АН-ын дүрмийн шинэчлэл асуудлыг шийдэх үү
2016/11/24
-Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг 1210 хүн батална-
“Би явж байна Бээжин сууж байна” гэдэг шиг 16 жил хөндөөгүй намын дүрмээ алгуур өөрчлөх ажлыг эхлүүлсэн АН-ынхан ирэх сарын 6-ны өдөр Их хурлаа хийхээр товлоод байна. УИХ болон Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон иргэдийн 40 орчим хувийн дэмжлэгийг авсан ч шат, шатандаа цөөнх болсон АН-ынханд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сэхэл авах ганц шаанс нь энэ удаагийн намынх нь Их хурал болоод байгаа юм. Хэдийгээр УИХ-ын дарга асан З.Энхболд УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгөнгөө, шинэчлэл хийх асуудлыг дэвшүүлсэн ч шинэчлэлээс илүүтэй түүний орыг залгах марафон ил далдаар өрнөж буй нь нууц биш. Гэвч, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны 48 дугаар хурлаар З.Энхболдын намын даргаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцээгүй нь АН-ын “луйгар”-ууд эхлээд дүрэм, дараа нь даргын асуудлыг шийдэх бодлоготой нь холбоотой байлаа.
Тухайлбал, Гүйцэтгэх зөвлөл АН-ын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг ҮЗХ-д оруулсан нь дэмжигдэж, ирэх сарын 6-ны өдөр тус нам дүрмийн шинэчлэл хийхээр зэхэж байна. Хэрвээ, үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж чадвал намын даргыг ч шинэ дүрмээрээ сонгох юм. Үүнээс гадна, фракцын нөлөөнд байдаг гэх АН-д фракц байгуулах нь дүрмээрээ хориотой болж, алга уурвулахын дайтай биш юм гэхэд сөрөг хүчин байх хугацаандаа намаа дахин эмхэлж, иргэдийн итгэлийг олох боломж нэмэгдэнэ.
Энэ дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байгаа бол Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа. Дүрмийн шинэчлэлээс гадна энэ шинэчлэлийг батлах төлөөлөгчдийг сонгох нь анхаарал татаж байгаа бөгөөд Д.Эрдэнэбатаас авсан мэдээллээр тус намын Их хуралд 1210 төлөөлөгч оролцохоор болжээ. Энэ талаар тэрээр “АН-ын VI Их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж, төлөөлөгчийг сонгох журам гарлаа. Хуралдааны үндсэн зорилго нь АН-ын үзэл баримтлал, шинэчлэгдсэн дүрмийг батлах. Ажлын хэсгээс хурлын төлөөлөгч сонгох журмаа Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж батлуулсан” гэж өчигдөр мэдээллэсэн юм.
Харин хэрхэн 1210 төлөөлөгч болж байгааг нь задалж харвал,
1. Сум бүрээс 1 төлөөлөгч
2. Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
3. НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид
4. Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч
5. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд
6. Хяналтын Ерөнхий хорооны гишүүд
7. Намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд нийлээд 1210 болж байгаа юм байна.
АН-ын өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрмийг харвал, намын анхан шатны байгууллагууд хуралдаж сум болон нийслэл, дүүргээс намын Их хуралд оролцох төлөөлөгч нараа сонгож явуулах юм. Гэхдээ энэ нь “өрсөлдөөний зарчмаар явагдана” гэж тус намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат хэллээ. Харин намын анхан шатны байгууллагын хуралдааныг энэ сарын 26-27-ны өдрүүдэд хуралдуулах товыг орон нутгийн намуудад хүргүүлжээ. Анхан шатны намын хуралдаанаар нэгдүгээрт, Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг, хоёрдугаарт, VI хурлын төлөөлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэх ёстой юм.
Намын даргын марафон далд биш ил явагдаж, фракцыг хориглоно
Тус намын даргад өрсөлдөх хүсэлтэйгээ ил цагаан зарласан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар байна. Харин Д.Эрдэнэбат гүйцэтгэж буй үүргийг нь жинхлэх сонирхол намынханд нь байх юм бол өрсөлдөхөөс татгалзахгүй гэдгээ хэлсэн нь дэмжлэг байвал өрсөлдөх сонирхолтойгоо хэлсэн Л.Болд гишүүнтэй адил бодолтой байна гэсэн үг. Энэ таван хүн дээр АН-ыг “авч явах” сонирхолтой хэдэн хүн нэмэгдэхийг таах аргагүй ч урьд, урьдынхаасаа өөр “сонгууль” явагдахыг намын дүрмийн төслөөс харж болохоор байна.
