. Монгол хүнээс ийм л чанар, мөс гарах ажгуу.  Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан Б.Энхбат гэх залуу амьдардаг байрных нь ойролцоо жүчээнд монгол адуу байгааг мэдэж, моринд хайртай монгол хүнийхээ хувьд очиж, хөлсийг нь үнэрлэж, хомоолыг нь атгаж тайвширдаг байсан гэж байгаа.  Нэг удаа тэр монгол залуу эзнээс нь гуйж, халтар азаргыг жүчээнээс нь гаргаж хашаан дотор сул тавьтал тэнхээ мэдэн нааш цааш давхин шөрмөсөө тэнийлгэж, баруун хойд зүг рүү хэдэнтээ үүрссэн гэнэ билээ. Тийм ээ, тэр жинхэнэ монгол адуу байна. Уур уцаартай, ааш муутай хангүг ноён халтар азаргыг монгол хүн ирж эрхлүүлээд байхаар хашаанаас нь гаргаад тавьчихна гэж муу санаалж, төмөр хашаа бүхий жүчээнд хийж, том цоожоор түгжсэнийг видео бичлэг хийж монголчууддаа үзүүлснээр халтар азаргын “дууль” эхэлсэн билээ. Тэр хэзээ ч адуу шиг тал нутагтаа салхи сөрөн давхиж үзээгүй, азарга шиг гүүгээ гишгэж унагаа хурааж чадаагүй.  Их усаар хүрээлүүлсэн атгахан шороон дээр амь дүйн амьдрах хангүг хүмүүсийн дунд, эрлийз хурлийз адуунд хазуулж, хайруулж, тангаруулж адлагдсан гэж бодохоор хэнд ч юм, гомдмоор. Тэр нутгийн хөрс нь чийгтэй, агаар нь бүгчим, ус нь шорвог, өвс нь таримал. Харин миний нутгийнх... Халтар азарга хэрвээ хүн байсан бол хүний нутагт 18 жил хоригдохдоо юу эсийг бодож, мөрөөдсөн бол оо.  

Б.Энхбат гэдэг залуугийн хийсэн бичлэгийг үзэж, ярихыг нь сонссон олон хүн хандивын мөнгө цуглуулж, халтар азаргыг эх нутагт нь авчиръя гэж сэтгэгдэл бичсэн байна. Монгол хүний уужуу ухаан гэж энэ.  Монголчууд бид харийн хүнд харин юу бэлэглэхээ л сайн бодох цаг болжээ. Монгол гэр, морин хуур, төрийн далбаа, Чингисийн зурагтай хивс гээд юу эсийг бэлэглэдэг билээ. Монгол гэсэн бүхнээ харамгүй өгдөг. Харин хүний нутагт нурах шахаж, хог новшны агуулах болсон таван ханат гэр, америк ковбой эрийн гутлын түрийнээс цухуйх төрийн далбаагаа харах тийм сайхангүй л байх.  Даган дуурайх, жишээлэн авах дуртай их эзэн Чингис хаан хүртэл хэн нэгэнд шан харамж хүртээхдээ хэзээ ч морь бэлэглэж байгаагүй гэж түүх шастирт тэмдэглэгдсэн нь бий. Адуу гэдэг амьтан өнө эртнээс тийм л үнэ хүндтэй байсан ажээ. Солонгос хүнд бэлэг болон очсон халтар азарга эх нутагтаа ирж цуцахаа мэдэхгүй давхих цаг удахгүй биз ээ. Хамаг Монголоороо халтар азаргыг гуруйлъя. Гуруй, гуруй, гуруй.

 

Б.Оюунгэрэл