-ДАЛБАА ТҮРЭЭСЛҮҮЛСНИЙ ТӨЛБӨР “ДАЙНЫ ЭРСДЛИЙН ДААТГАЛ”-ААС ДУТАХААРГҮЙ АСУУДАЛ ҮҮСГЭЖ МЭДЭХЭЭР БАЙНА-

 

​Засгийн газар өнгөр­сөн баасан гарагийн хурал­даанаараа Далайн хөдөл­мөрийн тухай Олон улсын хө-дөлмөрийн байгууллагын кон­ценцид нэгдэх тухай хуу­лийн төслийг дэмжижи УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Энэ нь ямар утга учиртай, түүх намтартай вэ гэдгийг “Доллар” гэдэг утгаас ангидаар авч үзвэл тун сонирхолтой юм билээ. Учир нь монголчууд Далайд гарцгүй томоохон орнуудын жагсаалт гэгчийн  хоёрду­гаарт жагсдаг. Тиймээс ч далайн тухай ярихаар үл­гэр домог шиг санагддаг бололтой.

Гэтэл Монголын дал­бааг хөлөг онгоцон дээр байрлуулж доллар олоод албан ёсоор л гэхэд арван жилийн нүүр үзчихэж. Засгийн газрын хуралдааны дараа ирүүлсэн албан мэдээнд дурьд­санаар 2003-2012 онд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын, тус бүр таван сая тоннын даацтай 2156 онгоц бүртгэгдэж үүнээс манай улсын төсөвт 2.8 тэрбум төгрөг орсон аж. Одоогоор Монголын төрийн далбаа бүхий 350 онгоц бүртгэлтэй байдаг гэнэ. Эдгээр онгоц дээр ажиллаж буй далайчдын хөпөлмөрийн нөхцөл, цөлин хөлс, ажлын байрны шаардлага зэрэгт далбааны эзэн улсын хувьд Монголын төр анхаардаггүй, хяналт, шаардлага ч тавьдаггүй байсан учраас дээрх хуулийн төслийг санаачилжээ.

Мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар 1999 онд Далай ашиглах тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байжээ. Тэр үед уг асуудлыг харьяалан хариуцаж байсан Дэд бүтцийн яам нь боломжийн хэрээр мэдээлэл өгч яаж ийгээд хуулиа баталсан гэнэ. Ингээд Далай ашиглах тухай хуу­лийг баталсны дараа тэр үеийн Засгийн газрын 1999 оны 146 дугаар тогтоолоор Дэд бүтцийн яаманд харьяалуулахаар болжээ. Гэхдээ НҮБ-аас манай улсын далбааг гадаадын хөлөг онгоцонд ашиглуулах зөвшөөрөл аваад ийн­хүү далбаагаа ашиглуулсны төлөө мөнгө авдаг юм байна гэсэн анх­ны мэдэгдэхүүнтэй болж байв.

Түүнээс хойш тун удалгүй “Ц.Цэнгэлийн хүү Ц.Хангай дал­баа ашиглуулах компаниас их хэмжээний ам.доллар олж байна” гэх яриа гарах болсон. Үнэхээр ч тэр үед Ц.Цэнгэл Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилллаж байсан. Тэгээд ч Сингапурын  “Маритайм чайн” компанитай хамтран ажиллахаар судалж байсан гол хүн. Гэтэл энэ ажлын дараа хүү нь уг бизнесийг гардан хийхээр олон нийтийн хар­дах нь аргагүй юм. Харин  энэ талаар Ц.Цэнгэлээс УИХ-ын гишүүн бай­хад нь асуухад “Би хүүгээ хэл ам дагуулсан энэ ажлаасаа боль гээд л байгаа юм” хэмээж байсан  билээ. Мөн “далбаа ашиглуулж доллар олдог” гэх уг бизнест Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг сэрдэж байсан удаатай. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсныг ч хэлэх үү, Дэд бүтцийн яамны мэдлийн, дээр нь монголчуудын хувьд тийм ч сайн мэдэхгүй хэрнээ асар өндөр ашигтай бизнест дүүгээ багтаах нь алга урвуулахын дайтай амархан байсан биз ээ.