Дүрмийн төслийг намын анхан шатны байгууллагууд хэлэлцэж эхлээгүй шалтгаанаар нийтэд дэлгээгүй ч ҮЗХ-ны гишүүдийн өгсөн мэдээллээр намын даргыг сунгаагаар сонгох болсон нь Их хурлаас дэмжлэг авах магадлалтай байна. “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН”, “Шинэ дэвшил” болон татан буугдсан гэж буй “Нэг ардчилал” фракцын төлөөллүүд намын даргыг сонгохдоо “сунгаа” явуулахыг дэмжихээ илэрхийлээд байгаа юм.
АН бусад улс төрийн намын адил бүтэцтэй бөгөөд намын даргад томилох эсвэл чөлөөлөх асуудлыг дээд шатны шийдвэр гаргах хоёрхон бүтэц нь шийдвэрлэдэг байсан. АН-аар жишээлвэл, “ҮЗХ-Их хурал” гэсэн бүтэц. Намын даргад өрсөлдөх сонирхолтой намын гишүүн нь ҮЗХ эсвэл Их хурлаар нэрээ дэвшүүлж олонхын саналын зарчмаар сонгогдоод дуусдаг. Тэгвэл хүлээлт үүсгэж байгаа шинэ дүрмээр АН-ын даргад нэр дэвших сонирхолтой байгаа гишүүн бүх шатны намын байгууллагаар орж, дэмжлэг авах ёстой болох юм. Ингэснээр намын үүрүүд хуралдаад нэг хүнийг сонгох ба тэдний олонхийн санал аймаг, эсвэл дүүргийн санал болж гарах юм. Харин аймаг эсвэл дүүргээс Их хуралд мандаттай гишүүд хурлаараа намын даргаа сонгоно гэсэн үг. Ийм сунгааг АН-ынхан шинэ дүрэмдээ оруулж байгаа бөгөөд өөрсдийгөө шууд нэр дэвшүүлэх бус сунгаагаар гарч ирсэн гишүүд Их хурал дээрээ өрсөлддөг болох юм.
Мөн өчигдөр Д.Эрдэнэбат фракцын асуудлыг шинэ дүрмээр хэлэлцүүлж, хориглох асуудлыг тусгасан талаар ярилаа.
Энэ асуудалтай холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодруулав.-Намын шинэ дүрмээр фракцыг хориглох асуудал яригдах юм байна. Дүрмээр зохицуулах боломжтой гэж бодож байна уу?
-Бодлогын хэмжээнд нэгдсэн гишүүд бүлэг байгуулах нь түгээмэл байдаг. Тиймээс фракц гэдэг ойлголтыг явцуурч ойлгож болохгүй. Харин хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө нэгдсэн фракц байх ёсгүй гэдэгтэй санал нэгдэж байгаа. Тиймээс үндсэн дүрэмд албан ёсны ашиг сонирхлын төлөө фракц байгуулах ёсгүй гэдэг дүрэм тусгагдаад явж байгаа. Бид улс орны төлөө бодлогын хэмжээнд нэгдсэн нам байх ёстой. Түүнээс хэн нэгнийг дагасан, ашиг сонирхлын төлөө нэгдсэн бүлэглэл байх ёсгүй гэдэгтэй санал нэгдэнэ гэж итгэж байгаа.
-Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн талаар юу хэлэх вэ?
-АН хэрхэн шинэчлэгдэж, зохион байгуулагдаж, хэр зэрэг нээлттэй болох нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас өмнө АН-ын шинэчлэлийг шуурхай хийж, асуудлыг нэг тийш болгох ёстой гэдэгтэй бид санал нэгдсэн. Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэх эрхтэй. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой хүмүүс бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд зургаан нэр дэвшигчийн сунгааг нам дотроо зохион байгуулсан байдаг. Энэ удаад ч тийм журмаар явна.
-Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг баривчилж байна. АН энэ асуудлыг судалж үзсэн үү?
-Зөвхөн Н.Алтанхуягийг биш АН-ын лидерүүдийг баривчлан саатуулах, олон нийтийн дунд элдэв мэдээлэл дэгдээж байгаатай санал нийлэхгүй. Энэ асуудлыг АН-ынхан өргөн хүрээнд хэлэлцэж байна. Тиймээс ойрын хугацаанд манай намынхан энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
Эх сурвалж: www.assa.mn