Хилээр хар тамхи оруулахыг завдсан этгээдүүдийг саатууллаа
2016/12/01
Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэстэй хамтран 2016.11.18-ны өдөр Монгол Улсын иргэн А, Э нар нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна.
2016.11.23-ны өдөр Монгол Улсын иргэн Т нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс гэх бодисыг зарж борлуулах зорилгоор илгээмжийн газраар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тус тус илрүүлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 /192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. /188.2.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /
Дээрх этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн хийж байна.
Тэднийг эрүүгийн хуулийн 188, 192-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлд Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх талаар, 192 дугаар зүйлд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах тухай хуулчилсан байдаг.