Ямартай ч далайн тээврийн талаар манайдаа л мэдлэгтэйд тоо­цогдох эх сурвалжуудын хувьд гадны компанид далбаагаа ашиглуулах нь “Далайд гарцгүй орнуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Барселоны тунхаглал, Далай ашиглалтын тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэж үздэг юм билээ. Гэвч Барселоны тунхаглал нь одоогоос бараг 100 орчим жилийн өмнөх тунхаглал. Харин Далай ашиглалтын тухай хуулийн тухайд мөн л өмнөх зууны өнгөрсөн түүх болчихоод байгааг анхаарууштай.

Дашрамд дурьдахад Сингапурын “Маритайм чайн” компани өмнө нь Камбож улсыг хар дансанд оруулж олон сая ам.долларын торгуульд оруулж байсан бараан түүхтэй учир мэргэжлийн хүмүүс болгоомжилдог юм билээ. Тэгээд ч Монголын далбаатай хөлгийн “хар” түүх арай л урт үргэлжлээд байх шиг. Тухайдбад Ирландад манай далбаатай хөлөг хууль бус цагаачдыг тээвэрлэх оролдлого хийж байгаад хориотой тээвэр хийсэн учир баривчлагдсан. ОХУ-ын далайн боомтоос 60 км-ын зайд живсэн. Шалтгаан нь “Да­лайд гарч болохгүй” гэх дохиог зөрчсөн төдийгүй  багийн 20 гаруй гишүүн бүгд хуурамч дипломтой, техникийн хяналтыг аль улсын ямар байгууллага хийсэн нь тодорхойгүй байсан гэнэ. Мөн үүнээс гадна халдлагад өртсөн гэдэг мэдээлэл гарч байсан ч асуудлын гогцоо нь тээвэрлэж явсан ачаа бараандаа байсан гэх таамаглал байдаг аж. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Малайз, Сингапурын хилийн орчимд Мьянмар, Шри Ланка иргэд голдуу зорчиж буй Монголын далбаатай хөлөг дээрмийн халдлагад өртсөн. Тэр үед Малайзын тэнгисийн хууль сахиулах газрынхан эрүүгийн тус­гай салаагаа илгээсэн ч дээрэмчид хэргийн газраас зугтсан тухай дэлхийн зарим хэвлэл мэдээллийн сайтад онцолсон байв. Ийнхүү Монголын далбаатай хөлгүүд, тэдгээрийн экипажийн ажилтнуудын эрх зүйн асуудал манай төрийн хараа хяналтаас гарчихаад байгаа жишээ дэндүү олон байна.

Түүнчлэн “гадаадын хөлөг онгоцонд төрийн далбаа ашиглуулсны төлбөр” хэмээн улсын төсөвт тушаадаг ам.долларын хэмжээнд асар хол зөрүү гардаг. Тэгэхээр яг үнэндээ хэдийг тушаадаг вэ гэдэг нь тодорхойгүй бай­гаа юм. Иймд энэ бүх хяналтгүй урсаж байсан “доллар” болон эмх замбараагүй эрх зүйн орчин, албан ёсны конвенци, сэжиг бүхий буюу “хар жагсаалтад орсон” гэх Монгол Улсын нэр хүндтэй холбоотой энэ асуудлыг цэгцлэх чухал хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болж байгаа бололтой. Учир нь дээрх асуудлыг цэгцлэх учиртай, асуудал эрхэлсэн яам нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам. Салбарын сайд нь хуульч хүн. Тиймээс энэ цаг үед одоогоос таван жилийн өмнө “The Washingtom Times” сонинд нийтлэгдэж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоцууд” шиг мэдээлэл дахин бүү дуулдаасай. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс хүртэл “Монголын тал нь тэнгисийн салбарт явуулж буй үйл ажиллагааг судлах бүс нутгийн төлөөлөгчтэй болох хэрэгтэй” хэмээн хэлж байсан удаатай.

Хэрэв төрийн хяналтгүйгээр Хойд Солонгос, Ливан, Сири, ОХУ гэхчлэн анхаарал татсан улс орнуудад Монголын далбаатай хөлөг онгоц зорчсоор асуудалд орсоор байвал нэг л өдөр Арбитрын шүүхийн өмнө очиж мэдэх юм. Нөгөөтэйгүүр далбаа түрээс­лүүлсний төлбөр гэж “Дайны эрсд­лийн даатгал”-ын асуудалтай эн тэн­цэхүйц “но” илэрч мэдэхээр байна.


 

У.Оргилмаа